Шоудсан Засгийн газрыг “шоглохоор” шийджээ

Тэмцлээ үргэлжлүүлэхээр шийдсэн хадгаламж зээлийн хоршооны хохирогчид мэдэгдэл гаргажээ. Тэд хохирлоо бүрэн барагдуулах хүсэлтэй байгаа аж. Хохирогчид “Монгол Улсын ард түмэн 1990 оноос хүний эрх, эрх чөлөө, ардчилал, шударга өсыг дээдэлсэн хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн цогцлоон хөгжүүлэх замыг сонгосон билээ. Гэтэл өнөөдөр нийгмийн баялагийн гэгш бус хуваарилалт газар авч, албан тушаалаа ашиглан зүй бусаар хөлжигсөд төрийн түшээ, түшмэдүүдийн дураар дургих эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах нь хэрээс хэтэрлээ.

Энэ бурангуй нийгмийн амьд жишээ болсон Хадгаламж зээлийн хоршооны хохиргогчид, “МИ-8″-ын хэрэг, Хонгор сумын иргэд, “ВАКО” орон сууц захиалагчид, “САПУ” Багануурын архины хордлогынхон, долдугаар сарын 1-ний хохирогчдын хэргүүд гарч олон мянган иргэдийн амьдрал сүйрч эрүүл мэнд, амь нас, эдийн засгаараа хохирч хууль, хүний эрх шударга ёс урьд хожид байгаагүйгээр хөсөрдөж үндэсний эрх ашиг, улс орны хөгжил төр, засгийн нэр хүнд ноцтойгоор унаж байсныг бид мартаагүй ээ.

Энэ хэргүүдийн шийдвэрлэх явц хэт удааширсаны улмаас иргэдийн төр, засагтаа итгэх итгэл алдарч, хохирч шаналсан иргэдийн хохирол өдөр, хоногоор нэмэгдсээр хоёр засгийн нүүр үзэж байна. Монголын ард түмэн бид уух ус, амьсгалах агаар, гишгэх газар, өмч хөрөнгө, сонгох сонгогдох эрх, амь нас, алдаж болох бүх зүйлээ алдсаар байна. Газрын наймаа хэрээс хэтэрч, гэр хорооллын ард иргэдэд ардчиллаас оногдсон ганц өмч хөрөнгө болох газрыг нь луйвардаж түрэмгийлэн авах боллоо.

Хотын төвийн орон сууцны кв.м нь 1000-2500 ам.доллар байхад хотын төвийн иргэдийн газрын болохоор 100 мянгаар үнэлдэг нь төрийн нэрийг барьсан дээрэм биш үү. 2008 оны сонгуулиас өмнө эрх баригчид бүх 26 хоршоодын битүүмжилсэн хөрөнгө 43 тэрбумын хөдлөх үл хөдпөх хөрөнгө 10 гаруй тэрбумын зээлдэгч, 20 гаруй газар таван лицензийг цагдаагийн битүүмжлэлд авч, хохиргогчдын хохирлыг бүрэн барагдуулна гэж Засгийн газар шоудаж байсан.

Гэтэл одоо цагдаагийн битүүмжлэлд 1.6 тэрбумын үнэлгээтэй 25 мянга гаруй иргэдийн хөрөнгийг цагдаа хулгайлсан. Шүүх дээр өнгөтэй үнэтэй хөрөнгүүдийг битүүмжлэлээс чөлөөлсөн ШШГГазар нь дуудлага худалдааны хуулиа зөрчиж 15-16 дуудаж үнэ бүхий хөрөнгүүдийг анхны үнээс 2-3 дахин хямд танил талдаа худалдсаныг олон баримтаар нотолно” хэмээжээ.

Мөн “Баян-Өндөр ХЗХ-ны 25 дугаар эмийн сангийн урд талын “Пелснер” төвийг олимпийн аваргуудад хямдаар зарсан, “Гэр хороолол” ХЗХ-ны” Россия” рестораныг ШШГГ-ын төлбөр барагдуулах ажлын хэсгийн дарга Н.Очирбат найздаа дуудлага худалдаа хийхгүйгээр 360.000.000 төгрөгөөр зарсан” болохыг онцолжээ.

Цаашлаад “Таван ашигт малтмалын лицензийг шинэчилсэн бүртгэл хийнэ гээд Кадастрын газар луйвардсан. Тэрч байтугай Нийслэлийн газрын алба дуудлага худалдаа хийлгүй захирамж гаргаж хоршооны битүүмжилсэн хөрөнгө Баянзүрх дүүргийн араваас илүү га .газрыг хууль бусаар эрх мэдлээ ашиглаж, “Улаанбаатар Газ” компанид эзэмшүүлэн ашиглах шийдвэр гаргаж эрх мэдлээ урвуулан ашиглаж ноцтой гэмт хэрэг үйлдсэн” гэжээ.

Дашрамд өгүүлэхэд, хадгаламж зээлийн хоршоодыг хохирогчид удахгүй суулт хийхээр төлөвлөөд буй юм.

Б.Чанцал
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих