Шударга ёс гэж байдаг л бол Монголын ард түмэн олигархиудаасаа салж л таарна
Нам дамнасан улс төр бизнесийн бүлэглэлүүдийн хар гайнаас болж монгол үндэстэн элгээрээ хэвтэж, эх орондоо сайн сайхан амьдрах ямар ч бололцоогүй боллоо. Эх орныхоо өнгөтэй өөдтэй бүхнийг ханаж цадахыг үл мэдэн сорон мөлжих олигархиуд бол Монгол орны хорт хавдар, ДОХ-ын вирус. Хэрэв энэхүү хорт хавдар, ДОХ-ын вирус болсон олигархиудыг эртхэн дарж авахгүй бол монгол үндэстэн бүхэлдээ өвчиндөө баригдаж туйлдан унах болно. Монголын тухай зөвхөн түүхийн баримт төдий зүйл л үлдэж, олигархиудаасаа бол монгол мөхсөн юм гэсэн түүх л үлдэнэ. Өнөөдрийн нам дамнасан олигархийн бүлэглэлүүд ирэх сонгуулиар ялна, дахин дөрвөн жил монголын бүхий л баялгийг хаман залгина хэмээн шүлсээ залгин байна. Хэрэв шударга ёс гэж байдаг л юм бол, шударга ёс ялдаг л юм бол Монголын ард түмэн олигархиудаасаа салж л таарна.
Олигархиуд зүгээр гараа өргөн Монголчууд бууж өгч, 22 жилийн турш хулгайлж өгсөн бүгдээ өгөхгүй нь тодорхой. Тэдгээр олигархиудын ард гадны хүмүүс бий. Тэд олигархиудад зөвлөнө. Тэд монголын төрд шургалуулсан, өөрсдийнх нь гар хөл болсон нам дамнасан бүлгүүдээр дамжуулан монголыг аль болох сул байлгах, нураах, үр ашиггүй, түр зуурын чиглэл рүү бодлого хөтөлбөрийг эргүүлэх эрмэлзлэлтэй. Хамгийн харамсалтай нь стратегийн хувьд олигархи бүлэглэл, нам дамнасан этгээдүүдийн тусламжтайгаар,төрийн эрх мэдэлтнүүдийг шахах, нөлөөлөх замаар үндэсний эрх ашгийн эсрэг, хувийн сонирхлыг голлосон хорлонтой үйл ажиллагаа явуулсаар байна. Өнөөдөр Монгол улсыг үндэсний эрх ашиг бус Үндэстэн дамнасан корпорациудын шунал залж, тэдэнтэй хуйвалдсан Монгол олигархиудын шунал мөн чиглүүлж байна. Африк, Латин Америкийн орнууд дээр туршсан баялгийг нь сорох, цөлмөх технологи монголд яг ёсоороо давтагдаж, хэрэгжиж байна. Үүнийгээ л тэд Баялгийн хараал гэж нэрлэж байгаа юм.
Үндэстэн дамнасан хөрөнгө мөнгөтэй корпорациуд ядуу орны байгалийн баялагт хүрэхийн тул их хэмжээний зээл өгч, “та нар хөгжлийн гараан дээр байна, үсрэнгүй хөгжих гээд байна шүү” гэсэн уриа лоозон хашгирдаг. “Маш их орлого олж, хага баяжих” гээд байна гэсэн хүлээлт, тэчъяадал үүсгээд, яар ч байгаа сэтгэлийг нь өндөр хүүтэй зээлээр номхотгон, тайвшруулдаг. Тэгээд байгалийн баялгаас олох орлогыг өөрсөдөд нь найр тавих цөөнхийн хяналтанд байлгахын тулдулс төрд нь хуруугаа дүрж, мөнгөөр дамжуулан сонгуульд нь нөлөөлдөг. Эдийн засгийг нь далдуур удирдаж, хүн амын олонхийг байгалийн баялгийн өчүүхэн хэсгээр урамшуулан хишиг, өглөг горьдож амьдрах хэв маягт дасгана. Ийм л аргыг өнөөдөр монголд хэрэглэж байна. Үүнийг гардан хэрэгжүүлж байгаа хүмүүс бол тэдний гар хөлж, уяаны нохой болсон монгол олигархиуд. Тэд уул нь Монгол хүн. Гэхдээ тэд эх орноосоо урвасан, Монгол үндэстнийхээ эсрэг гэмт хэрэг хийсэн.
Шударга ёс гэж байдаг юм бол манай нам ялна гээд олигархийн бүлэглэлүүд ард түмний тархийг угааж, мөрөөдөцгөөж байна. Өөрөө олигархи байж, олигархиа устгана, сална ч гэх шиг солиотой ч юм шиг сонин юм ярьцгааж байна. Амиа хорлох гээд байгаа юм уу бүү мэд. Иймэрхүү аргаар ард түмнийг хуурч оноо авах гэж байгаа юм уу эсвэл амиа аврахийг оролдож байгаа юмуу. Олигархи бүр мөнгө төгрөг тараан хурал, хуралдай хийж ард түмнийг хуваан, талцуулж байна.
Ирэх сонгуулиар ард түмэн ялах болно. Шударга ёс гэж байдаг л юм бол ард түмэн олигархиудаасаа салах болно. Олигархиудаасаа сонгуулиар салснаа хүн төрөлхтөнд зарлан тунхаглах болно.
Б.Гансүх
URL: