Нөөцийн махны бизнесийг “Мах импекс” тэргүүтэй таван компани атгадаг
Энэ жилийн хувьд 20 компани сонгон шалгаруулалтад тэнцэж, 12000 тонн мах бэлтгэхээр болсон. Гэвч эдгээр компанийн бэлтгэсэн гэх 12000 тонн мах нийслэлчүүдийн аманд ч үгүй, хамарт ч үгүй байсаар арай ядан сар шинэ өнгөрөөв.
Арга ч үгүй биз. 100 тонн мах бэлтгэх ёстой компани ердөө 20 тонн мах бэлтгэж, түүнийгээ хуурамч падаанаар аргалчихаар нэг сая хүн амд хэдхэн тонн мах яаж хүрэлцэх билээ.
Бүр цаашилбал мах нөөцлөх эрх авсан зарим компани өөрсдөө нэг ч тонн мах бэлтгэхгүй байх тохиолдол мэр сэр гардаг аж.
Улаанбаатар хотод мах хадгалах зоорь хэзээний гачигдалтай байдаг. Иймээс багахан хэмжээний мах бэлтгэх эрх авсан компаниуд жижиг ченжүүдийн бэлтгэсэн махыг үнэгvй хадгална гэсэн зар тарааж, 100 тоннын агуулахаа дүүргэдэг гэнэ. Шалгалт ирэхээр зоорь, агуулахаа дүүртэл мах бэлтгэсэн дүртэй сууж байдаг юм байна.
Ингээд л “…” ХХК тендерт заасан хэмжээгээр махаа бэлтгэсэн болж, төрөөс олгосон мөнгийг зүв зүгээр сууж байгаад авдаг. Шалгалтын дараа жижиг гарын ченжүүд махаа зөөж, өөрсдийн шугамаар зарж борлуулаад, нөөцийн мах хэрэглэгчид хоосон хоцордог. Харин нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчид төрөөс олгосон найман тэрбум төгрөгийг хувааж иднэ.
Хамгийн аймшигтай нь Засгийн газар эдгээр компанийг агуулахдаа нөөцийн мах хадгалсан хэмээн найдаж, агуулах ашигласан, мах бэлтгэсний хөлсөнд найман тэрбум төгрөг төлдөг гээд бод доо. Ийм байдалтай нөөцийн мах бэлтгэхээр хэдэн зуун мянган тонноор нь хадгалаад ч долоодугаар сар хүрэхгүй.
Тэгвэл энэ жил ямар ямар компани нөөцийн мах бэлтгэх тендерт ялав гэдгийг сонирхъё.
Энэ жагсаалтыг “Мах импекс” ХХК 2000 тонн мах нийлүүлэх эрх авч тэргүүлж байна. Үүний араас “Мах маркет” ХХК 1700 тонн, “Мах экспорт” ХХК 1300 тонн, “Баатрууд тэнгэр” ХХК 1200 тонн, “Тайж трейд” ХХК 1200 тонныг тус тус нийлүүлэхээр болжээ. Ерөнхийдөө нөөцийн махны бизнесийг энэ таван компани л атгаж байна.
Эдний араас “Эй Эн Ди Эм” ХХК 800 тонн, “Соотон” ХХК 600 тонн, “Давшилт трейд” ХХК 500 тонн, “Саян-Уул” ХХК 500 тонн, “Мик маркет” ХХК 350 тонн, “Монгол мах экспо” ХК 300 тонн, “Багахангай” ХК 250 тонн, “Баруун Монгол” ХХК 200 тонн, “Нэмэр их” ХХК 200 тонн, “Тэс шим хоршоо” ХХК 200 тонн, “Монгема” ХХК 200 тонн, “Сэргэн мандал групп” ХХК 200 тонн, “Хүнс трейд” ХХК 100 тонн, “Хүнсний коллеж” 100 тонн, “Талын хүнс” ХХК 100 тонн мах бэлтгэн нийлүүлэх эрх авчээ.
Гэвч эдгээр компани нөөцийн мах бэлтгэх ажлыг луйврын бизнес болгосон уу, эсвэл махаа бэлтгэж зараад дууссан уу, ямар ч байсан Засгийн газар дахин 15000 тонн мах бэлтгэх шаардлагатай боллоо. Нэг хүнд ногдох малынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг манай улс махны гачигдалд орж нүүрээ улайлгахгүйн тул Засгийн газар ийм шийдвэр гаргасан биз. Энэ удаа хувийн аж ахуйн нэгжүүд бус Засгийн газар өөрсдийн шугамаар мах нөөцлөхөөр орон нутаг руу ажлын хэсэг гаргасан сурагтай.
Хамгийн гол нь эдгээр монополь эрхтэй нөөцийн мах нийлүүлэгчдийн ард улстөрчдийн ашиг сонирхол бий гэлцдэг. Томчуудын дэмжлэгтэйгээр жил бүрийн сонгон шалгаруулалтад тэнцэж, Засгийн газраас орж ирэх сул мөнгийг ямар ч асуудалгүй эвтэйхэн хуваагаад авчихдаг гэсэн үг.
Тухайлбал, энэ жил хамгийн их мах бэлтгэх эрх авсан “Мах импекс” ХХК ЗТБХБ-ын сайд асан, УИХ гишүүн Х.Баттулгынх бол өнгөрсөн жил хамгийн их буюу 2400 тонн мах нийлүүлэх эрх авч байсан “Мах маркет” ХХК нь “Жаст” группийн Ш.Батхүүгийнх.
Хоёр жил дараалан 1200 тонн мах нийлүүлэх эрх авч буй “Тайж трейд” ХХК-ийг “Монголын махны холбоо”-ны тэргүүн Л.Ганпүрэв эзэмшдэг. “Монголын махны холбоо” нөөцийн махны тендерийн сонгон шалгаруулалтыг хариуцдаг болсноос хойш түүний “Тайж трейд” ХХК байнга л 1000-гаас дээш тонн мах нийлүүлэх эрх авдаг болжээ.
Харин өнгөрсөн онд 700 тонныг нийлүүлэх эрх авсан “Монгол мах экспо” ХК-ийг БСШУ-ы дэд сайд Б.Ундармаа, жил бүр 1000-аас дээш тоннын эрх авдаг “Баатрууд тэнгэр” ХХК-ийг Алдарт уяач Х.Цогтсайхан, 2011 онд 500 тоннын эрх авсан “Соотон” ХХК-ийг Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Д.Гэрэл гэгч эзэмшдэг аж. Д.Гэрэл нь ирэх сонгуульд Архангай аймгаас өрсөлдөх магадлалтай, АН-ын нөлөө бүхий санхүүжүүлэгч гишүүдийн нэг юм байна.
Том компаниуд шиг 1000 тонноор нь мах нийлүүлэх эрх авдаггүй ч энэ ашигтай бизнесээс яаж ийгээд зуурч үлддэг “Баруун Монгол” ХХК мөн л АН-ын гишүүн Б.Бат-Энэрэл гэгчийнх аж. Түүнд намынхан нь итгэл үзүүлэн Ховд аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд өрсөлдүүлсэн боловч ялагджээ.
Тэгвэл энэ жил Засгийн газрын найман тэрбумаас хишиг хүртэхээр шинээр есөн компани нөөцийн махны бизнест орж иржээ. Эдний ихэнх нь нам, мөнгө, албан тушаалаараа далайлган тендерт ялсан байх магадлалтай.
Тодруулбал, 100 тонн мах нийлүүлэх эрх авсан “Хүнс трейд” ХХК нь “Гацуурт”-ын Л.Чинбатын охин компани аж. Харин 200 тонн махны эрх авсан “Сэргэн мандалт групп”-ийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга асан, НИТХ-ын төлөөлөгч Б.Төмөрчулуун эзэмшдэг билээ.
Энэ жилийн хувьд Улаанбаатар хотод 12 мянган тонн, Дархан, Эрдэнэтэд тус бүр 1000 тонн, аймаг тус бүрт 100 тонн мах нөөцлөх тооцоо гаргасан. Тэгэхээр нэг аймгийг хангах хэмжээний мах бэлтгэх эрх авлаа гэхэд л мөнгийг сая саяар нь халаасална гэсэн үг.
Иймээс ил цагаандаа гарсан нөөцийн махны бизнесийг таслан зогсоох арга хэмжээг яаралтай авах шаардлагатай. Цагдаагийн байгууллагын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба болон хотын удирдлагууд анхааралдаа авах цаг нь болсон биз.
Өглөөний сонин
URL: