Ижийгээ эрээвэр хураавар тоглолтын тасалбараар хуурах гэнэ

Эмэгтэйчүүдийн баяр дөхөөд ижийгээ нэг баярлуулчих санаатай. Хаврын эхэн сард хаанаасаа ч шүүдрийн ус хайх вэ. Хаа сайгүй байдаг үнэт эдлэл, ноос ноолуур бариад зогсож байлтай биш гэж бодогдоод байх. Үргэлж санааг нь зовоож байдгаа бодоод сэтгэлийг нь баясгачих санаатай үзвэр үзүүлэхээр шийдлээ.

Шинэ соргог, сайхан уран бүтээлийн тоглолтын зар харлаа. Харах ч юу байх вэ. Телевизүүдийн суваг солихоор үнэндээ тоглолтын рекламны завсраар л мэдээ, нэвтрүүлэг, кино үзэх шиг боллоо. Байна аа, байна тоглолтууд.
Олон улсын эмэгтэй­чүүдийн баярт л гэнэ, ээждээ хайртай бол дагуулаад ир л гэж байна. Бөхийн өргөө, “Улаанбаатар палас”, Үйлд­вэрчний эвлэлийн соё­лын төв, Соёлын төв өргөө, “АСА” цирк, ДБЭТ, Улсын филармони, Тусгаар тогтнолын ордон, арай л Төрийн ордонд тоглолтын зар алга. Тоглолт зохион байгуулж болох бүх л байгууллага Мартын долоон, найманд ачаалал ихтэй байх нь ээ.
Ядахад манай дуучдын уран бүтээлийн онгод баяр дөхөөд ирэхээр хөглөгдөж, менежмент нь хөгждөг болохоор сонголтоо л хийх үлджээ.
МУГЖ С.Жавхлан, МУСТА Э.Оюумаа, МУСТА Ж.Уранчимэг нар бие даасан тололтоо хийх юм байна. Гэтэл нөгөө гавьяат С.Жавхлан чинь тоглолтоо “Галаа манасан монгол бүсгүй” гэж нэрлэжээ. Гал манаагүй орон сууцанд амьдардаг бол яах ёстой юм бол гэсэн хэгжүүн бодол төрөөд болилоо. Ахиад дээр нь “Төрөөс өгч чадаагүйг би өгнө. Ээжүүдэд нэг сая төгрөг өгнө” гэсэн байх юм. Үнэхээр ээжүүдэд зориулж сэтгэлийн өргөл барьж байгаа юм бол улстөржихийн хэрэг юу байсан юм бэ. Уяхан сэтгэлтэй ээжүүд, эмээ нараар минь тоглох нь гэж санагдаад бас л болсонгүй.
МУСТА Э.Оюумаа “Амрагхан чамдаа” гэдэг тоглолт бие даан хийх юм байна. Ижийдээ үзүүлэх гэхээр хайрын дуучийн тололт болохоор бас л зүрхшээгээд татгалзахаар шийдлээ.
“Бид ээждээ хайртай” гэдэг тоглолтоор “Нюанс” хамтлагийнхан бэлэг барина л гэнэ. Тэгээд “Нюанс”-ынхан ээждээ хайртай, би хайргүйдээ тэднээс суралцахын тулд тоглолтыг нь үзүүлэх гэж байгаа мэт санагдаад бас л дургүй хүрчихлээ. Эцэст нь нийтийн дуучдын хамтарсан “Миний ээж хөөрхөн” гэдэг тоглолт болох гэж байгаа зарыг харлаа. Энэ сарын есөнд болохоор төлөвлөгдсөнийг нь бодоход наймны өдөр сул тайз олдоогүй байж таарах нь.
Гэхдээ тэр хөөрхөн ээжтэй дуучдыг харсан чинь дандаа “танил” байх юм. Гурав дахь жилдээ болж байгаа “Миний ээж хөөрхөн” тоглолтод МУГЖ Н.Чулуунхүү, Б.Болормаа, МУСТА, дуучин Л.Болдбаатар, Л.Банзрагч, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Э.Төрмандах, ардын дууч Д.Бурмаа, болон залуу дуучин П.Идэржавхлан, Т.Эрдэнэбаяр, Э.Энх-Эрдэнэ нар оролцож, ая дуугаа өргөх юм гэнэ. Тэднийг нийтийн дууны мастерууд гэж ирээд л рекламдаж байна аа. Гэхдээ реклам нь дуусангуут хэн хэн ямар дуу дуулах гэж байгаа нь чихэнд шууд л цуурайтах шиг боллоо.
МУГЖ Н.Чулуунхүү бол “Ээжийн бор аяга”-аа уянгалуулна. МУГЖ Б.Болормаа “Ээжээс ерөөл хүсэх дуу”-гаа лав дуул­на.  Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа хит болж байгаа “Сэтгэлийн булаг”-аа дуулах биз.  Э.Төрмандах “Зүүдний шувуу шиг бүсгүй”-гээ, П.Идэржавхлан “Ижийн энтэй эгч”, Э.Энх-Эрдэнэ “Хайрласанд минь уучлаарай” гэдэг сүлд нь болсон ганц ганц дуугаа дуулаад л өнгөрөх байх даа гэсэн хармын сэтгэл төрөөд хачин их бухимдлаа.
Уг нь би ижийгээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг  хамгаалах  өдрийг    то­хиолдуулан баярлуулъя гэж бодсоноос сар шинийн үеэр телевизүүдээр гарсан уран бүтээлийн тайлан тоглолт үзүүлье гэж санаагүй юмсан гэсэн гомдлын сэтгэл төрөөд үлдлээ.
Дахиад өөр тоглолтууд байна гэнэ, цаана нь. Муу ижийгээ баярлуулахын са­цуу Тусгаар тогтнолын ор­дон хэмээх шинэ байшинд зочлуулчихъя гэсэн бодол зурсхийлээ. Яах вэ, завгүй хүн нэг сумаар хоёр туулай буудчихдаг юм бил үү л гэж.
“Color Music” продакшны уран бүтээлчид “Хатан аялгуу” хэмээх тоглолт зохион байгуулах юм байна. Түүнд нь МУГЖ Г.Батбаяр, А.Мөнхбат, П.Идэржавхлан, МУСТА Д.Намсрайноров, Б.Буянжаргал, дуучин Т.Эрдэнэбаяр, Э.Төрмандах, А.Хосбаяр, Ч.Алтантүлхүүр, Б.Оюунбат, Р.Бадралмаа болон “Asion Shop” хамтлаг, “Voice” хамтлаг оролцож, ая дуугаа өргөнө гэнэ.
Ёстой нэг алмайрч гайхаад барсангүй. “Миний ээж хөөрхөн” тоглолтод дуулах ёстой уран бүтээлчдийн нэр ч бас энд тууж явна. Тэгэнгүүт хэн нэгний нэрийг барьж тоглолтын сурталчилгаа хийдэг менежмент эхийгээ баярлуулах гэсэн мань мэтийн халаасыг тэмтрэхээр шийдэж дээ гэсэн бодол л төрлөө.
За, яах вэ. Ээжийнхээ сэтгэлийг бодоод үзүүлнэ дээ гээд тасалбарыг нь за­хиалахаар шийдлээ. Гэтэл ээж маань утастаад “Мартын наймнаар гэр бүлээрээ ирээ­рэй халуун бүлээрээ хамт байя” гэдэг байгаа. Тоглолт үзүүлэх тухайгаа хэлэхэд “Ач зээ нар маань зохиолын дууг бүгдээрээ мэддэг юм билээ. Хүүхдүүд маань гэрт ирээд дуулаад өгчихөг” гэдэг байгаа. Ингээд миний ээжийгээ тоглолт үзүүлэх баярлуулж, нийтийн дуучдад орлого оруулах санаа талаар болов оо.

“Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих