Б.Аюуш: Эх орноосоо урвасан хэргээр буудсан ч багадна
Сангийн сайд С.Баярцогт хөрөнгө оруулалт хийхэд санхүүжүүлэх дөрвөн арга байдаг гэж мэдээллээ. Тийм олон арга байдаг хэрэг үү. Та манай уншигчдад энэ талаар тайлбарлаж өгнө үү?
-Ерөнхий зарчмын хувьд та бид хоёр хувиа нийлүүлье, эсвэл би чамд ямар нэгэн хэлбэртэй, ямар нэгэн байдлаар зээл олгоё гэдэг хоёрхон л арга байдаг. Эдийн засгийн 4-р курсын ямар ч оюутнаас асуухад дөрвөн санхүүжүүлэх арга байхгүй, зарчмын хувьд хоёр л байдаг гэж хариулна. Дотор нь юу ч гэж хувааж болно. С.Баярцогт мэтийн хүмүүсийн тархи толгойг угаахын тулд хэн юу ч хэлж болно. Санхүүжүүлдэг дөрвөн арга байдаг. Тэрийг монголчууд мэдэхгүй байна аа гэж гадаадын найзууд нь хэлж гэнэ л дээ.
-Сангийн сайдын өгүүлснээр монголчууд бидний хувьд давуу эрхийн хувьцаа гэж цоо шинэ ойлголт бололтой. Та үүнтэй санал нийлж байна уу?
-Бид давуу эрхийн хувьцаагаа болилоо. Ерөөсөө л зээлийн гэрчилгээ гэсэн нэртэй болгоё гэсэн байна. Тэр бол зүгээр хоног хугацаа өнгөрүүлж, аргацаах арга. Хэдхэн жилийн өмнөхийг бодвол монголчууд юм мэддэг болчихсон. Өмнө нь төр засагтаа итгэдэг байсан бол одоо бидний толгой дээр хулгайч, луйварчид байгаа, байнга сонор сэрэмжтэй байх ёстой гэдгийг ойлгодог болсон. өөрөөр хэлбэл монгол биш хүмүүс бидний толгой дээр сууж байгаа гэдгийг мэдэрдэг учраас алхам бүрийг нь хянадаг болчихсон. Тэгэхгүй бол эд нар чинь юу ч хийхээс буцахаа байсан байна. Танай сонин бичжээ. Монголын төрийн толгойд сууж байгаа, Айвенхоугийн төлөө шаналсан луйварчид гэдэг үнэн л дээ. Энэ асуудлыг олон улсын хэмжээнд ярих юм бол маш хүнд байдалд орно. “Айвенхоу майнз” ч яахав. Тэртэй тэргүй олон улсад нэр хүндтэй компани биш. “Рио тинто” гэдэг олон улсад бас нэр хүндтэй компани. Олон улсын санхүүгийн зах зээл гэдэг итгэл дээр тогтдог учраас “Рио тинто”-гийн хувьд байдал хүндэрч мэднэ шүү гэдгийг би танай сониноор дамжуулан анхааруулмаар байна.
-Яагаад?
-Авлигад идэгдсэн засгийн газартай хуйвалдаад, тухайн орны ард түмнийг шулж мөлжих чиглэлтэй гэрээ хийгээд, луйварт оролцоод, “Айвенхоу”-гийн араас орж байгаа бол бидний өмнө дараа дараачийн алхам, олон улс орон, олон компаний хувьд үүд хаалга хаагдах болно гэдгийг анхаарах ёстой. Давуу эрхийн хувьцаа гэж тийм юм байдаг юм уу, өө за за мэдсэнгүй гээд суудаг цаг өнгөрсөн. С.Баярцогтын амнаас “Монголчууд юм мэдэхгүй” гэсэн үг яаж ичихгүй гарч байна аа. “Танай монголчууд давуу эрхийн хувьцаа гэж мэддэггүй юм байна аа. Тэгэхээр давуу эрхийн хувьцаа гэдэг нэрээ авч хаяъя аа, больё. Зээлийн гэрчилгээ гэсэн нэртэй болгоё гэсэн” гэж яриад сууж байгаа Сангийн сайдын өмнөөс ичиж байна.
-Энд байгаа хувь нийлүүлэгчийн гэрээ нууц тамгатай юм байна. Нууцлах ямар шалтгаан байгаа юм бол?
-Хамгийн эхний асуулт. Төр гэдэг бидний төлөөлөл. Дэлхийд том ордын үйл ажиллагааг зохицуулдаг гол үндсэн хууль нь компанийн дүрэм. Хувь нийлүүлэгчдийн гэрээ тэр дүрмийг орлох бичиг баримт. Тэрийг яагаад биднээс нууж байгаа юм. өнөөдөр Н.Батбаяр гишүүн дэлгэчихлээ л дээ, нууцыг нь. Тэгэхээр Н.Батбаяр гишүүнийг төрийн нууц задруулсан гээд Ц.Жаргалсайхан гэдэг залууг шоронд хийсэн шиг шоронд хорих тухай ярихгүй байгаа юм. үнэхээр тийм нууц байсан юм бол. Яагаад тэрийг нууцлав гэдэгт Ерөнхий сайд С.Батболд хариуцлагатайгаар хариу өгөх ёстой. Яагаад ийм чухал баримтыг нууцын зэрэглэлтэй хадгалсан юм бэ гэдгийг асуух ёстой. үнэхээр Монгол төрийн нууц байсан юм бол задалсан хүнд яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм. өнөөдөр гэхэд бид мэдчихсэн л сууж байна. Тэгвэл яагаад эх орноосоо урвасан гэж шоронд хийхгүй байгаа юм. Тэрийг асуух хэрэгтэй.
-Гэрээн дээр үнэхээр 34 хувь хүртэнэ гэсэн заалт байна уу?
-Анхнаасаа 34 хувь биш, гэрээ байгуулсан өдрөөр монголчууд 20.4 хувийг эзэмшихээр болчихсон байна. Яагаад тэгж хэлж байна вэ гэхээр хувь нийлүүлэгчдийн гэрээний 10.2-ын гурав дахь заалт буюу В-д “Аль ч үед энгийн хувьцаа нийт хөрөнгөд эзлэх хувийн 60 хувиас хэтрэхгүй” гэж. Бизнес хийдэг ямар ч хүн аль болохоор зээл авахгүйгээр өөрийн хөрөнгөөр санхүүжүүлээд явах юмсан гэдэг. Ялангуяа зээлийн хүү өндөр байгаа нөхцөлд. Гэхдээ үнэхээр том компаниуд дотоод эх үүсвэрээрээ санхүүжүүлээд явахад хэцүү. Тийм учраас зээл авах хэрэг гарцаагүй гардаг. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаална шүү дээ. Өнөөдөр бидэнд дотоод нөөц боломж, хэрэгцээ юу байна гээд. Зээл авах уу, үгүй юу гэдгийг шийднэ. Гэтэл энэ гэрээн дээр “Ямар ч үед өөрийн хөрөнгөд эзлэх хувийн 60 хувиас хэтрэхгүй гээд заачихсан. Тэгж заадаг бизнесмен байдаг юм уу. Гучин жилийн турш манай компани бүх эх үүсвэрийнхээ 60 хувийг өөрийнхөө хөрөнгөөр бүрдүүлнэ, 40 хувьд нь заавал зээл авна” гэж заасан байна.
-Тэр нь юу гэсэн үг вэ. Жаахан тодруулахгүй юу?
-Бид энгийн хувьцааны 34 хувийг эзэмшинэ шүү дээ. Ямар ч үед 60-ыг үржих нь 34 гэхээр 20.4 хувь. Монголчуудын хүртэх хувь ямар ч байсан 20.4 хувиас илүү гарахгүй гэсэн үг. Би энийг (нууц тамгатай хувь нийлүүлэгчийн гэрээ.сурв) уншаад ний нуугүй хэлэхэд Эрүүгийн хуулиас эх орноо худалдсан хүнийг яадаг юм бол гэж заалт хайлаа, байхгүй юм шиг байна лээ. Олоогүй. Энэ гэрээг үзэглэгчдийг эх орноосоо урвасан гэдэг хэргээр буудаж алсан ч багадна.
-Хүмүүс ч Оюу толгойн гэрээ үзэглэгчдийг эх орноосоо урвасан гэж үзэж байна?
-Урвасан. үгүй, чи бод доо. Дэлхийд тооцогдох орд. Бидэнд ямар ч хөрөнгө гаргах, ямар ч давуу эрхийн хувьцаа, зээл хэрэг байхгүй. Байгаагаа барьж очоод хөрөнгийн зах зээл дээр мөнгө босгодгийг “Энержи”-гийнхэн харууллаа. Тэгж хөрөнгө босгох боломжийг ашиглаагүй. Тэрний хажуугаар өнгөрч, бид зээл авах гэж байгаа юм гэж яриад байдаг.
-Нууцын зэрэглэлтэй Хувь нийлүүлэгчдийн гэрээнд анхаарал татаж буй өөр ямар асуудал байна?
-УИХ-аас 34 хувь байна гэж тогтоосон юм билээ. Гэрээний 10.2 дахь заалтаас болоод анхнаасаа 20.4 хувиас хэзээ ч илүү гарахгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д “Монголын стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд хувьцааныхаа 10-аас доош хувийг Монголын хөрөнгийн бирж дээр худалдана” гэсэн заалт бий. Харин Оюу толгойн гэрээн дээр “Монгол улс өөрийнхөө хувьцааны 10 хувийг зах зээл дээр борлуулна” гээд заачихсан байгаа. Энэ гэрээний 15.3 дээр Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д зааснаар компаний хувьцааны 10 хувийг Монголын хөрөнгийн бирж дээр зарах үүргийг зөвхөн Монголын тал хариуцна. Өөрөөр хэлбэл 34 хувиасаа 10 хувиа зарна гэсэн үг. Хуулиа хэрэгжүүлж, хувиа зарна гээд сагсуураад гүйх юм бол өөрийнхөө 34 хувиасаа зараарай гэж заасан.
-Ерөнхий сайд С.Батболд 34 хувь хэвээрээ байгаа гэдгийг хатуу хэлсэн шүү дээ?
-Тэгж хэлж байгаа Ерөнхий сайдыг яах вэ. Гэрээг нь ураад ам руу нь чихчих юмсан. Ерөнхийдөө эгдүүцэж байна. Юу гэсэн үг вэ. Эх орныхоо ийм үнэтэй цайтай баялгийг. Мэддэггүйд нь тааруулаад, мэддэг хэлбэрийнх нь санхүүжилтийг оруулж ирэх гэж байна гэх маягийн юм Сангийн сайд ярилаа. Сангийн сайд мэддэггүй байж магадгүй. Тэрнээс биш энэнийг мэддэг хүн Монголд маш олон байгаа. Ашигт малтмалын хуулийн 5.6-д “Монголын стратегийн ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг этгээдүүд хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн бирж дээр худалдах ёстой” гэсэн заалт бий. Хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн бирж дээр худалдахын тулд тэр компани Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, ХК байх ёстой гэсэн үг. Гэтэл Оюутолгой Ашигт малтмалын тухай хуулийг зөрсөн. Энгийн нэг хаалттай компани. өр, зээл нэмэгдлээ гээд баярлаад суудаг Сангийн сайд байж таарах уу. Ямар ч байсан 34 хувийн тухайд мөрөөдөхийн ч хэрэг байхгүй. Компани ашиг олсон олоогүй, үйл ажиллагаа эхэлсэн эхлээгүйгээс үл хамаараад улирал бүхэн маш өндөр хүү төлнө. Америкийн хэрэглээний индекс улирал бүхэн өсөн нэмэгдэж засварлагдаж явдаг. Өмнөх улирлын хүү дээр хүү тооцоод явдаг, маш хүнд нөхцөлтэй зээл байсан. Тэрийг зээлийн гэрчилгээ болгоод, өөрөөр хэлбэл өр болгож хувиргана гэсэн байна лээ.
-Гэрээг та юу гэж дүгнэж байна вэ?
-Энэ гэрээ үнэхээр Монгол улсын эрх ашигт ноцтой харшилсан. Эхний гурван жилд монголчууд өөрсдийн 34 хувьд оногдох хөрөнгө оруулалтаа хийх эрхгүй гээд заачихсан байгаа. Бид өөрсдийнхөө хувьцаанд оногдох хөрөнгө оруулалтыг хийх эрхгүй. Заавал “Айвенхоу”-гаас зээл авна. Боломжтой байсан ч хөрөнгө оруулах эрхгүй, заавал зээл авна. Зээл авахдаа түрүүний хэлдэг хүнд нөхцөлтэй.
-Та 20.4, 10.4 хувь гэж хоёр янзын тоо хэллээ?
-10.4-өөс л хэтрэхгүй байхгүй юу. Нийт эх үүсвэр дотор энгийн хувьцааны эзлэх хувийн жин 60 хувиас хэтрэхгүй гэж байгаа. Хамгийн дээд тал нь 60 хувь байлаа гэхэд түүний 34 хувь 20.4 болж байгаа. Тэрнээс Монгол улсын Ашигт малтмалын хуулийн дагуу хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг хөрөнгийн бирж дээр зараарай гэсний дагуу зарснаа хасвал 10.4 л болно. Дээд тал нь 10.4 хувийг л эзэмшинэ. Юун 34 хувь. Ямар ч эрх байхгүй. Асар их өрөнд оруулна. Энэ гэрээг анхны удаа сунгасны дараагаар монголчууд 50 хувь хүртлээ эзэмших эрхийн ерөнхий гэрээ хийгдэнэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл 30 жилийн дараа 50 хувь болгоно, тэр эрхийг хайрлаж байна гэсэн байгаа. Тэр эрхийг эзэмшлээ ч гэсэн менежментийг зөвхөн “Айвенхоу” шийднэ. ТУЗ-ийн болоод хувь нийлүүлэгчдийн хуралд “Айвенхоу” үнэмлэхүй давуу эрхтэй байна гэсэн. Дээрээс нь маш өндөр хөлстэй менежментийн баг авах юм байна лээ. Үйл ажиллагаа эхлэхээс өмнө бүх зардлын 3 хувьтай тэнцэх хэмжээний ажлын хөлс авдаг. Үйл ажиллагаа эхлэчихээр бүх зардлын 6 хувьтай тэнцэх хэмжээний хөлс авах юм билээ. Тэр багийн хүслээр бүх ажил явна гэсэн үг. Ийм гэрээ байгуулж болдог гэдгийг төсөөлөхөд ч үнэндээ хэцүү байна.
-Та бүхэн үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандана гэсэн үү?
-Хандалгүй яахав. УИХ-ын тодорхой гишүүд ч үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаж байгаа гэсэн. Хэрвээ “Рио тинто” Монголын Засгийн газартай нийлээд, Монголын ард түмнийг хуурсан ийм юманд оролцчихвол олон улсын нэр хүндэд нь ноцтой хохирол учирна. үүнийг зогсоохын төлөө монгол хүн бүхэн ажиллах ёстой. Засгийн газар, Сангийн сайдыг эсэргүүцээд байгаа юм биш. Монголын эрх ашгийн төлөө монголчууд хамтарч тэмцэх ёстой.
Эх сурвалж ireport.mn
URL: