Ерөнхий сайд С.Батболдын төрийн албанд шургалсан бүлэглэл задран уналаа

Улс төрийн болон ашиг сонирхлын зөрчлөөр төрийн албанд шургалсан хүмүүсийн нэрсийг Төрийн албаны зөвлөл олон нийтэд дэлгэлээ. Яам, агентлагийн, газрын, орлогч, хэлтсийн даргаас авахуулаад аймгийн газрын дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагч гээд байж болох төрийн албаны орон тоонд хууль бусаар томилогдоогүй хүн гэж бараг алга. Уг нь төрийн жинхэнэ албан тушаалд захиргааны болон тусгай албан хаагчид ордог. Энэ ангилалд улс төрийн томилгоо хамаардаггүй. Энэ бол хуулиар хориотой. Гэвч тэдний хэд нь улс төрийн болон эрх ашгийн зөрчлөөр хуулиас ангид томилогдсон эсэхийг мэдэх аргагүй. Тухайн томилсон сайд, дарга нараас нь л асууж үнэнийг мэдэж болох биз. Энэ хооронд хууль бус томилгоо хууль ёсных болж ч мэдэх нигууртай. Төрийн албанд цөөвөр чоно шиг танил тал, найз нөхөд, намын харьяаллаараа сэмхэн орж ирсэн 354 албан хаагч байгааг Төрийн албаны зөвлөлийнхөн тогтоогоод байна. Энэ бол сүүлийн хоёр жилийн дотор төрийн албанд хууль бусаар томилогдсон албан хаагчдын тоо. Үүнээс сонгон шалгаруулалтгүй томилогдсон 106 удирдах албан тушаалтан бий. Харин төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд орохдоо шалгалт өгөөгүй, хууль бусаар томилогдсон 133, шалгалт өгсөн иргэдээс төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн нөөцийг бүрдүүлэх журам зөрчиж томилогдсон 115 иргэн байгаа юм. Хууль бусаар төрийн албанд орсон дээрх албан хаагчдын томилогдсон тушаалыг хүчингүй болгох асуудлаар холбогдох байгууллагуудад мэдэгдээд байгаа аж. Нэгэнт Төрийн албаны тухай хууль журмыг зөрчсөн болохоор эдгээр иргэдийн томилогдсон шийдвэрийг нь хүчингүй болгож сул орон тоог нь нөхөх юм. Бас хууль бусаар албан хаагч томилсон яам, агентлагийн сайд, төрийн нарийн бичгийн, газрын дарга нарт торгууль ноогдуулах ажлыг ирэх гуравдугаар сараас эхлүүлэх аж. Үнэн бол сайхан л юм. Гэхдээ… гэсэн цөхрөл, үл итгэх байдал төрж буйг нуух юун. Ерөнхий сайд утасдаад нэгэн яамны Төрийн нарийн бичгийн даргад “Тэр албан тушаалд түүнийг томил гэсэн” үүрэг өгч, тэр нь газар дээр нь асуудлыг шийдсэн түүхийг арийн албаныхан ярьж байна. Бас болоогүй ээ. Нэг сайдад УИХ-ын гишүүн үүрэг өгөөд дүүгээ газрын даргаар томилуулсан гэх мэт жишээ олон. Байгаль хамгаалагчийн орон тоон цээр нэгэн сайд удирдлага доорх албан тушаалтандаа үүрэг өгч хамаатнаа хууль бусаар томилуулж жижгэрсэн явдал ч байх юм. Энэ мэт байдлаар өндөр албан тушаалтнууд төрийн албыг дархлаагүй болгож, вирустүүлж байгаа жишээ олон. Ерөнхий сайд С.Батболдын Засгийн газрын үед төрийн алба хоёрхон жилийн дотор энд тэндээс нь салхи савир орж, сэмхэн шахааны хүмүүс гулгуулсны илрэл энэ. Ямар ч Засгийн газрын тэргүүн төрийн гол албанд өөрийн хүнээ томилох гэж мэрийдэг нь гэм биш зан. Түүнээс өмнө Засгийн газар толгойлж байсан хүмүүс ч иймэрхүү далд аргаар төрийн албыг өөрсдийн хүмүүсээрээ хэрүүлж л байсан.

Мэдээж ашигтай хаялгатай гэх төрийн албаны орон тоо шүү дээ. Гэхдээ Ерөнхий сайд С.Батболдын төрийн албанд шургалсан бүлэглэл эв найрамдалгүй байснаас задран уналаа гэж үзэж болох юм. Учир нь өмнөх Ерөнхий сайд нарын тактик олонд ингэтлээ ил болж байсан билүү. Төрийн алба, холбогдох байгууллагуудыг нь Ерөнхий сайд тас барьж чадсан бол ийм байдалд хүрэхгүй л байсан. Тэгж чадаагүй, бас найдваргүй хүмүүсээрээ бүлэглэл, тойрон хүрээлэл бий болгож өнөөдүүл нь хоорондоо хөлөө жийлцсэнээс энэ бүлэглэл бусдын өгөөш болж, төрийн албанд шургалсан хүмүүс нь ил гарч байгаагаар тайлбарлаж болох. Эндээс Монгол Улсад яагаад сайн засаглал, шударга нийгэм бүрэлддэггүйн шалтгааныг тод харж болох юм.

Судлаад үзэхээр хэн нэгний татаас, гуйлга, эсвэл улс төр, намын харьяаллаар нь томилдог өнөө жишиг. Иймэрхүү хууль бус зүйл төрийн албаны чадавхид нөлөөлж, бидний хүрэх гэж тэмүүлээд буй сайн засаглалыг бий болгохгүй байгаагийн нэг шалтгаан. Засаглалаа шударга болгоод хуулиа мөрдөх л юм бол Ямар ч орон хөгждөг, дэлхийн бусад орнуудын жишиг бий. Оюу толгой, Таван толгойг хэн ч олборлож, ашигласан бай тэндээс монголчууд их хэмжээний ашиг олно. Энэ ашгийг зөв хуваарилж, зөв зарцуулж чадахгүй л бол Монгол Улс хөгжихгүй. Энэ хөрөнгийг зөв зарцуулах хүмүүс нь төрийн албан хаагчид. Төрийн албанд хууль бус эрх ашгийн зөрчилтэй хүмүүс орно гэдэг ирээдүйн баялгийг нураахын л цондон. Цаашлаад төрийн албаны хууль бус томилгоо нийгмийг хямрааж, дотроос нь буглуулах гол үндэс болдог гэхэд хилсдэхгүй. Тийм учраас төрийн алба цэвэр байж улс эх орон хөгжих нэгэн шанг татах юм.

Г.Дэлгэрцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих