БУЯНЫ НЬ ТОС УХААНЫХ НЬ СӨВИЙГ БӨГЛӨНӨ
Энэ “Арго багш” гэдэг хүн “би Ринчен багшийн шавь, Лу багшийн шавь” гээд ичих ч үгүй туугаад байх юм. Би бол бас ч гэж Арготой зэрэг шахуу их сургуулийн монгол хэл, уран зохиолын анги төгссөн ч үнэндээ Ринчен гуайн барааг ч хараагүй. Харин Лувсанжав багшийн шавь байсан гэж хэлэх бүрэн эрхтэй хүн. Би Лу багштай Арго нэртэй шавь уулзаж учир номы эрдмийн шавь байхыг амьдралдаа хараагүй.
Биднийг оюутан байхад Лу багш бидэнд Монгол хэлний үгийн сангийн хичээл заадаг байлаа. Багш маань хичээлээс голдуу жаахан хожигдож орж ирэх. Хожигддогийн гол шалтгаан нь маш их ажилтайд байсан юм билээ. Сүүлд нэг тэнхимд ажиллаад л багшийгаа богинохон цагт ямар их ажил бүтээж явдагийг нүдээрээ харж ойлгосон.
Харин орж ирсэн хойноо хичээлээ маш өвөрмөц заана. Тэрбээр ямар нэгэн ном, дэвтэр харахгүй. Ерөнхий нэг сэдвийн хүрээнд багтааж тал тал руу нь дэлгэрүүлэн ярьж маш сонирхолтой хичээлээ заадаг байсан юм. Манай ангийхан бүртгэж мүртгэж зовоохгүй ч хичээлд нь бүгдээрээ идэвхитэй оролцож хүлээж суух дуртай байсан. Багшид маань хүнийг татах сайхан арга олон байсан. Үүний хамгийн гол зүйл нь хэдий социализм комунизмын үе боловч хүний амьдралын эгэл үнэн зүйл ярьдаг байсанд оршино.
Тэгээд намайг МУИС төгссөн жил гадаад хэлний тэнхимд эрдэм шинжилгээний туслах ажилтнаар хамт ажиллахыг хүсч би гэдэг хүн тэр үеэс МУИС-ийн харьяат болсон түүхтэй. Харин би тэр үеийнхээ ойлголтоор хөдөөний паспорттай, бас хөдөө аймгийн сургуульд очиж ажиллах томилолттой байлаа. Тэр үед төгсөгчдийг заавал хөдөө явуулдаг байсан болохоор хөдөөний томилолттой би МУИС-д үлдэх гэж багшийгаа хоёр сар зовоосон юм. Гэвч би тушаалгүй, цалин мөнгөгүй ч хий гэсэн юмыг нь хичээнгүйлэн хийж, МУИС-ийн багш болно доо гэсэн сэтгэлээр өөрийгөө тэжээж зүтгэсээр л байлаа.
Харин нэг өдөр багш минь надтай хамт МУИС-ийн тэр үеийн боловсон хүчин асан Мөнхөө гэдэг хүний өрөөнд очиж миний нүдэн дээр намайг өмөөрөн хэрэлдэж, эгээтэй л барилцаж авалгүй, бөөн юм болж хотын захиргаанд бичиг явуулж, хотын харьяат гэсэн тэмдэг даруулахаар болж билээ. Багш маань номын хүн болохоор захиргааны ажлын хүнд суртал, тэр хүний яагаад саад хийгээд байсны учрыг сайн мэдэхгүй, ойлгохгүйн дээр номын ажилд нь саад тээр болсонд хүнд тэгэж уурласан хэрэг байх. Тэр үед ямар одоогийнх шиг гар харна, юм авна, үнэлгээ мөнгө төдөн сая гэж байсан биш бодвол бас л нэг болохгүй учир шалтгаан байгаад түдгэлзүүлж байсан байх гэж боддог юм.
Тэгээд багшийг 1989 онд одоо миний ажиллаж байгаа Японы Токиогийн гадаад судлалын их сургуульд зочин профессороор явтал нь бид хоёр өдөр шөнөгүй, зундаа зугаалалгүй, намартаа найргүй, өвөлдөө өнжилгүй, хавартаа хайр найргүй хамт ажиллаж байлаа даа. Залуу ч байж, эрч хүчтэй ч байж, ядрахыг мэдэхгүй суудаг сан. Ямар сайндаа манай эхнэр шинэ киноны билет аваад ирэхэд нь багш маань “бид хоёр ажилтай байна аа, цаанаасаа нэг хүн олоод явчих” гэж хэлж насны гомдол болж байх билээ дээ.
Бидний ажилладаг гол салбар бол толь бичиг байсан. Тэгээд ч би толь бичиг хийх дуртай болсон байж магад. Уг нь толь бичиг хийнэ гэдэг дэндүү хар ажилтай тамын эд л дээ. Гэхдээ хийгээд бүтээгээд, арга дамыг нь аваад ирэхээр урамтай сайхан. Бид Манж-Монгол, Орос-Монгол, Монгол-Орос, Монгол-Франц, Монгол бичгийн хадмал толь гээд төрөл бүрийн толь бичиг, сурах бичиг, ярианы дэвтэр дээр ажилласан. Тэр үед одоогийнх шиг компьютер энэ тэр гэж байх биш тэнхимд байсан монгол кирил, латин, монгол бичиг, манж бичгийн гээд бүх төрлийн бичгийн машин, хортой цаасаар хувилах машин дээр ажиллаж сурч билээ. Тэндээс надад асар их мэдлэг, дадлага, туршлага, сургамж, хийж бүтээхийн урам зориг ирсэн.
Багшийг гэртээ өнжих өдөр түүний долоон буудалд байх номын гэрт очиж мөн их суудаг байлаа. Багш маань үнэхээрийн их ажилсаг хөдөлмөрч хүн байсан юм. Гэртээ номоо хийж сууж байгаад л гэнэт босож яндангаа сугалж аваад чулуу хийж өөрөө хөөлж гарна шүү дээ. Номын хүн их удаан суух муу, босож хөдлөж дасгал хийж байх хэрэгтэй гэж их ярина. Багшийг хүүхэд байхаасаа хөдөлмөрч байсан тухай нэг ангийн найз Монгол Улсын хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж агсан нэгэнтээ, “Лувсанжав тэр үед гайхам ойтой, ярьдаг бүх хичээлийг үгүүлбэрийн гишүүний нь байрыг солилгүй цээжилдэг байсан агаад эрдэмтэн болоогүй бол улаан орхимжитыг урдуураа алхуулахгүй уншлагатай лам болох байсан юм. Ой сайтайгаас гадна залхуурлыг эрт огоорсны хүчинд хожим тэрбээр их номын хүн болсныг би мэднэ” хэмээн “Улаан гэрийн хоригдол”-доо дурссан байдаг. Харин багш маань найздаа, “-Найз нь уйгагүй зүтгэсний хүчинд шинжлэх ухааны захад дөхлөө. Цаана нь гарна гэж байхгүй. Жаахан ахих арга юу байгаа бол. Хамгийн гол нь хүн хором зуур алгуурлалгүй, хичээж, өөрийг уруу татаж назгайрахгүй байх ёстойг ухаарч байна. Залхуурвал завагт хүрэх байтугай, амандаа ч хүрэхгүй. Бидэнд залхуу шиг аюултай дайсан юу байна” гэж хуучилсан байдаг юм.
Хааяа багшийг гадаад, дотоодод явах зуур орлож хичээлийг нь заана, семинарыг нь удирдана. Багшийгаа дагаж тэр үеийн албан байгууллага, яам тамгын газруудад хийх сонин уншлага гээчид их явна. Намайг олон удаа хамт дагуулж явдагсан. Сонин уншлага бүхэн сонин сайхан болох. Миний харснаар хүмүүс ёстой гэгээрээд, нэг юм ойлгоод гардаг байсансан. Эрдэм номыг залхууралгүй сайн сурч, гадаад хэлэнд багаасаа шамдахыг их уриална. Нэг удаагийн уншлага дээр боломжтой айлын эрдэм ном сурдаггүй тэнэг хүүхдүүдийн тухай багш ярьж байхдаа “Буяных нь тос ухааных нь сүвийг бөглөсөн нь тэр” гэж ёстой нэг сайхан онож дүгнэж билээ. Нээрээ л одоо ч гэсэн мөнгөтэй, юмтай айлын ухаан муутай, тэнэг бацаануудыг харахаар багшийн маань хэлсэн үгээр “ буяных нь тос ухааны нь сөвийг бөглөж” дээ л гэж бодогддог юм. Одоо ингээд харж байхад манай шинэ баячууд сүүлийн арваас хорин жил нүдэндээ мөнгө, гоё машин, олон өрөө байшин, том газар хараад давхиад байсан, давхиад байсан нэг харсан чинь хүү, охин нь 20 нас хүрчихсэн тэнэг амьтан болчихсон байхыг анзаараагүй хүн олон байх шиг байгаа юм. Маш харамсалтай. Одоо эргээд нөгөө ухааных нь сөв бөглөрсөн хүүхдүүд нь ирээд толгойтой хүүхдийн дээр суухаар болж байх шиг байна. Энэ бол нийгэмд шударга юм гэж үгүй болсон, бүхнийг өнгө мөнгө хоёроор шийддэг болсонтой холбоотой гэж бодном. Өөрөөсөө тасарсан үр хүүхдээ хүмүүжүүлж боловсруулж чадаагүй бол өчнөөн мөнгө хураагаад яах ч юм билээ. Үйлээ эдлээд үхэхийн цагт мөнгөө тэврээд үхэх биш дээ, хайр чинь дэндүү их тосоор бялхвал үрийн чинь ухааныг харанхуй болгоно шүү гэж олон эцэг эхэд хэлмээр санагддагаа багшийнхаа энэ үгээр дамжуулан хүргэе. Монголын багш нарын баярын энэ өдөр эрдэмт номын багшаа дурсан өчүүхэн дурсамж тэмдэглэснээ олноо хүргэх далим энэ буюу.
Ж.Ирээдүй, Токио, 2011.01.22
URL: