Мөнгө хэрэггүй, хувьцаагаа л авцгаая
Ерөөсөө зөвхөн хувьцаагаа л нэхэж авсан нь дээр гэж уриалах олон шалтгаан байна л даа. Хамгийн энгийнээр тайлбарлахад мөнгө бол хэд хоноод л дуусчихна, харин хувьцаа бол хадгалах тусам үнэд орж, жил бүр ногдол ашиг хүртээнэ. Нэг удаагийн бус насан туршийн хөрөнгө оруулалт гэсэн үг. Тавантолгойн орд олон улсын хөрөнгийн зах зээл дээр гараад хувьцааных нь хамт өсөх тусам монгол хүн бүрт ирэх үр өгөөж нь нэмэгдэнэ. Монгол түмний Тавантолгойн ордыг дэлхийн олон улс орон сонирхож байгаа нь өнгөрсөн хугацааңд хангалттай харагдлаа.
Одоо хөрөнгийн зах зээл дээр гарчихвал дэлхийн хөрөнгө оруулагчдын сонирхол улам нэмэгдэх учиртай. Тэр хэрээр хувьцааны үнэлгээ өснө. Үнэлгээ өсөх тусам ногдол ашгийн хэмжээ нэмэгдэнэ шүү дээ. Засгийн газрын хувьд иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэхээр болоод байгаа. Гэхдээ иргэд хүсвэл хувьцаагаа Засгийн газарт зараад сая төгрөгөө авч болно гэх. Ингэж иргэдээс авсан хувьцаагаа Засгийн газар хадгалаад байхгүй л дээ. Эргүүлээд үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах замаар иргэдэд өгөх сая төгрөгөө бүрдүүлнэ гэж буй. Үндэсний компаниудад Тавантолгойн хувьцааг олгохгүй гэж яригдах үед “Монгол 999″ тэргүүтэй үндэсний компаниуд “үхэн хатан” эсэргүүцсэн. Тиймээс Засгийн газрын хувьд иргэдээ ч бодсон үндэсний компаниудаа ч харж үзсэн шийдвэр гаргасан нь энэ. “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” хувилбар гэж тайлбарлаад байгаа ч үнэндээ яг энэ хувилбараар яваад, иргэд хувьцаагаа зарвал арай өөр дүр зурат л харагдахаар байгаа юм. Тодорхой хэлбэл, иргэд хоосорч, үндэсний компаниуд нэртэй цөөн хэдэн олигархи бүлэглэлүүд баяжина гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа асар их үнэд орно гэдгийг бизнесмэнүүд сайн мэдэж байгаа. Харин иргэдийн хувьд өнөө маргаашийн хоолоо яая гэсэн хүмүүс олон байгаа нь нуууц биш.
Тэд хамгайн түр үүнд хувьцаагаа зарна гэдгийг бизнесмэнүүд мөн л тооцоолсон хэрэг. ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар “Иргэдийн бараг 50 хувь нь хувьцаагаа зарна гэж тооцоолж байгаа” хэмээн дээрх шийдвэр гарч байх үед мэдээлсэн. Харин бизнесмэнүүд монголын бүх иргэдийн хувьцааг худалдан авахын төлөө зүтгэхээс огтхон ч сийхгүй улс. Нэгэнт ашгийн төлөө л явж байгаа юм чинь иргэн Доржийн хувьцааг худалдан авахын төлөө зүтгэнэ шүү дээ. Ятгана, гуйна, сэнхрүүлнэ. Хамгийн гол нь Дорж өөрөө хүсвэл хувьцаагаа зарж болно гэдгийг Засгийн газар шийдвэрээрээ баталгаажуулчихсан шүү дээ.
Монголчуудын дийлэнх нь хувьцааны зах зээлийн талаар мэддэггүй байгаа. Хувьцаа битгий хэл учраа олохгүй явж байгаа нь ч олон. Мэргэжлийн хүмүүсийн хувьд мэдлэггүй жирийн нэгэн иргэнийг хуурч мэхлээд хувьцааг нь авах шиг амархан юм байхгүй. Тэрнээс нь хамгаалахын тулд эхлээд заавал Засгийн газраар дамжуулах ёстой гээд байгаа. Гэхдээ Засгийн газраар дамжжуулна гэдэг нь өөрөө үндэсний компаниудын захирлууд, хэн нэгэн төлөөлөгчид иргэдтэй уулзаж, ярьж хэлэлцэж болохгүй гэсэн үг огт биш билээ. Яах вэ, иргэн бүрийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаа ямар ч байсан сая төгрөгийн үнэлгээтэй байна гэдгийг л засгаас баталгаажуулсан хэрэг. Үндэсний компаниуд иргэдийн хувьцааг тэрнээс бага үнэтэйгээр худалдан авах боломжгүй. Гэхдээ сая төгрөг гэдэг өнөөдрийн нийгэмд хэр их мөнгө вэ. Их хэрэгтэй юманд зарцууллаа гэхэд дээд сургуулийн нэг жилийн төлбөр болно. Машин авахад лизингийн урьдчилгаа төлбөр байж болно. Гэр бүлээрээ нийлээд ч юм уу, орон сууц худалдан авахад урьдчилгаа төлбөрт төлж болно. Үүнээс цааш хэтрэхгүй. Ялангуяа ядуу, нэн ядуу иргэдийн хувьд хэд хоногийн хоолны мах, будаа гурилаа аваад л дуусна шүү дээ. Нэг удаагийн юм гэдэг нэг удаагийнх л байдаг. Нэг удаа ахиухан хэмжээний мах авлаа, дараа нь хэрэглээд дуусч л таарна биз дээ. Нэг удаадаа сургалтын төлбөрөө төллөө, дараа жил нь яах вэ гэдэг асуудал байна. Ядаж байхад иргэд хувьцаагаа сая төгрөгөөр зараад эхлэнгүүт инфляци гэгч нь ямар ч үндэслэлгүйгээр нэмэгдээд л, жолоодлогоо алдчихна. Иргэдийн өнөөдөр авсан сая төгрөгний үнэ цэн маргааш гэхэд 20 хувиар унах жишээтэй.
Харин хувьцаагаа хадгалбал яах вэ. Компани ашигттай ажиллах тусам сая төгрөг байтугай их мөнгө иргэдийн халаасанд зүгээр л ороод ирнэ. Одоо сая төгрөгийн үнэлгээтэй байгаа хувьцаа 2-3 жилийн дараа хоёр сая, гурван сая төгрөг болохыг огтхон ч үгүйсгэхгүй. Тийм боломж байгаа гэдгийг мэргэжилтнүүд, албаны хүмүүс хэлсээр байгаа шүү дээ. Баталгаа нь ч байна. Тэр нь Монголын өмнийн говьд байгаа 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, дэлхий дээр ашиглагдаагүй байгаа хамгийн том коксжих нүүрсний орд шүү дээ. Дээрээс нь олон улсын сонирхол байна. Сонирхол байна гэдэг хувьцаа эрэлттэй байна гэсэн үг. Эрэлттэй хувьцааны үнэлгээ өсдөг жамтай. Тэгэхээр иргэд маань хувьцаагаа ямар ч үед хадгалаад л байж дээ. Өнөөдөртөө ямар ч ашиггүй, цаас байсан ч гэсэн авдрынхаа мухарт хийгээд хадгалчих. Хэрвээ засгаас таныг хувьцаагаа зарах уу гэж асуувал шуудхан л үгүй гэж хэлэх хэрэгтэй шүү. Эсвэл хувьцааны чинь оронд сая төгрөг өгье гэвэл хүлээж авалгүйгээр хувьцаагаа л авъя гэж зүтгэх хэрэгтэй. Монголын ард түмэнд, таны, миний амьдралд хувьцаа нь л илүү хэрэгтэй. Монгол хүн бүр хувьцаатай байж чадвал бид жинхээн утгаараа Тавантолгойн ордод эзэн сууна шүү дээ.
Л.Энхдэлгэр
URL: