Гуравхан сарын настай авто зам барьжээ

Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Алтай-Баянхонгор чиглэлд барьж байгаа 128 км хатуу хучилттай авто зам болон Тайшир сумын 222 метр бетон гүүрийн ашиглалтын байдалд шалгалт хийсэн байна. Энэ үеэр өнгөрсөн онд хийсэн 25 км хатуу хучилттай авто замын хучилтын 42 хэсэгт 275 ам.метр талбайтай цууралт үүссэн, авто замын суурьт 20 см зузаантай буталсан чулуу ашиглахаар заасан ч байгалийн элс, хайрганы хольц лабораторийн шинжилгээнд хамруулж орцын норм тогтоолгоогүй шууд ашигласан зөрчил илэрчээ.

Мөн Тайширын голын ус ихэсч, төмөр бетон гүүрийн дам нуруунд тулж гүүрийн ашиглалтад муугаар нөлөөлөхөөр болсон зэрэг зөрчлийг тогтоожээ. Асфальто бетон хучилттай авто замын баталгаат хугацаа гурван жил боловч гуравхан сарын дараа эвдрэл их хэмжээгээр үүссэн нь авто замын ажилд тавих захиалагчийн хяналтыг муу хийсэн. Хучилтыг хүйтний улиралд технологи зөрчиж хийсэн, чанаргүй материал ашигласан зэргээс үүдэлтэй байна.
Дээрх чиглэлийн хатуу хучилттай авто замын хучилт хийсэн 25 км замын хучилтыг хуулж, гүйцэтгэгч “Шин Жиан Шин-Фа” ХХКаар дахин хийлгэх, суурийн чанарыг сайжруулах, улсын төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, авто замд тавих захиалагчийн хяналтыг сайжруулахаар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргаж захиалагч байгууллага Авто замын газар, МХЕГ-т хүргүүлсэн аж.

Ж.Сүх

Эх сурвалж: “Unen.mn”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих