Томчуудыг шүүхэд, дундчуудыг орон сууцанд дуудлаа

Долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбогдуулан ЦЕГ -ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарын шүүх хурал  Сүхбаатар дүүргийн шүүхэд  болж   өнгөрөгч долоо хоног дуулианаар эхэллээ.

Энэ өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн гадна  шүүх ажиллагааг эсэргүүцсэн жагсаал, ар гэрийнхний нулимс асгарсан өдөр байлаа. Ч.Амарболд генералын өмгөөлөгч О.Алтангэрэлийн хүсэлтээр Ерөнхийлөгч асан  Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нар ч шүүх хуралд гэрчээр дуудагдаж оролцуулах хүсэлт тавьсан юм.

Мөн ар гэрийнх нь сонгуулийн дараах  үймээнийг өдөөсөн жагсаал зохион байгуулсан О.Магнай, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нарын хэргийг сэргээн шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм. Цагдаагийн удирдлагуудын хэргийг сэргээн шалгаж болж байгаа юм чинь тэпний хэргийг ч гэсэн сэргээж шалгах хэрэгтэй. Цагдаагийн удирдлагуудыг шүүж  ял өгч хорих юм бол дараа нь шүүхээр орохоор шалгагдаж байгаа цагдаа нар ч шууд ял авна.

Ингэснээр үүрэг гүйцэтгэх цагдаагийн албан хаагчдын хүсэл, тангаргийг няцаасан хэрэг болно гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан юм. Бүтэн өдөржин олны анхаарлыг татсан, нийгэмд хүлээлт үүсгээд байсан шүүх хуралдаан энэ сарын 14-нийг хүртэл хойшилсон.  Харин дараагийн өдөр нь товлогдоод байгаа шүүх хуралдаанд өнөөдөр өндөр дээд албан тушаалтайгаа байгаа нөхдүүд хүрэлцэн ирнэ гэдэг эргэлзээтэй байгаа юм.

Цагдаагийн удирдлагууд шүүх хуралдааны өмнө хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийх гэж байсан ч тодорхойгүй  шалтгаанаар цуцалсан. Баттай бус эх сурвалжийн мэдээлж буйгаар өнгөрсөн хугацаанд байнга өртөж байсан шигээ томоохон дарамтад орсон гэх. Зарим эх сурвалжийн мэдээллээр цагдаагийн удирдлагуудын шүүх хуралдаан болсон тохиолдолд нууцын зэрэглэлтэй асуудлууд сөхөгдөнө гэж таамаглаж байгаа юм.

Энэхүү хүнд мэдээллийн дараа гүйцэтгэх засаглалаас нийгмийн захиалга болсон сайхан мэдээллийг баталгаажууллаа. Энэ нь бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах зорилгоор жилийн зургаан хувийн хүүтэй урт хугацааны зээл олгох шийдвэр байлаа. ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж, ОССК-ийн дарга Алдаржавхлан, Барилгачдын холбооны тэргүүн гээд салбарынхныг хэвлэл мэдээллийнхэн өдөр бүр байцааж иргэд хэзээнээс эхлэн орон сууцандаа орох эсэхийг асууж байв.

Иргэд ч шийдвэр гарсны маргаашнаас эхлээд орон сууцны компаниудаар явж барилгын үнэ сонирхон, урьдчилгаагаа төлөх чадвартай нь захиалгаа өгөхөөр болж байна. Эрэлт нэмэгдсэнээр өдрөөс өдөрт  орон сууцны ханшийг хөөрөгдөж орхив. Мөн Засгийн газраас дөрвөн хүүхэдтэй, анх удаа орон сууц авах иргэдийг эхний ээлжинд дэмжиж зээлд хамруулан гэсэн нь иргэдэд эргэлзээ төрүүлж байна.

Хүүхдийн  тоо, өрхийн орлого тийм чухал байсан юм бол анхнаасаа бага дунд орлоготой иргэдийг орон  сууцжуулах гэж тодорхойлох хэрэггүй байсан юм хэмээн гомдоллох. Орон сууцны ханшийг бууруулах талаар барилгын компаниудтай зөвшилцөл хийж байгаа гэж тайлбарлах.

Тэгвэл АН-ын дарга Н.Алтанхуяг зургаан хувийн хүүтэй зээлд иргэдийг хамруулах ажил хамтарсан Засгийн газрын хийсэн ажил байсан. Гэтэл өнөөдөр АН-ын нэр энэ ажлаас хасагдсан байна гэж гомдоллож байлаа. Мөн АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж МАН-ын бүлгийг хуралдахгүй, ажиллахгүй  байгааг гайхаж байгаагаа илэрхийлээд амжив. Мөн  зургадугаар сард болох сонгуулиар иргэний үнэмлэх, сонгогчийн знэмлэх ашиглахгүй зөвхөн цахим иргэний үнэмлэх ашиглах болно хэмээн мэдэгдсэн.

Гэтэл өнөөдөр цахим үнэмлэх үйлдвэрлэл эхлээгүй, гарын хурууны хээ таних тоног төхөөрөмж авах ажил удааширалтай байгаа талаар  гомдлын бөгөөд хатуу үг чулуудсан юм. Мөн АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг сонгуулийн бэлтгэл эдгээрг ажил удааширч байгаа нь луйвар хийх гэсэн хүмүүсийн сонирхол байхыг үгүйсгэхгүй гэсэн битүү утгатай үг хаяж байсан юм. Ийнхүү улстөрийн хүрээнийхэн сонгуульдаа бэлтгээд  амлалт, мөрийн хөтөлбөрөө боловсруулаад завгүй өдрүүд үргэлжлэв.

Харин байнга анхаарал хандуулна хэмээн ярьдаг бага дунд орлогтой иргэдийн төлөөлөл болсон багш нар дахин ажил хаяхаа мэдэгдлээ. Засгийн газрын амлалтад автан цалингаа нэмэгдэхийг хүлээсээр тэвчээр нь алдарсан багш нар гуравдугаар сарын 9-нөөс ажил хаяж тэмцлээ үргэлжүүлэх болсноо мэдэгдлээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих