Хурандаа ямар учраас гэрчийг зарлах болов

Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа өдөр тутмын сонинд ярилцлага өгөхдөө “Долдугаар сарын 1″нд холбогдох хэргийн гэрчийг олон нийтэд зарлалаа. Гэрчийг урьд нь хаана байсан, одоо хаана ажиллаж байгааг нь зааж өглөө. Онц ноцтой хэргийн гэрч ил болсноор амь насанд нь аюул учрах эрсдэл бий болдог. Тэр утгаараа гэрчийг хамгийн нууц байлгах ёстой гэж хуулийнхан үздэг билээ. Гэтэл хуулиа мэддэг цагдаагийн хурандаа ямар учраас гэрчийг зарлах болов. Эсвэл нэг их сүртэй гэрч биш гэж үзсэн ч байж мэдэх. “Долдугаар сарын 1″ний үймээний үеэр цагдаагийнхан хэрхэн ажилласан талаар тэмдэглэл хөтөлсөн гэх “Хар дэвтэр”ийн эзэн юу ярьж байсныг эргэн сануулъя.

ЦАГДАА ЯАГААД ДАРГА НАРЫНХАА ЭСРЭГ МЭДҮҮЛЭГ ӨГӨВ

“Хар дэвтэр” хөтөлсөн гэх цагдаагийн ээж манай сонинд дэлгэрэнгүй ярилцлага өгч байлаа. Цагдаагийн ээжийн бидэнд үзүүлсэн зузаан дэвтэрт тухайн үед болсон үйл явдлуудыг он, сартай нь биччихсэн байсан. Тэмдэглэл хөтөлсөн шалтгаанаа “Болж өнгөрсөн зүйлээ мартахгүйн тулд яагаад тэмдэглэл хөтөлж болохгүй гэж. Болсон зүйлийг болоогүй мэтээр ярьчихдаг бусармаг хүмүүсийн эсрэг хэлэх үгтэй, хийх ажилтай байх ёстой. Энэ тэмдэглэлээ хөтлөөгүй бол миний хүү хэрэгт орчих ч байсан юм билүү. Ийм итгэл, найдваргүй хамт олны дунд байсан хүн юунд ч өртөж магадгүй. Тиймээс ч тэмдэглэл хөтөлсөн. Ингэлээ гээд айгаад байх асуудалгүй” гэж ярьсан.

Өөрөөр хэлбэл, тухайн үед ээж нь хүүгийнхээ ярьсан зүйлийг тэмдэглэл болгон бичдэг байсан аж. Харин тэр дэвтэр ямар учраас хурандаа нарын холбогдсон хэрэгт нотлох баримт болсон бэ. Цагдаагийн ээжийн ярьснаар болон тэмдэглэлд дурдсанаар Эргүүл хамгаалалтын газрын дэд дарга, дэд хурандаа Ш.Мягмаржав цагдаа нартаа “Бүгдээрээ үнэнийг хэлье. Ш.Батсүх, Ч.Амарболдтой уулзахаар явсан. Бүгдээрээ байлдааны сум тавьж өгсөн, түүгээр нь буудсан гэдгээ өөрсдөө хэлье” гэж хэлсэн гэдэг. Үүнээс болж хэд, хэдэн цагдаа галт зэвсэг хэрэглэсэн тухайгаа мэдүүлснийг цагдаагийн ээж ярьсан. Харин галт зэвсэг хэрэглэсэн тухай гэрчийн мэдүүлэг өгсөн цагдаа нарыг удирдлагууд нь дарамталсан гэдгийг ч бас хэлсэн. Ш.Батсүх хурандаа удирдлага доороо ажиллаж байсан гэрч цагдааг дарамталснаас гадна цагдаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохыг шаардаж өлсгөлөн зарла, тэмц гэж тулгасан гэдэг. Үүнийг нь биелүүлээгүйнх нь төлөө нэг ажлаас, нөгөө рүү шилжүүлж, зургаан сарын турш цалингүй байлгасан тухай ээж нь ярьсан билээ. Тэр тухай “Маш их дарамттай байсан. Дарамттай байгааг нь ээжийн хувьд хараад л мэдэж байсан. Ганц сэтгэл санаагаар нь ч биш эдийн засгийн хувьд ч дарга нар нь дарамт үзүүлсэн. Зургаан сар цалингүй байна гэдэг том дарамт биз дээ. Бүр Эргүүл хамгаалалтын газраас өөр цагдаагийн хэлтэс рүү шилжүүлж ч үзсэн. Тэгж байгаад ажлаас нь халчихсан” гэж ярьж байлаа.

Ээж хүү хоёр тэмдэглэл бичсэн дэвтрээ Х.Тэмүүжин гишүүнд үзүүлэхээс өмнө УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд өгсөн гэдэг. Харин хүүг нь дарамтлаад байхаар Х.Тэмүүжин гишүүнээс тусламж хүсч, холбогдсон байдаг.

Ш.Батсүх хурандаа гэрчийг үймээний үеэр үүргээ биелүүлээгүй, сугарч үлдсэн тухай ярьсан. Харин гэрч өөрөө үймээний үеэр галын шугамд ажиллаад хөмсгөө зад цохиулж байсан. Галын шугамд ажилласан гэдэг утгаараа УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд мэдүүлэг өгч байснаа ярьсан билээ.

7-1“ХАР ДЭВТЭР”-Т ЮУ ДУРДАГДСАН БЭ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын зарим хэсгийг Х.Тэмүүжин гишүүн олон нийтэд дэлгэсэн. Олон нийтэд ил болсон баримтуудыг нэгтгэвэл, тухайн үед Эргүүл хамгаалалтын газрын даргаар цагдаагийн хурандаа Ш.Батсүх, дэд даргаар цагдаагийн хурандаа Ш.Мягмаржав, хамгаалалтын тусгай тасгийн даргаар Ү.Даржаа нар ажиллаж байсан. Хичнээн нууц шүү гэсэн даалгавар авсан ч цагдаа нар хэн мэргэн бууч болохыг, ямар байснаа хоорондоо ярилцсан гэдэг. Тухайлбал, Ү.Даржааг хүн буудахыг дэд ахлагч Батцэрэн харсан, ахлах ахлагч Мандах, дэд хурандаа Ш.Мягмаржавтай явж байхдаа нэг залуугийн хөлийг буудсан. Ангийн захирагч Ш.Батсүхийг нэг хүүхдийн хэвлийд буудахыг хараад Жавхаа гэх цагдаа бахархаж байжээ. Тус тасгийн зэвсгийн мастер ахлах ахлагч Батдорж зэвсэг тарааснаараа буруудах юм байна гэж шаналҗ байсан тухай ч тэмдэглэлд байсан. VI тасгийнхан дунд анхнаасаа үнэнээ хэлээд явъя гэх хүн ч байсан гэнэ.

Ингээд онц байдлын дөрөв дэх хоног буюу долдугаар сарын 4-ний өглөө дэд ахлагч Ганбаатар “Буудсан сумнуудаа түүгээд авчихсан байна” гэсэн бол өдөр нь тасгийн дарга дэд хурандаа Ү.Даржаа хүн бүрт таван ширхэг сургуулийн сумны хонгио өгч үймээн гарсан газарт тараахыг даалгасан. Үймээний үеэр тусгай зургадугаар тасгийн ахлах ахлагч Гансүх, Мөнхбаяр, Батдорж, дэд ахлагч Ганбаатар нар буутай байсан хэрнээ сургуулийн сум хэрэглэсэн гэдэг дээр ам нийлүүлэхээр болсон аж.

Ингэхдээ тэд “Хар машинтай хүн өөдөөс буудсан” гэж хэлэхээр тохиролцжээ. Нэг нь үлдсэн сумыг тоолж аваагүй байгаа шүү дээ гэхэд Ш.Батсүх “Бүгдийг нь дээшээ шүршчихсэн гэж хэлэхгүй юү” гэж зандарсан гэх. 2008 оны долдугаар сарын 4-ний үдэш Я.Хорлоорембүчи цагдаа нар руу утасдаж сургуулийн сум авсан гэх баримт дээр гарын үсэг зурчихаад, харьж амар гэсэн байна. Ингээд цагдаа нар 20, 20 сум авсан гэж гарын үсэг зурсан тухай тэмдэглэлдээ бичжээ.

Үүнээс гадна 2008 оны наймдугаар сарын 18-нд дэд хурандаа Ш.Мягмаржав, ангийн захирагч Ш.Батсүх нар цагдаа нараа дуудаж “Та нар хоригдож байцаагдана. Өөрсдөдөө эргэлзэж байгаа хүн байвал хэлээрэй. Бууг чинь янзалж өгнө” гэснийг ч ээж, хүү хоёр тэмдэглэлдээ бичсэн байдаг.

Тэмдэглэлд 2008 оны наймдугаар сарын 22-нд дэд хурандаа Ш.Мягмаржав долоон цагдаагаар Эргүүл хамгаалалтын газрын бие засах өрөөний суултуур авахуулж гурван метр орчим нүх ухуулжээ. Нүхэндээ нэлээд зузаан труба суулгуулж буудлага хийлгэж, долдугаар сарын 1-нд хэрэглэсэн бууныхаа цохилуурыг өөрчилсөн гэнэ. Тодруулбал, Ганболд, Батболд, Төмөрбаатар, Ганбаатар, Мандах, Мөнхтулга, Ш.Батсүх даргын хамаатан нэг цагдаа нийлээд долоон хүн нүх ухаж, бууны цохилуур өөрчилсөн. Ингээд Мөнхтулга нөгөө трубагаа Гачууртад аваачиж хаяхаар явсан гэнэ.

Үүнээс тав хоногийн дараа Ш.Мягмаржав дээрх цагдаа нарт “Төмөрхуяг (Ш.Батсүх хурандаагийн зарлаад буй гэрч) ганцаараа галт зэвсэг хэрэглэснээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байна. Бусад нь тийм мэдүүлэг өгөөгүй шүү” гэж анхааруулж байсныг тэмдэглэлд дурдсан.

“ХАР ДЭВТЭР” ХУРАНДАА НАРЫГ ЯЛЛАХ ГОЛ БАРИМТ БОЛСОН УУ?

Х.Тэмүүжин гишүүн “Хар дэвтэр” дэх зарим баримтыг дэлгэсний дараа Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэл хийж байсан. Тэгэхдээ цагдаа нарыг галт зэвсэг хэрэглэснийг нотлох цөөнгүй гэрч байгаа. Олон цагдаа энэ тухай ярьсан. “Хар дэвтэр”-ээс илүү олон нотлох баримт бий. “Хар дэвтэр”-ийн эзэн тэдний л нэг гэрч гэдгийг онцолсон билээ. УИХ-ын Хүний эрхийн дэд хороо гэрчийг хамгаалалтад авч, ажилтай болгосон тухай ч мэдээлэл гарч байсан. Харин одоо гэрч нэгэнт ил боллоо.

Ц.ӨРНӨХ

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих