С.Жавхлан монгол бүсгүйчүүдийг галаа манахад уриална

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн тохиолдуулан “Галаа манасан монгол бүсгүй” тоглолтоо ээжүүд, бүсгүйчүүддээ тоглох гэж байгаа аж. Энэ тухай өчигдөр мэдээлэл хийлээ. Сүүлийн хэдэн жил уран бүтээлийн завсарлага авч улс төрд хүч үзэн, монгол уламжлалаа сэргээх гэж нэлээдгүй чармайсан дуучин С.Жавхлан уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ.

Түүнчлэн “Гал дуудсан монгол аялгуу” цомгоо хэвлүүлсэн бөгөөд тоглолтын тасалбарыг дагалдуулан энэхүү цомгоо бэлэглэх гэнэ. “Галаа манасан монгол бүсгүй” тоглолт энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Улаанбаатар паласын концертын их танхимд болно. Түүнийг ирэх сонгуульд нэр дэвшинэ гэсэн яриа гараад байгаа энэ үед тоглолтоо хийж байгаа нь сонгуулийн шоу гэсэн хардлага хүмүүсийн дунд дэгджээ. Тэрээр “Хүмүүс өөрсдийнхөөрөө ойлгоно биз” гэсэн юм. Ямар ч байсан өнгөрсөн түмнийхээ тулганы галыг бадраасан дуучин маань монгол бүсгүйчүүдээ галаа манахад уриалан дуудаж энэхүү тоглолтоо хийхэд бэлэн болжээ. Хоёр өдрийн тоглолтын хишгээс Монголын 21 аймаг, зургаан дүүрэг тус бүрээс өрх толгойлсон, амьдралын боломж тааруу ээжүүд тус бүрт сая төгрөг гардуулж өгөх юм байна. Тоглолтын тасалбар 25 мянган төгрөг гэнэ. Билетээ Монгол Улсын газрын зурагны хэлбэрээр хийсэн нь шинэлэг, бас ч үгүй сонирхолтой болжээ. Тоглолтод Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, дуучин Л.Болдбаатар, М.Амаржаргал, Ноёнбондгор, Н.Өнөдэлгэр нар оролцох юм.

Э.ЭНХ


URL:

Сэтгэгдэл бичих