“Мобиком”-ын молиго
Үүрэн телефоны анхдагч, үндэсний хэмжээний гэгддэг “Мобиком” корпораци молиго үмхүүлэхдээ үнэхээр гаргууд юм. Саяхан даа, ШӨХТГ-аас хийсэн шалгалтаар энэ нь тов тодорхой болж.
Олон жил энэ компанийн дугаарыг үнэнч барьсан хэрэглэгчиддээ жилд ганцхан төрсөн өдрийн баяраар нь 30 минутаас өөр ярианы эрх ч бэлэглэдэггүй, баяжих тусам хоол хийх гурилныхаа хэмжээг багасгадаг харамч айл шиг загнадаг “Мобиком” зарласан урамшууллаа ч аятайхан өгчихдөггүй болохыг дээрх шалгалт илрүүлсэн юм байх.
Жишээ нь, тус корпораци 2011 оны онд найман төрлийн хөнгөлөлт урамшууллын хөтөлбөр зарласан ч дараа төлбөрт хэрэглэгчдэд энэ урамшууллаа олгодоггүйгээр барахгүй халаас руу нь нэмж гараа шургуулаад илүү төлбөр авдаг байжээ. 990211**, 990992**, 991005**, 990278** гэх мэтчилэнгийн дугааруудтай 10 хэрэглэгчийн 2011 оны 7-12 сар хүртэлх төлбөрийн нэхэмжлэлд шалгалт хийж үзэхэд дээрх хугацаанд “моби”-оос 90 минутын үнэгүй ярианы эрх бэлэглэсэн байжна. Үүнийг хэрэглэглчид 90 минут үнэгүй ярина гэж ойлгоод утсаа халж, батерейгаа “сөнөтөл” ярьсан байх жишээтэй. Гэтэл нөгөөдүүл нь молигодож “Сарын суурь хураамжаа төлөөд түүнээс илүү гарсан минутаас шалтгаалан урамшуулал үзүүлдэг” гэсэн хүн шууд ойлгохооргүй тайлбарыг хийсэн байна. Үүнээс гадна “Мобиком”-ын урамшуулалд ашигласан хугацааны төлбөрөө хугацаанд нь төлсний гэх мэт хэд хэдэн тогтмол урамшуулал байдаг ч энэ зөвхөн төлбөр төлсний дараа шийдэгдэх асуудал гэнэ. Хэрвээ төлбөрөө илүү тушаах, суурь хураамжаа илүү төлсөн тохиолдолд хамаардаг бөгөөд дутуу төлбөл нэмж өрөнд орох аюултай аж. Зөвхөн дараа төлбөрт үйлчилгээний гомдол гэхэд л “Мобиком”-ын 2222 дугаарын лавлахад өдөрт хэд хэдэн удаа ирдэг бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрыг мэддэг 16 хүн тус газарт гомдлоо ирүүлсэн байгаа юм.
Үүгээр зогсохгүй Мобикомын зарлаж байгаа багцын урамшууллын төлбөр тооцох нэгж нь өөр өөр. Ярианы эрх нь минутаар илэрхийлэгддэг хирнээ мессеж болон ярианы минутын тариф нь суурь хураамжийн хамтаар мөнгөн дүнгээр илэрхийлэгдэж байх жишээтэй. Энэ нь олон улсад бол худалдааны хууль бус арга бөгөөд хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа нэг хэлбэр юм. Үүнийг хэрэглэгч бүхэн ухаж ойлгодоггүйгээс төлбөрийн зөрүүнээс ашиг олох боломж тус корпорацид бүрдсэн хэрэг. Иймд сүүлийн жилүүдэд “Мобиком”-ыг сонгох хэрэглэгчдийн тоо харьцангуй буурч, хуучин хэрэглэгчдээ бага багаар алдсаар байгаа ажээ. Мөн хэрэглэгч багц бууруулах, гэрээгээ шилжүүлэх зэрэгт 3000 төгрөгийн төлбөр авдаг. Үүнийгээ материалын болон программд өөрчлөлт оруулахад хэрэглэх нэг удаагийн шинжтэй зардал гэсэн нэрийдлээр авч байгаа юм.
Бизнесийн бичигдээгүй хуульд ч анкет бөглөх зарчимд ч ийм хураамж байх нь утгагүй л дээ. Жишээ нь тараах материалын сурталчилгаа хийж байгаа хүн дээр очиход хэвлэлтийн зардал гэж нэхдэггүйтэй адилхан л үйлчилгээ. За яахав, зах зээлийн энэ үед бичгийн цаас нь хайран байж болноо, болно. Хүлээн зөвшөөрнө. Тэгвэл анкетны бичгийн цаас принтерийнхээ зардалтай 18 төгрөгөөр л үнэлэгдэнэ шүү дээ. Харин программаа шинэчилнэ үү, байна уу ёстой хэнд ч падгүй асуудалд энгийн нэгэн хэрэглэгч яахаараа мөнгө төлөх болж байна.
Ийнхүү хэрэглэгчийн халаас руу гараа шургуулж, цаашлаад авдрыг нь уудлах санаа өвөрлөсөн “Мобиком”-д итгэх эсэх нь таны л асуудал. Гэхдээ үүнийг шалгах ёстой газар нь шалгаад илрүүлчихэж. “Нийгмийн хариуцлагыг дэмжигч” гэх сүржин уриатай “Мобиком” ийнхүү хэрэглэгчдийг хэдэн жил хуурч молигодож, цаашид ямар хууль бус арга, цоорхой хэрэглэх гэж байгааг таамаглах аргагүй байна.
Г.Ертөнц
URL: