Эрчүүд нь эх оронч, эмэгтэйчүүд нь гэр оронч Монгол

Яг одоо юу хийж чадаж байна, юугаар бахархаж байна гэхээр шууд хэлчих үггүй тулгамдан таг болчихоод яаж ч бас дуугүй байхав гэж бодмоглон амандаа бувтнадгаа энэ удаа түр мартья. Тэртээ тэргүй Ким Чен Ир “ах” нэгэнтээ агуу их түүхтэй ард түмэн агуу ихийг бүтээнэ гэдэгт итгэдэг гэж хэлсэн юм чинь. Хийж л таараа, бүтээж л таарна. Бүтээх гэж хэр чадлаараа л хичээж байна даг, бидний Монголчууд, Үр дүн нь л жаахан тааруу байгаагаас биш…
За тэгээд шууд үр дүн нь харагдах ажил үйл ч гэж юу байхав. Ямар байшин барилга барьж байгаа биш. Бараа сүр гээд байхаар юмгүй ч асар их амжилт дагуулдаг ажил хэрэг зөндөө л байдаг биз дээ, энэ хорвоод. Тэр ч утгаараа алсдаа арвин их үр өгөөж өгөх ажил үйлс эх сайхан нутагт маань өрнөж байгааг хэн ор тас үгүйсгэж чадах юм бэ. Ямар ч байсан дэлхийн эзэнт гүрнийг байгуулж байсан дайнч, нүүдэлчин удамтай монголчууд 20 дугаар зуунд бусадулсууд цус, нулимсаа урсган амь насаараа дэнчин тавьж байж олж авдаг хувьсгалыг дусал ч цусгүйгээр ялуулж, ардчилал зах зээлийн системд хөл тавиад 21 жил болчихсон гэдэгтэй хэн ч маргахгүй гэдэг тодорхой.

21 жилийн тэртээ Сүхийн талбайд өлсөж даарч хэвтсэн бас тэмцсэн эрчүүд өдгөө төр засгаа толгойлон, түмэн олноо хүндлэгдэн, Үндсэн хуульд заасан эрхийг нь иргэдэд ижил тэнцүү эдлүүлэх гэж хэрэндээ л хичээж байна. Хэлэх хэлэхгүйгээр гоочлуулсан ч иргэдээ төлөөлөн их хуралд суух гэж тэмүүлдэг “эх оронч” тэднийгээ магтан дуулъя. Яадаг юм бэ, алдаж онодог амьдралд алдаа оноогүй дардан зам гэж огт байдаггүйг хэн чит л мэдэх хойно, ад үзэн гоочлохоо больцгооё. Энэ цагийн эх орончид байгаагүйсэн бол парламент эзгүйрч балрах ч байсан юм бил үү. Даяарчлагдсан ертөнцөөр түрээ барин эх сайхан нутагт минь суурьшсан өвөрлөгч нэгэн их хуралд суучих ч юм билүү. Хэн мэдлээ.

Эвгүй юм их л дуулдах юм байна шүү дээ, энэ ертөнц дээр. Элдэв гадны нөхдөд бүү хэл эмэгтэйчүүддээ эх оронч байх боломж олгохгүй их хурал руу зүтгэх эрчүүдийнхээ эх оронч сэтгэлгээг буруутгалгүй, эмэгтэйчүүд хэрхэн улстөрөөс шахагддаг талаар хийсэн, явуулсан судалгааг дүнтэй нь харьцуулаад эрчүүд маань хэр эх оронч вэ гэдгийг тодорхойлчих боломж байна, цаана чинь. Бас ч гэж дажгүй л тооцоо гарахаар юм билээ. Гэхдээ бүсгүйчүүддээ 30 хувийн квот өгчихөөд сонгуулиас өмнө буцаагаад авчихсан булхайг нь хөндөхгүй шүү. Гадныхан мэдчихвэл Монголын улстөрч эрчүүд баахан түрэмгий юм байна гээд буруу ойлгочихно, төвөг цаашаа.

Сонирхуулахад манай улс ардчилалд хөл тавьснаас инагш ээлжит сонгуулийг тавантаа явуулсан агаад өдгөө ирэх зургаадугаар сард зургаа дахь ардчилсан сонголтоо хийх гэж буй. Гэхдээ бидний эрхэм сонголт эмэгтэйчүүдэд төдийлөн таатай байгаагүйг доорх тооцооноос харж болно. 1992 онд УИХ-д 298 хүн өрсөлдсөний 23 нь эмэгтэй хүн байсан ба ердөө л гурван бүсгүй, 1996 онд 303 хүн өрсөлдсөнөөс 28 нь эмэгтэй байсан ба долоон бүсгүй УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ. Харин 2000 онд 604 хүн УИХ-д өрсөлдсөн бөгөөд эдний 67 нь эмэгтэй хүн байсан ба есөн бүсгүй гишүүнтэй болсон нь манай ардчиллын түүхэн дэх түүхэн амжилт болон тэмдэглэгдэн үлдсэн байх юм.

Түүнчлэн 2004 онд 262 хүн өрсөлдсөнөөс 35 бүсгүй, эрчүүдтэй ана мана үзэлцээд гурав нь л ялалт байгуулсан бол 2008 онд 256 хүн нэр дэвшсэний 67 нь эмэгтэйчүүд байсан ба мөн л гуравхан нь гишүүнээр сонгогджээ. Тодруулбал УИХ дахь шингэн дуутууд хэмээгддэг С.Оюун, Д.Арвин, Д.Оюунхорол гурав шүү дээ. Нарийн яривал эртнийхээ түүхээрээ бахархах дуртай монголчуудад дуулгах үг бас байна.

Хэрэг болгон түүхийн шарласан хуудас, гадна дотны элдэв сурвалж бичгүүдийг сөхөөд нэг хараарай. Ухааны цараараа дэлхийд гайхагдсан хатад цөөнгүй бий. Харин энэ цаг дор эмэгтэйчүүдэд итгэн эх орноо удирдах ажлыг даалгаж төвдөхгүй байгаа нь эрчүүдийн сэтгэлгээний гажуудал уу, эмэгтэйчүүдэд итгэх эгэл түмний найдвар бөхсөнийх үү эсвэл зүгээр л энэ цагийн гажуудал уу гэдгийг таахуй бэрх.

Ямартай л эрчүүдэд адлагдсандаа гоморхсон /тэгсэн л болов уу гэж тааж буй хэрэг уучлаарай/ бүсгүй аальтан энэ цагт эзэн Чингис эмэгтэй хүн болж төрнө гэсэн. Тэр би гэчихсэн гүйж явахав. Ер нь тэгээд үүх түүхээрээ бахархан даян дэлхийг дайлаар морьдсон агуу их түүхэндээ ханаж цаддаг бол цадахаар л их хугацаа өнгөрчихсөн шиг санагдах юм.

Эсвэл социализмын үед бахархаж чадахгүй сэтгэлдээ буглажявенаа нөхөх гээд байгаа юм болов уу гэж бас бодогдох. Аль нь ч байсан нэгэнт өнгөрсөн хэрэг. Өдгөө сэрж сэтгэн эр эмээрээ өөр хоорондоо тулалгүй эвлэлдэн нэгдэж эх оронч байцгаая. Эрчүүд нь эх оронч, эмэгтэйчүүд нь гэр оронч байна гэдэг ойлголт 21 дүгээр зууны ардчилсан Монгол Улсад байж болохгүй. Нөгөөтэйгүүр эх оронч эрчүүдтэйгээ эн зэрэгцэн эх оронч…

Эх оронч гэхээсээ удирдагч байхыг хүсэгч бүсгүйчүүд гэр оронч сэтгэлгээнээсээ салах ёстой. Хэтэрхий гэр оронч сэтгэлгээнээс болоод л эх оронч эрчүүдээрээ араараа тавиулчихаад буйгаа ухаарах ёстой. Нэгэнт гэр оронч сэтгэлгээтэй улсыг чинь эх оронч, их хуралд суух арвин их хүсэл тэмүүлэлтэй улстөрч эрчүүд юунд өмнөө оруулахыг хүсэх билээ. Хичнээн өгөөмөр байсан ч эхлээд өөрийгөө аргалчихыг бодох нь Монголын гэхээсээ хүн төрөлхтний төрөлх араншин.

Буруутгах боломжгүй асуудал гэсэн ч болно. Тэгээд ч улстөрч бүсгүйчүүдийн унах нүхийг бүсгүйчүүдийн хүслээр ухдаг. Захиалагч нь эмэгтэйчүүд, гүйцэтгэгч нь эрчүүд байдаг байж болох юм. Уг нь улстөрчид байна гэдэг ялангуяа эмэгтэй улстөрчид олонтой байна гэдэг нийгмийн салбарт нэлээд том ахиц гарах гол түлхүүр гэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт бий.

Гэвч Монголын улс төрд бүсгүйчүүдийн дуу хоолой дутмаг. Бүр тодруулбал дээр дурьдсан УИХ-д амжилт үзүүлсэн бүсгүйчүүдийн буухиа АН-д, тасарч МАН-д амьсгаатай төдий л байгаа. Амьсгааг нь таслалгүйхэн амжилт үзүүлэх хүсэл 2012 оны сонгуулийн өмнө ид оволзож байна. Бүсгүйчүүдэд ч, иргэдэд ч. Одоо гэр оронч үзлээсээ ангижирч эх оронч байж сурах л хэрэгтэй байна даа. Гэхдээ өнөөгийн олонх улстөрч эрчүүд шиг УИХ-д орох шунал бүхий “эх оронч” сэтгэлгээ бус жинхэнэ эх хүний эх оронч сэтгэлгээ, эм хүний мяндсан ухаан хэрэгтэй байна даа, улстөрч бүсгүйчүүд минь…
Амжилт хүсье.

З.Урсгал

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих