Олимпоор овоглосон «Монгол хүн»
Дэлхийн 205 орныг эгнээндээ нэгтгэсэн хүн төрөлхтний эрхэмлэн дээдэлж ирсэн спортын талбарт ариун шударга өрсөлдөөнийг удирдан зохион байгуулдаг дээд байгууллага бол Олон улсын Олимпийн хороо /ОУОХ/ билээ. Энэхүү хүндтэй байгууллагын гишүүнээр 30 шахам жил ажилласан, өдгөө ОУОХ-ны хүндэт гишүүн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдаржавын Магван бол монголчуудад төдийгүй дэлхийн олимпизм-спортын ертөнцөд танил болсон Олон улсын олимпизмийн хөдөлгөөний нэр хүндтэй зүтгэлтнүүдийн нэгд зүй ёсоор мөнхөрч үлдсэн билээ. Монголдоо «Олимпийн өвөө» хэмээх алдрыг хүртсэн Ш.Магван гуай ОУОХ-нд олон жил гишүүнээр ажиллаж олимпизмийн хөдөлгөөнийг өнөөгийн энэ өндөр түвшинд хүргэх үйлсэд гар бие оролцсон Монгол Улсын иргэн гэдгээрээ манай ард түмний бахархал болсон алдартан. «Олимпийн өвөө» улиран одож буй туулай жилд 85-ныхаа жилийг үдэж, ирж буй «Баясгалант» хэмээх Луу жилээ угтан авч байгаа буянтай буурал билээ. Эрхэм уншигч та бүхэндээ Ш.Магван гуайн туулж өнгөрүүлсэн амьдрал, ажил үйлсийнх нь талаар хөөрөлдсөн ярилцлагаа хүргэж байна.
«Олимпийн өвөө»-гийн бага нас
-Та Монголоос байтугай дэлхийн аль ч улс орноос ховорхон сонгогддог ОУОХ-ны гишүүн хэмээх эрхэм хариуцлагатай үүргийг олон жил нэр хүндтэй хашсан гэдгээрээ үнэхээр нэр хүндтэй, азтай, хийморьтой Монгол хүн. Энэхүү ярилцлагаа хоёулаа таны бага наснаас эхлэх үү?
-Би 1927 онд одоогийн Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Улаанчулуут гэдэг газар төрсөн юм гэнэ лээ. Улаанчулуут нь Ханын худгийн ард Сайрын худгийн баруун талд оршдог бууц юм. Миний ээж гэртээ аав, ээжтэйгээ байхдаа намайг 20-хон настай төрүүлээд 22 настай бурхан болсон юм билээ. Тэгээд л би өвөг эцэг Шагдаржав, эмэг эх Тогос нарынхаа гар дээр өсч торнисон. 1936 оны үед эмээ маань насан өөд болоод өвөг эцэг маань хүүхдүүдийнхээ аль нэгнийд нь хамтдаа амьдрахаас өөр аргагүй болж бид хоёр, өвөг эцгийн хүүхдүүд дээр ирсэн. Тэгээд удалгүй би 1936 ондоо Яруугийн хүрээнд гавьж ламд шавь орж лам болсон. Хүрээнд суугаад нэг жил боллоо. Тэр үед есөн нас хүрсэн хүүхдүүд бүснээсээ есөн нүхтэй төмөр зүүдэг байв. Тэгээд л тийм юм зүүсэн баньд бас ч үгүй хүрээндээ уншлагатай, маань мэгзэмтэй, чогчин дуганд хэнгэрэг цохичихдог болсон доо. 1937 онд манай авга ах нарын хоёр нь намын гишүүн, хоёр нь гавьж мяндагтай хүмүүс байсан. Тэд намайг чухам ямар замаар хааш нь яаж хөтлөж, ямар хүн болгох тухайгаа ярилцаж байсныг санадаг юм. Сургуульд оруулна, эсвэл лам болгоно гэсэн хоёр зам байснаас сургуу льд оруулах тал нь дийлж 1937 онд лам дээлтэйгээ одоогийн Улиастай хотын бага сургуульд Цэрэнбатаа багшийн шавь болж дөрвөн жил сурч бага сургуулиа төгссөн. Тэр үед Завхан аймагт ганцхан долоон жилийн сургууль байсан. Энэ сургуульд хэдэн сар суралцаж байтал манайх Бөмбөгөр суманд хуваарилагдаж.
Одоогийн Баянхонгор шүү дээ. Тэгээд тэнд бэргэн эгч, ахтайгаа гурвуулаа морин өртөөгөөр одоогийн Бөмбөгөр сумын төвд ирж байлаа. Бөмбөгөр сумын төв дээр ирэхэд нэг ч байшингүй, дандаа гэр барьчихсан байж билээ. Биднийг нэг гэрт оруулсан чинь зуух яндан ч байхгүй, Тэгээд л тулгын гурван чулууны эрэлд гарсныг тод санаж байна. Бөмбөгөр сумын төв дээр тулга болгочихоор том чулуу ховор байж билээ. Тэгээд хоршоонд очиж шар түмпэн худалдаж авч гурилаа зуурчихаад л дараа нь ус, махаа хийгээд нөгөө тулгын гурван чулуун дээр нөгөө түмпэнгээ тогоо болгож тавиад хоол ундаа хийж иднэ. Тийм л цаг үе байсан даа. Бөмбөгөр аймгийн төвд бидний амьдрал эхэлж байлаа. Тэнд долоон жилийн сургууль байхгүй учраас би аймгийн яамны бичээч болж найман сар орчим ажиллаж билээ. Тэгээд ахын биеийн эрүүл мэндийн байдлаас болж бид нутаг буцах боллоо. Харин нутагтаа буцаж ирэхэд хамт сурч байсан ангийн хүүхдүүд дээшээ дэвшээд долдугаар ангид орчихсон, би зургадугаар анги байтугай тавдугаар ангиа бүрэн төгсөж чадаагүй байдаг. Тэгээд л нөхдөөсөө ичиж зовоод, бас анги улирахаас ичээд хот руу холбооны техникумд явна гэж бүртгүүлж, шалгалт өгч тэнцээд хот руу явахаар шуудангийн машинаар явах гэж байсан чинь захирал Рэнцэн багш тааралдаж орхив оо. Тэгсэн захирал ах эгч хоёрт, танай дүүг явуулахгүй сургуульдаа сурах хэрэгтэй гэдэг байхаа.
Ингээд л бөөн уйлаан майлаантай шуудангийн машинаасаа бууж үлдсэн дээ. Харин захирал, сайн сурах юм бол чамайг улираахгүй гэж амалсан. Тав, зургадугаар ангид үзсэн алгебрь, геометр үзээгүй хүн чинь тоондоо нойл байх нь мэдээж. Тэгээд л хожим нь «Хөдөлмөр» сонины эрхлэгч байсан Мягмаржав, бас Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Лувсан гуайн нарийн бичгийн дарга байсан Даваажав гэж хоёр найзаасаа тооны зарим нэг аргыг нь заалгаж байж арай гэж л долдугаар ангийг тоондоо дунд дүнтэй бусад хичээлд нь гайгүй шиг төгсөж Улаанбаатар хотод багш нарыг бэлтгэх сургуульд хуваарилагдаж байлаа. Бага насны амьдрал гэвэл, хүүхдүүд хөдөө яаж амьдардаг тэр л жишгээр хурга, ишиг эргүүлж, аргал түүж өвөө, эмээ, ах, эгч нартаа тус дэм болж өнгөрсөн дөө.
-Багшийн сургуулиа төгсөөд нутагтаа багшаар очсон уу?
-Багшийн сургуулийн хэл бичиг, уран зохиолын ангид хоёр жил суралцсан. Тэр үеийн багш нар Хорлоо багш, Цэрэндулам, дэлхийн байдлын багш Дагиймаа, Далхжав, Палаам багш нараар хичээл заалгаж хэл бичиг уран зохиолын багш мэргэжлээр төгсөөд Жавхлант Шарга аймагт хуваарилагдсан. Одоогийн Сүхбаатар аймаг. Тэгээд Гэгээрлийн яамны боловсон хүчний дарга Гүрээ Долгорсүрэн гэдэг хүн, орлогч сайд нь Шаравнямбуу багш байсан юм. Баруун аймгийн хүн зүүн аймаг явахгүй, нутагт минь л явуулж өгөөч гээд сууж орхилоо. Тэгсэн нэг өдөр орлогч сайд дуудл аа. Яваад орлоо, яамны шийдвэрийг зөрчиж том толгой гаргалаа чи, наашаа зогс гэж байна. Наашаа зогс гэдэг нь ойртвол алгадуулна л даа. Би ч яахав, багш болсон хүн чинь хүзүүгээ маажаад л зогсоод байв.
Тэгтэл харин Говь-Алтай аймагт хуваариллаа. Зөвхөн Говь-Алтай хүрэх шуудангийн машины зардал өгдөг юм байна. Цаашаа Завхан явах зардал байхгүй шүү дээ. Авахгүй гэх боломж байхгүй, зуун гаруйхан төгрөг л байсан. Тээврийн товчоон дээр очоод Завхан явах машин хараад л зогсоод байтал ашгүй нэг жолооч явах гэж байнаа, гэхдээ туслахгүй явах гэж байгаа бололтой. Би ч очоод л учраа хэллээ, аваад яваач гэж гуйлаа. Тэгсэн миний туслах Дүгэржав явж чадахгүй болчихлоо, чи өөрийгөө Дүгэржав гэж хэлээд яваарай гэв. Баярлалаа, ахаа гээд 50 төгрөг өгсөн чинь, наадхаараа өөрөө юм ав, би чамаас мөнгө авахгүй, харин миний ажилд туслаад явна шүү гэв. Бас жолооч ах, 22-ын товчоон дээр очихоор сууж яваа хүмүүсийг нэг бүрчлэн шалгана, чи туслах жолооч болж нэг хувин аваад худаг руу усанд яваарай. Тэгээд шалгалт нь өнгөрөхөөр ирнэ шүү гэж байна. Би ч за гээд л бөөн баяр хөөр болж билээ. Жил бүрийн есдүгээр сарын эхээр Гэгээрлийн яамны байцаагч нар аймгуудад очиж шалгадаг байв. Завханд намар хичээл эхлэхэд Гэгээрлийн яамны байцаагч Аюуш гэдэг хүн очсон. Би ч Улиастайн гудамжинд тэр Аюуш гэдэг хүн явж байвал өөр зүг рүү явж нүүр буруулна дээ. Тэр хүнийг явсны дараа есөн сарын дунд үе хүрч байхад сургуулийн захирал Мягмаржав /гавьяат нисгэгч Лхагважавын ах/ л даа тэгээд Мягмаржав багш дээр очиж уулзаад л нутаг орондоо шингэж багшилсан юм. Багшийн албаа төрийн албаар сольсон түүхийг сөхвөл…
-Та ер нь боловсролын байгуулагад есөн жил ажиллаад нам төрийн ажилд шилжсэн гэдэг байхаа?
-Би чинь хоёр жил илүү багшлаад, хичээлийн эрхлэгч болж, дараа нь захирал болсон. Тэр үед жил бүр багш нарын хуваарь гардаг байв. Миний хуваарь гурван жил л лав Говь-Алтай аймаг гарсан. Сургууль маань 10 жилийн сургууль боллоо, дээд мэргэжлийн багш нар ч ирж эхэллээ. Тэгээд л их сургуульд сурах саналаа өгч, 1943-1947 онд МУИС-д суралцаад буцаж сургуульдаа ирж захирал болсон. Ингээд Ардын боловсролд есөн жил ажилласан байдаг. Энэ хугацаанд идэвхи зүтгэлтэй ажиллласан гэж маршал Х.Чойбалсангийн гарын үсэгтэй хүндэт үнэмлэхээр шагнагдаад л н амын ажилд шилжсэн юм.
-Завхан аймгийн намын хорооны хоёрдугаар нарийн бичиг даргаар ажилласнаар төрд зүтгэсэн байдаг энэ тухайгаа сонирхуулна уу?
-Ардын унших бичгийн тогтоол гарсантай холбогдуулж сургуулийн захирал нарын зөвлөгөөн хотод болсон юм. Тэр зөвлөгөөнд оролцож байхад нэг өдөр Улс төрийн товчоон дээр дуудаж байна гэв ээ. Би ч энэ ямар учиртай юм бол гэж айсан нөхөр л төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт байрлах Ю.Цэдэнбал даргын нарийн бичгийн даргын өрөөнд яваад орсон чинь баахан л улсууд байна. Таньж мэдэхээс Чойжамц гуай, Дамдинсүрэн багш гэсэн томчууд байх юм, сүрдэж, сандарсан нөхөр л зогсож байхад хүмүүс орж гараад л байв. Тэднийг ажил, албанд томилоод байгааг нь мэдлээ. Ямар нэг ажилд л томилох юм байна, харин ямар алба байх бол гээд бодож байлаа. Тэгээд хэсэг хүмүүсийн хамгийн сүүлд нь орлоо, гэтэл сандал байдаггүй. Цэдэнбал дарга арын өрөөнөөс сандал аваад, суу хүүхээ гэж байна. Тэгээд, бүр арын өрөөнд ороод сандал аваад суулаа. Магванг Завхан аймгийн намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргаар томиллоо, чамд хэлэх үг байна уу? гэж байна. Би хэл бичиг уран зохиолын багш, санхүү, худалдаа, эдийн засгийн талаар ямар ч төсөөлөлгүй, амжихгүй байхаа гээд л хэлж орхилоо. Тэгтэл харин, за нөхөр минь хийж байж сурдаг юм, амжилт хүсье гээд баталчихдаг юм байна. Тэгээд л хоёрдугаар нарийн бичгийн даргаар жил гаруй ажиллаад төв рүү шилжсэн дээ.
-Таныг бас АИХ-д төлөөлөгчөөр оролцож үгээ хэлж байсан гэдэг, энэ талаар хуучилна уу?
-Би 22 настай багш байхдаа Ардын Их IX их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон. Улаанбаатар хотын захиргааны хуучин байшинд Алтай зочид буудал гэж байсан. Тэнд байрлаад хурлын материалыг үзлээ. Тэгээд л Үндсэн хуулийг төслийг уншиж байхад өөрчлөлт оруулмаар юм харагдаж байна. Түүх дурсгалын зүйлийг хамгаалах, депутатуудыг 2500 биш 3500 хүнээс сонговол яасан юм гэсэн санаанууд орж ирж байна.Тэгээд бас уншиж байхад Ардын Их хурал, АИХ-ын тэргүүлэгчдийн хурал, АИХ-ын гишүүдийн хурал гээд л баахан хурал уншигдаад байна. АИХ-ын чуулган гэж нэрлэвэл яасан юм гэж бодлоо. Тэгээд энэ санаануудаа нэгтгээд л бичиж орхилоо. Тэр үед аль аймгийн хэнээр үг хэлүүлэх, ямар сэдвээр юу хэлэх, тэр хүний хэлэх үгийг редакторын комиссоор оруулж батлуулсны дараа үг хэлэх хүндээ өгдөг журамтай байсан. Гэтэл би гэдэг хүн уг журмыг мэдэхгүй байж үг хэлнэ гээд л нэрээ өгч орхилоо. Офицерын ордонд Их хурал болсон юм. Маршалын хэлсэн үгтэй холбогдуулаад төлөөлөгчид үг хэлээд дууслаа, Цэдэнбал даргын илтгэлтэй холбогдуулаад хүмүүс үг хэлээд дуусаж байна. Ер нь өндөрлөх дөхөж байнаа, завсарлага ч боллоо. Т эгсэн манай Завхан аймгийн намын хороон дарга Дандар, «за Магваан чи АИХ-д үг хэлнэ гэж нэрээ өгсөн юм уу» гэж байна. «Тиймээ, би Үндсэн хуулийн талаар саналаа санал хэлэх гэсэн юм. Харин үг хэлүүлэхгүй байна шүү дээ» гэлээ. Чи тэр хэлэх үгээ надад нэг өгөөд орхи үзье гэв. Тэгээд хэлэх үгээ бичсэн цаасыг минь аваад явлаа. Тэр үед чинь Өрлөг жанжин маршал гэх мэтээр хэлэх үгийнхээ эхэнд нь заавал хэлдэг хүндэтгэлийн үгс моод /загвар/ байдаг байлаа. Завсарлага дуусаад ороход нөгөө хэлэх үгийг минь надад буцаагаад өглөө. Хурал эхлээд хоёр, гурван хүн үг хэлсний дараа миний нэр гарч, би индэр дээр гарч нөгөө хэлэх үгээ хэллээ.
Маршал болон Цэдэнбал дарга гээд дарга нар над руу их сүрхий хараад л нэлээн анхаарал хандуулж байна. Би ч үгээ хэлж л орхилоо. Миний хэлсэн саналыг Равдан генерал, С.Удвал гуай, өөр хэн хэн ч билээ дөрөв, таван алдартай хүмүүс дэмжиж байнаа. АИХ-ын төгсгөлд нь Цэдэнбал дарга хурлыг дүгнэж үгээ хэллээ. Тэгсэн миний «Чуулган» гэсэн саналыг хүлээж авлаа шүү. Бусад санал нь Үндсэн хуулинд зарчмын хувьд орсон тодруулаад тогтоол шийдвэрээр дэмжих бололцоотой гэв. Би дургүй байнаа, бас бүх саналаа л батлуулчих их санаатай нөхөр байж билээ. Ингэж л анхныхаа төрийг удирдах ажилд иргэний хувьд орж явсан юм.
-1969-1978 хүртэл Биеийн тамир спортын эвлэлийн төв зөвлөл /БТСЭТЗ/-ийн даргаар, бас МҮОХ-ны ерөнхийлөгчөөр ажилласан. Энэ үеэ дурсана уу?
-Би Төв хороонд хагас жил соёлын хэлтсийн орлогч байлаа. Энэ соёлын хэлтсийн ажлын функцэд биеийн тамирын хороо байсан. Тийм учраас биеийн тамирын байгууллагын ажил үүргийн талаар надад зохих хэмжээгээр мэддэг. Энэ салбарт болох, болохгүй асуудлыг нь мэддэг, ямар үед ямар арга хэмжээ авах вэ гэдгээ гадарладаг байсан учраас Биеийн тамир спортын эвлэлийн төв зөвлөл /БТСЭТЗ/-ийн даргын албан тушаал эрхлэх нь надад их танил ажил байсан л даа.
Төв хороонд ч БТСЭТЗ-д ч таван жил, Үйлдвэрчний төв зөвлөлд ч таван жил ажиллаж байхдаа ч биеийн т амир спортын эвлэлийн талаар ихээхэн туршлагатай болсон. Ер нь БТС-ын эвлэл, үйлдвэрчний эвлэл болон залуучуудын байгууллагын удирдлагууд бид үргэлж л хамтарч ажилладаг байсан. Тиймээс ч биеийн тамир спорт надад их танил байсан гэж би ярьж байгаа юм. БТС-ын хувьд их хүчтэй байгууллага байсан бөгөөд төрийн эрхлэх зарим чиг үүргийг гүйцэтгэдэг байлаа. Тухайлбал, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлсэн зарцуулалт, байдлын талаар эргэж Төв хороонд мэдээлж, тайлагнадаг. БТСЭТЗ-өөс гаргасан шийдвэр бол улсын хэмжээнд дагаж мөрдөх эрхийн акт болдог байсан. Тухайлбал, спортын мастер болоход сар бүр 50 төгрөгийн нэмэгдэл олгоно гэхэд БТСЭТЗ-ийн тэргүүлэгчдийн тогтоол гаргаад л нийт яам, газрууд түүнийг биелүүлдэг. Улс орны хэмжээнд зохион байгуулах ажлыг ч бас хийлгэдэг. Шийдвэр гарсан л бол үг дуугүй л биелүүлдэг байсан. БТСЭТЗ-ийн тэр үеийн үйл ажиллагаа нь залуучууд, ҮЭ, ардын боловсрол зэрэг байгууллагуудтай нягт ажлын уялдаа холбоотой байв. Бүгд л хамтарч шийддэг бөгөөд яамдын орлогч сайдууд нь БТСЭТЗ-ийн тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд багтдаг. Тухайн үед их спорт тийм ч сайн хөгжөөгүй цаг үе байсан учраас биеийн тамир спортын томоохон арга хэмжээ, тэмцээн уралдааныг зохион байгуулах ажлыг манай байгууллага гардан удирддаг байлаа.
Ялангуяа олон төрлийн спорт хөгжөөгүй, спорт холбоодууд биеэ даах чадвар бий болоогүй учраас БТСЭТЗ нь өөрөө бүгдийг хариуцан явуулдаг байсан. Олимпийн анхны медалиудыг л авч байсан үе шүү дээ. Тийм учраас бүх ажлыг бас л тал талын хамтын хүчээр ихээхэн тус дэм болж, үр дүнд хүрч үйл ажиллагаа нь өөдрөг байлаа. Миний хувьд БТСЭТЗ-д 1978 он хүртэл ажилласан. Энэ үеийн олимп, тив, дэлхийн спортын наадам, тэмцээн, уралдаанд оролцож гаргасан амжилт, ололтууд ч тус байгууллагын ажлын үр дүн ямар байсныг нотлон харуулах болов уу.
Олимпизмтэй нөхөрлөж дэлхийд танигдсан «олимпийн өвөө»
-ОУОХ-ны гишүүн хэмээх хүндтэй, хариуцлагатай үүрэг хүлээж ажиллах болсон энэ үе танд олон сайхан дурсамж үлдээж, бас их ойр дотно үйл хэрэг тань байх шүү . Энэ талаар дурсана уу?
-1969 онд БТСЭТЗ-ийн дарга болсон тэр үеэс улсын болон дэлхий болон Ази тивийн хэмжээнд, бас социалист орнуудад зохион байгуулж буй уралдаан тэмцээн, БТС-ын удирдах албаныхаа хүрээнд болсон хурал, зөвлөгөөн гээд энэ системд төрөл бүрийн арга хэмжээ болж байлаа. Энэ бүгдэд оролцож байсны хувьд би өөрийгөө олон улсын хэмжээнд танил болчихсон хүн гэж болно. Нөгөө талаар эх орноо социалист, капиталист гэх хоёр систем байх үед өөрийн системийн болон Монгол Улсын харилцаа, чадавхийг олон улсын олимпизмийн хөдөлгөөний харилцаанд бэхжүүлэх шаардлага байсан. Тийм ч учраас социалист орнуудын дэмжлэг ч байлаа.1977 онд дараагийн олимп болохын өмнө болсон ОУОХ-ны чуулганаар намайг гишүүн болгох тухай асуудал хөндөгдөж, тэр үед долоон хүн ОУОХ-ны гишүүнээр элсэж байлаа. Тухайлбал, Ази, Австрали, Европ, Африк гээд тив тивээс л нэр дэвшээд, улмаар биднийг зөвшөөрч батлаад 1977 онд Прага хотноо ОУОХ-ны гишүүнээр тангараг өргөсөн юм.
-Таныг 1972 оноос эхэлж Монгол Улсын баг, тамирчдаа ахлан өвөл, зуны олимпийн наадмуудад оролцсон ганц Монгол хүн гэдэг. Энэ талаар юу хэлэх вэ?
-1972 оноос эхэлж олимпийн наадамд би өөрийнхөө баг тамирчдыг тэргүүлж оролцсон. 1972 оны зуны олимп Мюнхенд, өвлийнх нь Саппоро буюу Японд болсон. Тэр үед манай улс баруун Германтай, Япон улстай ч дипломат харилцаагүй байсан. Тийм учраас хөрөнгөтөн орнуудад олимп болох гэж байгаа нь өөрөө үзэл суртлын зөрчилдөөн тэр үед их байлаа шүү дээ. Төв хорооноос болон Нийгмийг Аюулаас хамгаалах яам /НАХЯ/-наас албаны хүмүүс багийн бүрэлдэхүүнд ордог байв. Ийм л удирдах бүрэлдэхүүнтэй олимпийн баг явна шүү дээ. Тэгээд л очсон хөрөнгөтөн орнуудад манай багийхантай уулзъя, энээ тэрээ гэх явдал байнга л гарна. Ямар хүн, яах гэж, ямар асуудлаар уулзах гэж байна, бид ямаршуухан хандлагатай зүйл ярих бол, ямар байдлаар харилцах вэ гэдгийг НАХЯ-ны төлөөлөгч, Төв хорооны дарга, олимпийн хорооны дарга гурав хоорондоо зөвлөж байж л асуудлыг шийднэ. Тэгээд албан ёсны дипломат харилцаагүй байсан улс орны төлөөлөгчидтэй би л дандаа уулзана, ярилцлага, энэ тэр юманд нь оролцдог байж билээ. Мюнхены олимп бол олимпийн хөдөлгөөн улс төр хутгалдсан ийм олимпийн наадмуудын нэг шүү дээ. Тийм хүнд үе д манай орны баг тамирчид эх орны нэр төрийг хамгаалаад эх орондоо мөнгөн медальтай /Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх/ ирж байсан даа.
-ОУОХ-ны гишүүний хамгаалалт, хангалт, эрх гэсэн зүйл байдаг уу?
-ОУОХ-ны гишүүн хүн бол өөрийнхөө улс орныг төлөөлж олимпийн наадам оролцдоггүй. Эн тэргүүнд ОУОХ-г төлөөлж байгаа албан ёсны төлөөлөгч байдаг. Бас нэг зүйлийг тодруулж хэлэхэд анхны олимпийн наадмаас эхлээд өнөөг хүртэл ОУОХ-нд нэгдсэн гишүүнээр элссэн улс бүрээс ОУОХ-ны гишүүнийг сонгодоггүй. ОУОХ-нд дэлхийн 205 орон гишүүнээр нэгдсэн байхад 80-аад орноос л гишүүн сонгогдсон байгаа шүү дээ. ОУОХ нь жил бүрийн хорооныхоо чуулганыг зохион байгуулдаг. Энэ чуулганаас хууль эрхийн актуудыг гаргадаг, гишүүн орны болон ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн ажлын тайланг сонсдог, олон улсын спорт холбоодуудын ажлын тайланг сонсоно.
Мөн Үндэсний олимпийн хороодоос ирүүлсэн байгууллагын тайланг нь илтгэлийг хүлээн авдаг ийм л байгууллага. Тэгээд ОУОХ-ноос шийдвэрээ гаргадаг. Олимпийн наадмыг зохион байгуулах хотыг шалгаруулна. ОУОХ-ны их хурлаас гарсан шийдвэрийг яаж биелүүлэх асуудлыг дөрвөн үе шаттайгаар явуулж, хурлаар дэвшүүлсэн санал шүүмжлэлийн хүрээнд авах арга хэмжээг төлөвлөж үйл ажиллагааг зохион байгуулах албан ёсны үндсэн баримт бичгийг гаргадаг. ОУОХ-ны их хурал 40 гаруй жил тасраад 1973 онд Болгар улсын Варна хотноо хуралдаж дараа нь Германы Баден Баден хотноо хоёр дахь хурлаа буюу ОУОХ-ны XI их хурлаа хийсэн юм. Энэ хурлаар улс орнуудын үндэсний олимпийн хороо, Олон улсын спортын холбоо, хороод болон ОУОХ-ны хамтын ажиллагааг эрх зүйн хувьд нэгтгэж, зорилгыг тодорхой болгож, шийдвэрлэж өгсөн чухал ач холбогдолтой түүхэн хурал гэдэг шүү дээ.
-Та одоо ОУОХ-ны хүндэт гишүүн. Энэ гишүүний эрх, үүргийн талаар сонирхуулна уу?
-Олон улсын олимпийн хөдөлгөөнд олон жил идэвх зүтгэлтэй ажиллаж гавъяа байгуулсан гишүүдээ хүндэт гишүүнээр сонгодог. Энэхүү эрхэм хүндтэй цолыг хүртэж эдлэх болсон нь миний амьдралд тохиолдсон хамгийн завшаантай ийм үйл хэрэг гэж боддог. Яагаад гэвэл би, олон улсын олимпийн хөдөлгөөнд 30 жил ажиллаж олон улсын олимпийн хөдөлгөөний хөгжил өрнөлийн хүнд хэцүү үе болох оршин тогтнох уу, эс оршин тогтнох уу гэж байх үед нь олимпизмийн хөдөлгөөнийг зөв замаар нь явуулах энэ үйл хэрэгт гар бие оролцож, миний санал бодол тусаж байсан миний зүтгэл оролцоо, үйл хэргийг минь ОУОХ ингэж өндөр үнэлсэн хэрэг гэж бодож байна. Ингээд 2007 онд ОУОХ-ны хүндэт медаль хүртэж, 2008 оны Бээжингийн олимпийн наадмын үеэр ОУОХ-ны одонгоо хүртэж, ОУОХ-ны хүндэт гишүүний мандатаа албан ёсоор хүндэтгэлтэйгээр хүлээн авч байлаа.
-Олимпийн наадмын нээлт, хаалт үнэхээр дахин давтагдашгүй гайхамшигтай байдаг. Ер нь олимпийн наадам бүхэн л өөр өөрийн содон онцлогоороо түүхэнд үлддэг байх шүү?
-ОУОХ-ноос олимпийн наадам бүрийн зохион байгуулалт, үйл ажиллагааг дүгнэхдээ, урьд өмнө нь болж байсан олимпийн наадмаас хамгийн шилдэг нь боллоо гэсэн дүгнэлтийг өгдөг. Энэ нь ямар учиртай вэ гэхээр олимпийн наадам бүр урьд өмнөх олимпийн наадамд хийж, хэрэгжүүлж байгаагүй, хийгээгүй нэг шинэ юмыг заавал хийж зохион байгуулж байдагтай холбоотой. Тухайлбал, Бээжингийн олимп гэхэд бүгд мэднэ олимпийн бамбар хичнээн урт замаар аялаж, хамгийн олон орноор явсан. Олимпийн гал нь олон улсын олимпийн хөдөлгөөнийг сурталчилж дэлхий дахинаа таниулж явдаг ийм чухал үүрэг гүйцэтгэдэг зүйл шүү дээ. Гэх мэтчилэн удирдлага зохион байгуулалтаас гадна тэр олимпийн наадмыг бүрдүүлж зохион байгуулж байгаа тэр хөтөлбөрийн цар хүрээ өмнөх олимпийн наадмуудаас хамгийн хамгийн шилдэг нь байдаг учраас ингэж нэрлэдэг юм. Олимпийн наадамд оролцож байгаа улс орны тоо үргэлж нэмэгдэж байгаа. Эмэгтэйчүүдийг олимпийн хөдөлгөөнд улам өргөн оролцуулахын тулд олимпийн спортын төрөлд эмэгтэйчүүд оролцдог спортын төрлүүдийг нэмсэн. Анх их хурлаараа 20 хүртэл хувьд эмэгтэйчүүд ийг оруулна гэж зорилт тавьж байсан бол одоо 50 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн. Өнөөдөр олимпийн наадам, олимпийн хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүсийн 40 гаруй хувь нь эмэгтэйчүүд болоод байна.
-Та ОУОХ-ны гишүүний хувьд дэлхийн хэдэн орноор зорчоод байгаа бол?
-Ойролцоогоор 80 гаруй орноор очсон юм болов уу, тодорхой сайн гаргаж чадаагүй л байна.
-Олимпийн хөдөлгөөнийг өнөөдөр ийм хүчирхэг, хүн төрөлхтөний эв нэгдлийн их наадам болгох үйлсэд ОУОХ-нц үе үеийн зүтгэлтнүүд ихээхэн чухал үүрэг хүлээсэн байх шүү?
-ОУОХ-ны ерөнхийлөгчөөр найман хүн ажилласан байдаг. Тэднээс Пьер де Кубертэн 25 жил, Хуан Антонио Самаранч 21 жил, Беренч 20 жил ОУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Самаранч бол ОУОХ эдийн засгийн хувьд их хүнд байдалд ороод байсан үед, олимпийн хөдөлгөөнд улс төрийн уур амьсгал хүчтэй нөлөөлж байх үеийн ерөнхийлөгч гэдгээрээ онцгой гавьяа байгуулсан юм. Тэрбээр дипломатч хүний хувьд, эдийн засагч, бизнесмэн хүний хувьд ОУОХ-г чадварлаг удирдаж, олимпизмийн хөдөлгөөнийг эв намбанд нь оруулж асар богино хугацаанд хөл дээр нь бат зогсоож чадсан гавъяатай хүн. Өнөөдөр олимпийн хөдөлгөөн эрчимтэй хөгжиж өвөл, зуны төрлөөр явагддаг боллоо. Одоогийн ерөнхийлөгч Жак Рогге бол 1999 онд ОУОХ онцгой чуулганаа хийж олимпийн хөдөлгөөний үйл ажиллагааг нээлттэй, ардчилалтай болгох, олимпийн хөдөлгөөнд хүчний тэнцвэрийг ойртуулах зорилгоор 1894 онд батлагдсан Олимпийн Харт /дүрэм/-д зарчмын шинэ өөрчлөлтүүд хийсэн хүн. Эдгээр өөрчлөлтийг хийхэд Самаранч их хувь нэмэр үзүүлж, улмаар Ж.Рогге үүнийг жинхэнэ ажил хэрэг болгох үйл ажиллагааг хэрэгжүүлэн өнгөрсөн 12 жилд их ажил хийлээ. Энэ үйл хэрэг нь тэднийг үнэлж баршгүй гавьяатай ерөнхийлөгчид хэмээн зүй ёсоор онцгойлон нэрлэхэд хүргэсэн учиртай. Пьер де Кубертэн бол шинэ үеийн олимпийн хөдөлгөөнийг үндэслэгч гэдгээрээ гавьяатай хүн. Бусад ерөнхийлөгчид ч өөр өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан гавьяатай хүмүүс гэдэг нь мэдээж.
-Олимпийн наадмыг өөрийн улс, хотдоо зохион байгуулахын төлөө өндөр шалгуур үзүүлэлтүүдийг давж байж сая нэг эрх авдаг. Энэ тухай та юу хэлэх вэ?
-Олимпийн хөдөлгөөн 1970-аад оны дундуур бэрхшээлтэй байдалд орсон. Тухайн үед, АНУ-ын Лос-Анжелес болон Японы нэг гэсэн хоёрхон хот л олимпийн наадам зохион байгуулахаар нэрээ дэвшүүлж байлаа шүү дээ. Нэрээ дэвшүүлсэн Японы тэр хотын 200-гаад оршин суугчид нь ОУОХ-ны хурал зохион байгуулж байх үеэр хотдоо олимпийн наадам зохион байгуулахыг эсэргүүцэж жагсаал, цуглаан хийж өөрийн хотод олимпийн наадам явуулахгүй байхыг хүссэн бичгийг ОУОХ-нд илгээж байлаа. Тэд хотынхоо байгаль орчинд сөргөөр нөлөөлж унаган төрхөө алдана хэмээн үзэж байв. Тэгээд Лос-Анжелес хот өрсөлдөгчгүй олимп зохион байгуулах эрх авч байлаа. Тэгвэл одоо олимпийн наадам зохион байгуулах хүсэлтээ илэрхийлдэг хот дор хаяж долоо, бүр 10 хот нэр дэвшүүлж өрсөлдөх болсон. Яагаад ийм болов гэхээр олимпийн наадам зохион байгуулснаар тухайн хотын эдийн засаг, дэд бүтэц хөгжихөөс эхлээд ажлын байр бий болох, улс, үндэстнүүдийн соёлыг түгээх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх , хотоо сурталчилж таниулах зэрэг олон талын ач холбогдолтой. Ийм учраас олимпийн наадам зохион байгуулах хүсэл эрмэлзлэл өргөн дэлгэр болж өрсөлддөг болсноор 10 жилийн өмнө тухайн хот нэрээ дэвшүүлж, долоон жилийн өмнө аль хотод олимпийн наадам зохион байгуулах гэдгийг албан ёсоор сонгож, эрхийг нь олгодог. Тухайн сонгогдсон хотод спортын хэдэн төрлөөр олимпийн наадам зохион байгуулах талаар спортын тус бүр дээр нууц санал хураалтаар шийддэг. Лондонгийн 2012 оны зуны ХХХ Олимпийн наадамд 26 спортын төрлөөр аваргаа тодруулах бол 2016 оны Рио-де-Жанейро-д 28 спортын төрлөөр олимпийн наадмыг зохион явуулна. Лондонгийн олимп бол Европ тивд болж байгаа, бас Бээжингийн олимп ийн дараа хамгийн олон орон оролцох олимпийн наадам учраас тун хариуцлагатай шалгуурыг давах онцгой үүрэг хүлээж байгаа юм.
-Монголын тамирчид Бээжинд гаргасан амжилтаа Лондонд гаргана гэдэгт ард түмэн итгэж байгаа. Энэ тухай таны үгийг сонсоё?
-Монголчууд олимпийн наадамд тугаа мандуулж, хүчээ сорьж эхэлсэн тэр цагаас хойш Токио, Сидней хотноо болсон зуны олимпийн наадмаас л медальгүй ирсэн юм. Манай тамирчид эх орныхоо нэрийн хуудас болж оролцсон наадмуудаас Мехико, Москва, Бээжингийн олимпийн наадмаас дөрөв дөрвөн медальтай ирж байлаа. Бээжингийн олимпийн наадамд гаргасан амжилтаа бататгах, бүр ахиулна гэсэн хүсэл эрмэлзлэл монгол хүн бүхэнд байгаа. Олимпийн наадамд бэлтгэж оролцоно гэдэг хэдэн тамирчин, дасгалжуулагчид, МҮОХ, БТСГ, байгууллагын хийх ажил биш, төр засаг, нийт ард түмний хамтын хүчин зүтгэл, тал бүрээс нь анхаарч боломж нөхцлийг нь бүрдүүлэх явдал. Сэтгэл зүй, ёс суртахууны гээд бүх талын дэмжлэг туслалцаа чухал. Бээжинд бид ийм байж л амжилтанд хүрсэн. Спортын өндөр амжилт гаргах хамгийн чухал хүчин зүйл бол шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээ хийж, техник технологийн ололтыг хослуулах ёстой. Энэ бүхний үр дүн Лондонгийн олимпийн наадамд гарна гэдэгт итгэл дүүрэн монголчууд хичээн зүтгэж байгаа. Ийм сайхан өөдрөг сэтгэлээр амжилтад хүрнэ гэж итгэж байна.
Д.Өлзийсайхан
URL: