Засгийн газрын тогтоолыг намын хөтөлбөр болгочихжээ

Сүүлийн үед хотын борчууд хийгээд хөдөө аймгийн төвийнхний зуухаа тойрч суугаад гурилтай шөлөө оочингоо амны зугаа гаргадаг гол сэдэв нь бага, дунд орлоготой иргэдийг 20 жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн зээлийн хүүтэй орон сууцны хөтөлбөрт хамруулах тухай Засгийн газрын тогтоол болоод байна. Сэтгэлийн мухарт бага боловч гэгээ тусгах мэдээ болохоор тэр шүү дээ. Гэвч эхний ээлжинд 0-16 насны дөрвөн хүүхэдтэй байх, 55 м/кв-аас томгүй сууц захиалах, жагсаалтад орсон хэдхэн компанийн байранд л захиалга өгөх, өрхийн сарын орлого 600 мянгаас 700 мянга байх гээд мөнөөх борчуудын голыг горойлгосон хязгаарлалт цөөнгүй.

Энэ тогтоол дөнгөж сая, сар шинийн өмнө МАН-ын дагнасан засгийн үед гарсан эд биш юм. Сая бол зүгээр л тогтоолыг хэрэгжүүлэх журам баталснаа МАН-ын сайд нар сар шинийн “бэлэг” болгоод шоудчихсан хэрэг. МАН, АН-ын хамтарсан Засгийн газар ид эвсэн ажиллаж байх үед буюу өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 27-нд 138 тоот тогтоол гарсан нь өнөөдөр борчуудыг шуугиулж хорхойг нь хөдөлгөөд буй зургаан хувийн хүүтэй зээл гаргах тухай шийдвэр байв.  Тогтоолыг батлуулсан гол авторууд нь АН-ынхан байсан гэдэг юм. Даан ч сайд асан Х.Баттулгын хэлснээр 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг МАН өгөөгүй гэдэг болохоос биш.

Засгийн газрын 138 тоот тогтоолыг “авдрын ёроолд” хаячихаад байтал эрхэм гишүүн Э.Бат-Үүл гэр хороололд амины орон сууц хөгжүүлэх тухай яриад эхлэх нь тэр. Түүнийг дуулсан МАН-ынханд орон сууц гэдэг жирийн иргэдийн амин сэдэв сонгуулийн дажгүй РR гэж санагдсан шиг байгаа юм. Далдаас гаргаж ирсэн тогтоолыг харамсалтай нь улс орныг 2031 он хүртэл хөгжүүлэх МАН-ын хөгжлийн мөрийн хөтөлбөртэй эрлийзлүүлээд хаячихсан нь одоо ил болж байна.

Тогтоол анхны хэлбэрээсээ багагүй гажсаныг жил орчмын өмнө баталсан эх хувилбар, өдгөө Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдоржийн ярьж байгаа хоёрыг харьцуулан олж болно. Засгийн газрын 138 дугаар тогтоолоор бол 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд бага дунд орлоготой, анх удаа орон сууц хүссэн иргэдэд 50 м/кв-аас ихгүй талбайтай байрны зургаан хувийн хүүтэй зээл олгохоор заасан байдаг. Бүр Хөгжлийн банкны эх үүсвэрт авсан хүү болон арилжааны банкаар дамжуулан зээлдүүлж байгаа хүүгийн зөрүү,  энэ үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайдад үүрэг болгожээ.

Ганцхан Хөгжлийн банкны 200 тэрбум төгрөгийн бондыг харах биш, Хүний хөгжлийн сангаас иргэдэд бэлнээр олгох нэг сая төгрөгийг орон сууцны зээл төлөхөд зарцуулж болохыг тогтоолд тусгасан байна. Дөрвөн хүүхэдтэй зургаан ам бүл зургаан сая төгрөгийнхөө таван саяар ядаж 10 хувийн урьдчилгаагаа толгой өвдөхгүй төлчихнө биз дээ. Хүний хөгжил сангаас хүртээх хишиг, хувийг орон сууц худалдан авахад ашиглах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэнд төлбөрийн дансны бүртгэл хийх ажлыг зохион байгуулж, орон нутаг дахь захиалгыг тухайн аймгийн Засаг даргын Тамгын газраар гүйцэтгүүлэн биелэлтийг нэгтгэх арга хэмжээ авахыг холбогдох хүмүүст нь тогтоолоор даалгасан байгаа юм.

“Ипотекийн хоёрдогч зах зээлийг дэмжих санхүүжилтийн эх үүсвэртэй уялдуулан Монголын Ипотекийн корпорацид урт хугацаат зээлийн санхүүжилт олгох асуудлыг судалж шийдвэрлэхийг Хөгжлийн банкинд зөвшөөрсүгэй. Хүний хөгжил сангаас хүртээх хишиг, хувийг орон сууц худалдан авахад ашиглахтай холбогдуулан шаардагдах хөрөнгийг тухайн жилийн Хүний хөгжил сангийн төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авч байхыг Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд нарт даалгасугай” гэж Засгийн газрын 138 дугаар тогтоолд заажээ.

Хэрэв тогтоол энэ утгаараа хэрэгжсэн бол үнэхээр л бага, дунд орлоготой иргэд байрны бараа харах нь үлгэр бус үнэн болох байв. Хүүхдийн тоо, сарын орлогын хэмжээ гээд тээг болсон олон шалтаг тэр тогтоолд огт байхгүй.

Гэтэл МАН-ын дагнасан Засгийн газар гарч ирмэгц АН-ын автортай 138 дугаар тогтоолыг төрөл арилжуулаад Монгол Улсыг 2031 он хүртэл хөгжүүлэх МАН-ын хөтөлбөрөөр “сэлбэчихжээ”. Хөгжлийн хөтөлбөрт тухайлбал, дөрвөөс дээш хүүхэдтэй өрхийг орон сууцаар хангана гэчихсэн. Түүнийгээ Засгийн газрын 138 дугаар тогтоолд “чихэж” орхив. Хүн амын 40 хувь нь ядууралтай иргэддээ сарын орлого 600 мянган төгрөгөөс доошгүй байх болзол тулгав. Олон хүүхэдтэй, бага орлоготой айлын сарын цалин тийм байна гэж сайд нар яаж санав. Болоогүй ээ, захиалга өгөх барилгын компаниудыг жагсаахдаа хамгийн хямд үнэтэй сууц барих эсэх нь хамаагүй, харин ч үнэ өртөг ахиутайг нь сонгох шинжтэй. Сургаар нь орон сууцны ченжүүд оодорч буй сурагтай. Нэг ёсондоо барилгын бизнес эрхлэгчдэд төрд шахаа хийх боломжийг бүрдүүлэж байна гэж хардахаар.  Тогтоолд 50 м/кв-аас илүүгүй талбайтай гэснийг 55 м/кв болгож өсгөв. Ардуудаа уужим сууцанд чөлөөтэй сууг гэж бодсондоо биш, ахиу талбайтай тусмаа үнэ ихтэй, борчууд авч дөнгөхгүй гэж санасных ч байж мэднэ. Тэгээд л өмнө нь байр сууцтай, хөрөнгө чинээтэй нь  түүнийг өөрийн болгоно биз дээ.

“Хүний юмыг өөрийн болгож ярихыг сайн менежер гэнэ” гэсэн стратеги барууны орнуудад  байдаг юм гэл үү. Түүн шиг Засгийн газрын тогтоолыг МАН-ынхан өөрийн болгож тордоод мөрийн хөтөлбөрөө шургуулсан журам гаргачихсан нь энэ юм байна. Бага, дунд орлоготой иргэдийн орон сууц авах мөрөөдөл МАН-ын мөрийн хөтөлбөрт төрөл арилжаад Мянгуужингийн үлгэрийн замаар орохгүй байгаа даа.

Д.ОЮУНЦЭЦЭГ

URL:

Сэтгэгдэл бичих