Х.Оюунцэцэг: Цагдаагийн битүүмжлэл хийгдсэн олон тэр бумын хөрөнгө хулгайд алдагдсан
Хадгаламж зээлийн хоршоод ар араасаа дампуурч эхэлсэн цаг үе буюу 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл зургаан жилийн хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд хохирогчид гэх 8000 гаруй хүн хохирлоо бүрэн барагдуулах гэж байж болох бүхий боломжоороо тэмцэл хийсний эцэст төрөөс 50 хувийг нь гаргуулж чадсан. Гэтэл үлдсэн 50 хувиа одоог хүртэл олж авч чадаагүй төдийгүй тухайн хадгаламж зээлийн хоршооны өмчлөлд байгаад хураагдсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг борлуулах замаар эргэн төлөх ёстой. Нэр бүхий 26 хоршооны хэдэн тэрбумаар үнэлэгдэх машин тэрэг, барилга объект, хувьчлагдсан газар зэрэг хөрөнгө өнөөдөр үнэгүйдэж бүр зарим нь Цагдаагийн битүүмжлэлээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжих явцдаа ор сураггүй алга болж байгаа гэнэ. Ингээд Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэгтэй ярилцаж зарим асуултад хариулт авлаа.
-Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлын 50 хувийг төрөөс барагдуулсан. Одоо хэдэн төгрөг үлдсэн бол асуудал нам гүм байдалтай болоод байна?
-Хадгаламж зээлийн хоршооны асуудал гэдэг өөрөө коммунистууд ард түмний эдийн засгийн эрх рүү халдсан хэрэг юм. Ер нь түүхэндээ халдсаар л ирсэн. Тухайлбал, 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед ч гэсэн өмч хөрөнгийг нь хурааж байсан гашуун сургамж, зургаан банкны дампуурал, 20-р тогтоол гээд асуудлууд бий. Энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй санагдана. 2000-2004 оны УИХ-д үнэмлэхүй олонх болж байсан Монгол Ардын Намын засаглалын үед ноцтой хийдэл бүхий хууль баталж, улмаар санхүүгийн салбарт хяналт, зохицуулалтын ажлыг санаатайгаар орхигдуулсаны улмаас 10-аад мянган хадгаламж эзэмшигчидтэй 26 хоршооны 72 тэрбумын Монгол Улсын түүхэнд гараагүй том луйвар хэлмэгдүүлэлтийн хэрэг 2006 онд нийгмийг цочроож байсан. Энэ нь юу вэ гэхээр хадгаламж зээлийн хоршоо гэдэг чинь хуулиар хяналтын механизмыг нь албаар хасч бий болсон зүйл. Тэр нь бүр зохион байгуулалттайгаар ард иргэдийн мөнгийг өндөр хүүтэй татан төвлөрүүлээд зохицуулалт байхгүй учраас дампууруулсан явдал юм. Бүр сүүлдээ санхүүгийн хувьд боломжийн байсан хоршоодыг хүртэл хоморгонд нь хүчээр дампууруулсан хэрэг болсон шүү дээ. Тухайн үед бид одоогийн МАН-ын байранд суулт хийгээд намын батлахыг нь урж хаян байлаа. Бас нэг шалтгаан бол тухайн үед мөрдөгдөж байсан хууль нь цоорхойтой байсан юм. Гол асуудал бол 840 гаруй хадгаламж зээлийн хоршоод бий болсон байсан. Энэ хоршоод бий болоход Монгол банкнаас тавих хяналт, мөнгөний бодлого гэж зүйл огт байхгүй. Даатгал, эрсдлийн сан гэх мэт маш олон хяналтын аргууд байх байтал зүгээр л зөнд нь хаячихсан. Үүнийг албаар орхигдуулсан. Тухайн үед арилжааны банкууд мөнгөгүй байхад хадгаламж зээлийн хоршоонд л мөнгө байдаг байлаа. Зөвхөн “Бүтээн байгуулалт” л гэхэд 34 тэрбум төгрөгийн активтай байлаа. Түүнээс гадна хүүний асуудал дээр Монгол банк анхаарлаа хандуулаагүй. Дампуурсан хадгаламж зээлийн хоршоонууд дунд үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан хоршоо байсан. Харин зарим нэг нь их амлаж байгаад иргэдийг хууран мэхлэх асуудал гаргасныг үгүйсгэхгүй. Энэ дуулианаар бүгдийг нь хүчээр дампууруулах ажил хийгдсэн гэж үзэж байна. Гэтэл саяхан шүүхийн шийдвэр биелүүлэх газраас нэр бүхий хоршоонуудын хохирлыг бүрэн барагдуулсан мэтээр яриад байгаа нь үнэнд нийцэхгүй. Үнэхээр өнөөдөр хоршоонууд хохирогчдынхоо төлбөрийг бүрэн барагдуулж байгаа бол бид юу гэж хэл ам татлаад яваад байх юм.
-Та бүхэн тэмцээгүй бол асуудал арай өөрөөр шийдэгдэх байсан байх. Ингэсний үр дүнд төрөөс тодорхой шийдвэр гаргуулж чадсан байх аа?
-2008 оны сонгуулиас өмнө эрх баригчид 26 хоршоодын битүүмжилсэн хөрөнгө 43 тэрбумын бүх хөдлөх, үл хөдлөх хөрөнгө 10 гаруй тэрбумын зээлдэгч, 20 гаруй газар 5 лицензийг цагдаагийн битүүмжлэлд авч, хохирогчдын хохирлыг бүрэн барагдуулна гэж Засгийн газар шоудаж байсан. УИХ, Засгийн газар, мөрдөн байцаалтын ажлын хэсэг бол яг үнэндээ хохирогчдын тэмцлийн хүчээр байгуулагдсан. 2006 онд 26 хоршооны 8000 гаруй хадгаламж, 1600 гаруй хувьцаа эзэмшигчдийн мөнгийг 100 хувь барагдуулах шүүхийн тогтоол гарсан байдаг юм. Тэгээд эдгээрээс цагдаагийн битүүмжлэлд 43 тэрбум төгрөгийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, 10 гаруй тэрбумын зээлдэгчдийн авлага, 20 гаруй газар, дөрвөн ашиглалтын лиценз зэргийг авсан байдаг юм.
-Цагдаа дээр битүүмжилсэн хөрөнгүүд алга болсон гэсэн. Энэ талаар тодруулаач.
-Нөгөө битүүмжилсэн хөрөнгө маань энэ гурван байгууллагаар дамжих явцдаа, тодруулбал цагдаагийн битүүмжлэлд байхдаа 1.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 25 мянган ширхэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг хулгайд алдсан байдаг юм. Эдгээрийг шүүхийн шийдвэрт цагдаагийнхан хүлээлгэж өгөөгүй байх жишээтэй. Үүнээс гадна дөрвөн лицензийг шинэчилсэн бүртгэлд хамруулна гээд кадастрын албанд өгсөн боловч тэндээсээ буцаж ирэлгүй алга болсон. Эдгээр нь Баян-Өндөр сангийн хоёр алтны, Бүтээн байгуулалтын зэсийн, Гэр хороолол барилгажилтын гялтгануурын лиценз байсан. Гэтэл өнөөдөр Шивээ овоогийн нэг алтны лизенцээр банкнаас зургаан тэрбумын зээл аваад явж байна шүү дээ. Тэгвэл бидний хөрөнгийг болохоор яагаад төр гаргаад өгч болохгүй байгаа юм бэ. Сонин л байгаа биз дээ.
-Хохирогчид хяналт тавих боломжгүй байсан юм уу? -Уг нь бол хохирогчид битүүмжилсэн хөрөнгийн дуудлага худалдаа болон хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих эрхтэй. Энэ их хөрөнгийг цагдаагийн битүүмжилж хохирлыг бүрэн барагдуулна гэж төр хяналтдаа авсан гэсэн шүү дээ.
-Битүүмжилсэн хөрөнгөнөөс дуудлага худалдаа явуулаад хохирлыг барагдуулах боломжтой мэт санагдана. Дуудлага худалдааг хэрхэн зохион байгуулсан бэ?
-Шүүхийн шийдвэрийн явцад хуулиараа бол хоёр удаа дуудлага худалдаа явуулна, ингээд худалдагдааг үй явцад төрийн өмчид санал болгоно, аваагүй тохиолдолд хохирогчдод хувь тэнцүүлнэ гэсэн байдаг. Гэтэл хамгийн ноцтой нь өнөөдөр нэг объектийг бараг 15-16 удаа дуудсан байна лээ. Энэ нь санаатайгаар олон удаа дуудна, дээрээс нь эхний удаад дуудахдаа зах зээлийн үнээс хамаагүй дээгүүр үнэлэх жишээтэй. Тэгээд өндөр үнээр дуудсан учраас авах хүн байхгүй болохоор нь дуудлага худалдааны журмаар анхны үнээс бидний мөнгө шингэсэн хөрөнгийг үнэгүйдүүлж хохироодог. Энэ одоо эрүүл үзэгдэл мөн үү. Ийм л хачин юм хийгээд сууж байх юм даа энэ төр.
-Тийм үү. Зарим хөрөнг үүд битүүмжлэх үед алга боллоо гээд бөөн асуудал болж байсан?
-Цагдаа дээр юм алга болсон нь тодорхой. Жишээ нь, Шүүхийн шийдвэрт битүүмжилсэн хөрөнгө шилжүүлэх шөнө нь Баян-Өндөр сангийн 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө хулгайд алдагдаж байгаа юм. Их инээдтэй. Үүнээс гадна нөгөө сайхан машинууд нь цагдаа дээрээс тоногдоод ирсэн, мөн хоёр контейнертэй сэлбэг хэрэгсэл нь бүр тэр чигээрээ алга болсон гээд бод доо. Бүтээн байгуулалтаас цагдаагийн битүүмжлэлд очсон Гүнтэд байрлах нэлээд том газартай байшин битүүмжлэлд байхдаа аль хэдийнээ дуудлага худалдаа хийгдэлгүй танил талаараа хямдхан зарагдсан байсан. Шүүх цагдаагийнхан олон хохирогчтой их хэмжээний мөнгөний асуудалд их дуртай ордог. Яагаад гэхээр ийш тийш нь шилжүүлсэн нэрийдлээр дундаас нь алга болгох, үнэгүйдүүлэх, шамшигдуулан зувчуулах асуудал бол зүгээр энгийн үзэгдэл гэж ойлгож болно. Үнэхээр эрээ цээрээ алдсан дээрэм болжээ.
-Энэ олон хохирогч дунд том зээлдэгч нар байсан. Тэд чухам юу болов оо?
-Өө тэд нарыг чинь мөрдөн байцаалтын нууц нэрийн дор хардаас нь устгагдсан. Тухайлбал, Бүтээн байгуулалтаас Сономпил гэхэд тэрбум гаруй, УИХ-ын гишүүн Б.БатЭрдэнэ гэхэд 500 сая төгрөг зээлсэн байдаг. Хохирогчдын мэдээллийн дагуу нэмж далдалсан хөрөнгө олоогүй, бүр олох ч сонирхол ч байхгүй. Гэтэл жижиг зээлдэгч нар болох таваас 10 сая төгрөг зээлсэн хүмүүсийг болохоор хүү алданги тооцоод эд хөрөнгийг нь хүчээр хураагаад гудамжинд гаргасан.
-Хоршооны гэм зэмгүй ажилчид нь энд бас хэлмэгдсэн гэж боддог. Тэд ажлаа л хийж байсан шүү дээ?
-Үнэхээр тийм. Анх хоршоо дампуурахад дал гаруй хүнийг шоронд хийсэн. Хоршоодын эздээс гадна зээлийн эдийн засагч, нягтлан гэх мэт залуухан, дөнгөж сургуулиа төгсөөд ажилд ороод гурваас дөрвөн сар болсон хүмүүс найман жилийн ял авсан. Энэ 37 оны хэлмэгдүүлэлтийн сүүдэр биш гэж үү.
-Одоо тантай хадгаламж зээлийн хоршооны хохирогчид байнга холбоотой биз дээ?
-Тийм ээ. Саяхан над руу нэгэн хадгаламж зээлийн хоршооны хүн утасдаад магадлан итгэмжлэлд орох тухайгаа хэлсэн. Бизнес кредит хадгаламж зээлийн хоршооны битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгө нь 349 сая, хөдлөх нь 83 сая төгрөгийнх. Харин нийт хохирол нь 156 сая төгрөг байгаа юм байна. Энэ бол 2006 оны ханшаар. Д.Хишигжаргал гэдэг хүн 8.2 жил суух.
Гурван хүүхэдтэй, бага хүүхэд нь хоёр настай байсан. Тэгээд эдгээр хөрөнгүүд нь Өмнөговь аймагт байсан. Гэтэл одоо бүгд алга болсон. Шүүгч н.Насанжаргал гэдэг хүн булаасан, Өмнөговийн шийдвэр гүйцэтгэгч н.Ширэндэв гэгч үл хөдлөх хөрөнгийг нь бүгдийг үрэн таран хийсэн гэж хэлсэн. Би хувьдаа үүнийг тэгж хэлэх үндэстэй гэж үзэж байна. Яагаад гэхээр Баян-Өндөр сангийн нэг хохирогч хэлдэг юм. Тэдний гахай, үхэр, бас олон газартай, төмс, будаа тариа байсан. Цагдаа нар битүүмжлэх үедээ л харж байхад дундаас нь авсан гээд байгаа юм. Тэгэхээр энэ олон бужигнаан дунд нөгөө их хөрөнгө чинь алга болоод байгаад л учир байна. Үерээр далимдуулж урсаж байгаа эзэнгүй хөрөнгийг шүүрч байгаатай адил зүйл.
-Эдгээр битүүмжилсэн хөрөнгөө хэрхэн үнэлдэг юм бэ?
-Үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдааг хийхдээ хөдлөх хөрөнгийг дагалдуулж зарж тэмээн дээр ямааны гарз хийж байна. Тухайлбал, нэгдүгээр хороололд байрлах Глоб интернэшнлийн барилгыг автобус болон өөр бусад техник хэрэгсэлтэй нь хоёр тэрбум гаруйгаар зараад түүнийгээ маш их үнэд хүргэлээ гэж яриад байгаа юм. Гэтэл тэр том объект чинь өөрөө дангаараа өндөр үнэд хүрнэ шүү дээ. Нэгдүгээр төрөхийн урсгал засварт дөрвөн тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргасан. Тэгвэл А зэрэглэлийн газартай тэр том объект зөвхөн газар нь л бараг хэдэн тэрбум төгрөг болно биз дээ.
-Өөр үнэгүйдүүлсэн ямар объектууд байна вэ?
-Баруун дөрвөн зам Голомт хотхоны хажууд байрлах Бүтээн байгуулалт хадгаламж зээлийн хоршооны 180 кв/м зургаан өрөө байранд хэдэн хохирогчид нэг нэг өрөөнд нь амьдарч байлаа. Гэтэл биднийг хөөж гаргаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тэр байрыг 73 сая төгрөгөөр зарсан. Одоо нэг кв/м байрны үнэ хэд байгаа билээ. 1000-2500 ам.доллар биз дээ. Бидний хөрөнгийг болохоор 270 ам.доллараар зарж байх жишээтэй. Үүнийг цэвэр төрийн нэр барьсан дээрэм гэж хэлнэ. Мөн газрууд маш ихээр алга болсон. Нэгдүгээр төрөхийн урд байрлах нэг га газар байна. Одоо тэнд нь нэг сайхан том барилга боссон байна лээ.
-Гэр хорооллын барилгажилт хадгаламж зээлийн хоршоо л гэхэд маш олон үл хөдлөх хөрөнгө, газартай байсан гэдэг биз дээ?
-Тиймээ. Арав гаруй газар, 30-аад үл хөдлөх хөрөнгө гээд бүх зүйл нь боломжийн байсан. Гэтэл санхүүгийн зохицуулах хорооноос хүчээр шалгалт оруулаад л дампууруулсан байдаг. Тэр үед хоршоог дампууруулах бодлого явагдаж байсан. Учир нь арилжааны банкууд мөнгөгүй хадгаламж зээлийн хоршоонд л мөнгөний урсгал байлаа. Банкны дүрмийн сан нь дөрвөн тэрбум байснаа найман тэрбум болж өссөн. Ингэхэд хоршоодуудаас Хадгаламж банкны Чимэдцэрэн гэхэд 10-аад газрын гэрчилгээг барьцаалж өчнөөн мөнгө авсан тухай мэдээлэл байдаг юм. Үүнийг бид яаж мэдсэн бэ гэхээр тэнд ажилладаг нэг хүн хар цүнхэн дотор чинь их юм байгаа гэж хэлсэн. Тэгээд бид өдөржин шөнөжин Бүтээн байгуулалт дээр байхдаа тэр цүнхийг нь үзэхэд 10 гаруй лиценз гарсан. Энэ бүгдийг цагдаад өгсөн. Одоо нөгөө лицензүүд байхгүй байгаа. Мөн үүнээс гадна 2004 оны сонгуулийн санхүүжилтийг хоршоодууд хийсэн байдаг юм. Цагдаа, шүүх, шүүхийн шийдвэр гэсэн гурван байгууллагаар ороод бидний хөрөнгө алга болж байна.
-Хавар болохоор жагсаал цуглааны сураг дуулдаад байна. Та бүхэн бас жагсах уу?
-Зургаан жилийн хугацаанд бид тэмцсэн. Хохирогчдын уйгагүй тэмцэл, өвлийн хүйтэнд үс гэзгээ тайран, нялх үрээ тэвэрч, өлсгөлөн зарлаж Ху намын батлах уран, Намын байранд нь гурван сар сууж, тэмцлийн бүхий л хэлбэрээр мятрашгүй тэмцсэний үр дүнд нийгэм олон нийтийн дэмжлэгээр нэг удаагийн хохирол барагдуулах хууль батлагдсан юм. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдгээр МоАХ нь Ардын намын намын байранд суулт хийж, Их тэнгэрийн аманд хаалт хийж байх үе 2007 оны дөрөвдүгээр сард Ардчилсан Эмэгтэйчүүд хөдөлгөөнтэй мөр зэрэгцэн бидэнтэй хамт тэмцэж байсныг бид мартаагүй ээ. ХЗХ-ны хохирогчид бид төрдөө дахин итгэж чононд хонио хадгалуулж дахин алдлаа. Чонын амнаас гараад барын аманд орсноо ухаарч тэмцэх цаг боллоо. Монгол Улсын иргэн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй юм бол арилжааны 16 банкны эрсдлийг төр даасан. Банк ч хуулийн этгээд, Хоршоо ч хуулийн этгээд. Иймд ард түмнээ алагчлах ёсгүй. Төрийн албаны хуулийн 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна гэсэн нь 2002 оны зургадугаар сарын 28-нд МАХН дангаараа засгийн эрх барьж байх үед баталсан хууль юм.
Мөн Хоршоодын мөнгөөр сонгуулийн санхүүжилт авч улс төрд орсон эдүгээгийн Монгол Ардын намын нөхдүүд эр зориг гарган эргүүлж өгөх хэрэгтэй. Амьдралаа өөрсдөө авч явсан бид төрийн халамж элдэв өглөг буян нэхээгүй алдсан мөнгөө нэхэж байна. Тухайн үеийн нэг талхны мөнгө одоо нэг чүдэнзний үнэд хүрэхгүй болсон. Бидний үлдсэн хохирол 30 тэрбум төгрөг төрөөс төрсөн олигархиудын карманы мөнгө болжээ. Ардын нам хохирлоо хэд дахин нугалж, намынхаа байрыг доороо хоёр, дээрээ долоо давхар болгож авлаа. Бидний 10 мянган айл Тусгаар тогтнолын ордон дээр сууж үлдсэн хохирлоо баян намаас нэхэмжилнэ. ХЗХ хохирогчдыг зохион байгуулж хаврын тэмцлийн манлайд босгоно. Үр хүүхдийнхээ ирээдүйд шударгаар олсон хөдөлмөрийнхөө төлөө дахин тэмцэцгээе.
О.УУГАНЖАРГАЛ
URL: