Охидыг хүчирхийлж, онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт этгээд баригджээ
Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-нд онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хэмээн сэжиглэгдэж байсан Ц.Батдэлгэр гэх залууг саатуулсан. Түүнийг сургуулийн сурагчдыг удаа дараалан хүчирхийлсэн хэрэгт шалгаж байгаа юм. Шүүх эмнэлэг болон өөрийнх нь өгсөн мэдүүлгээр түүний үйлдсэн хэрэг тогтоогдоод байгаа гэнэ. Энэ талаар Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтсийн албаны эх сурвалжаас авсан мэдээллээр 2008 оны долдугаар сарын 16-нд Говь-Алтай аймгийн Есөн-булаг суманд 17 настай Б гэх охиныг 22.00 цагийн үед гэр рүүгээ харихаар гудамжинд явж байхад нь үл таних этгээд араас нь хутга тулган “Чанга хашгирах юм бол шууд дүрнэ шүү. Чимээгүй байгаарай” хэмээн сүрдүүлэн гудамжинд хүчирхийлсэн хэрэг гарсан байна. Мөн 2009 оны нэгдүгээр сард 17 настай М-ийг өглөө 07.30 цагийн орчим хичээлдээ явна гэж гараад гэрээсээ холгүйхэн хутгалуулан амь насаа алдсан байхыг ойролцоо амьдардаг нэгэн эмэгтэй цагдаад мэдэгджээ. Талийгаач охины цогцост шүүх эмнэлгийн үзлэг хийх үед хүчирхийлүүлсэн болох нь тогтоогджээ. Мөн биед нь үлдсэн үрийн шингэнийг шинжилж үзэхэд 2008 онд гарсан хүчингийн хэрэг үйлдсэн этгээд хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ. Ийнхүү гэмт этгээдийг шуурхай эрэн сурвалжлах ажил эрчимжсэн боловч тодорхой мэдээлэл цагдаа нарт олдоогүй гэнэ. Үүнээс болж хэрэг илрүүлэлт сунжирчээ. Гэмт этгээд бусармаг, гэмт үйлдлээ удаа дараа давтаж, 2011 оны арваннэгдүгээр сарын 25-нд 17 настай П гэх охинд хутга тулган хүчирхийлж, амь насанд нь халдахыг завдсан байна. Тэрбээр 17 настай П-д хүч хэрэглэснээс долоо хоногийн дараа “ална” гэж заналхийлжээ. Мөн 2011 оны хоёрдугаар сард Есөнбулаг суманд өглөөний 07.30 цагийн орчим хичээлдээ явах замд нь 16 настай Л-д хутга тулган хүчирхийлсэн байна. Түүнийг гэмт хэрэг үйлдсэнийхээ дараахан хэргийн газрын ойролцоо явж байхад нь цагдаагийнхан баривчилсан байна.
Ийнхүү дунд сургуулийн таван охиныг хүчирхийлж нэгнийх нь амь насанд онц хэрцгийгээр халдсан этгээд баригджээ. Ц.Батдэлгэр нь цагдаа нарт баригдаж, байцаалт өгөхдөө дээрх хэргүүдийг үйлдсэн гэдгээ шууд хүлээж. Тэрбээр цагдаа нарт хүчингийн удаа дараагийн төлөвлөсөн хэргийнхээ талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байна. Тэрбээр “Анх бага насны охид хүчирхийлэх үед согтуу явж байсан. Тэгээд гудамжинд явж байсан охиныг хүчирхийлсэн. Хэргийн газраас шууд зугтааж Шарга сум руу тэр шөнөдөө гарсан юм. Цагдаа нар намайг огт сэжиглэхгүй болохоор нь дахин бага насны охин хүчирхийлэх сэдэл төрж өглөө эрт аймгийн төвийн урд хэсгийн гэр хорооллын гудамжинд зогсож байсан чинь талийгаач М явж байсан юм. Түүнийг хүчирхийлээд явах гэсэн чинь намайг таниад байгаа юм шиг болохоор нь хутгалчихсан юм аа. Тэр үед юу болсноо сайн санахгүй байна. Нэг мэдэхэд охин цустай холилдчихсон хэвтэж байсан. Охин чанга хашгираад байхаар нь амыг нь гараараа тагласан. Энэ мэт дөрвөн охин хүчирхийлсэн” хэмээн мэдүүлжээ.
ГЭМТ ЭТГЭЭД ХЭН БЭ
Ц.Батдэлгэр нь 1974 онд Говь-Алтай аймгийн Шарга суманд төржээ. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, бага боловсролтой нэгэн гэнэ.
Тэрбээр цөөн тооны малтай байсан гэнэ. Эхнэртээ “Аймаг орчихоод ирнэ. Удахгүй” гэж хэлээд явахдаа дээрх жигшүүрт хэргүүдийг үйлддэг байсан бололтой. Өмнө нь хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан тэрбээр 51 настай иргэн Т-д хутга тулган эд зүйлийг нь дээрэмдэж байжээ. Түүнийг таньдаг хүмүүс цагдаад өгсөн мэдүүлгээр бүрэг даруу хэмээн онцолсон байна лээ. Мөн 2000-2004 онд болсон зуднаар хотоо харлуулсан юм байх. Үүнээс болж мал хулгайлдаг байсан бололтой юм. Цагдаа нар түүний сэтгэцэнд ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг шинжлүүлжээ. Эмч нар түүнийг ямар нэгэн гаж өөрчлөлт байхгүй эрүүл хэмээн дүгнэсэн байна. Хэргийн талаар тус аймгийн Прокурорын газрын дарга П.Эрдэнэбатаас тодрууллахад “Насанд хүрээгүй охидыг удаа дараа хүчирхийлсэн гэдгээ хүлээгээд байгаа Ц.Батдэлгэрийн хэргийг хянаад дуусч байгаа. Удахгүй сум дундын шүүхэд шилжүүлэх байх. Түүнийг Эрүүгийн хуулийн 126.2.3,126.2.4, 91.2:6, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 147.2-т зааснаар буруутгаж яллах дүгнэлт үйлдээд байгаа” гэв.
Э.ХҮРЭЛБААТАР
URL: