Мансуурагчдын тоо 60 мянгаас давсан байж болзошгүй
Хар тамхи, мансууруулах бодисын нөлөөнд хүүхэд, залуучууд хамгийн их өртдөг байна. Ялангуяа найз нөхөдгэйгөө хамт байж байгаад хэрэглэж үзэх, эсвэл хар тамхи хэрэглэж үзэх талаар найз нөхдөөс нь санал ирэх нь их байдаг аж.
Нийслэлийн 9 дүургийн 34 ерөнхий боловсролын болон их дээд сургууль, коллежийн 12-28 насны 2000 гаруй сурагч, оюутныг хамруулан тандалт судалгаа явуулж үзэхэд 436-д нь буюу бараг дөрөвний нэгд нь хар тамхи мансууруулах бодисыг хэрэглэх санал ирж байсны дийлэнх нь найз нөхдөөс нь ирж байсан гэсэн хариулт өгсөн байна.
Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Иргэний танхимд зохион байгуулсан “Хар тамхи, мансууруулах бодисын аюул, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга зам” сэдвийн дор болсон нээлттэй уулзалтын үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын төслийн зохицуулагч Д.Ганцэцэг хийсэн танилцуулгадаа дурдсан юм.
Мөн судалгаагаар хар тамхины хэрэглээ хэсэг бүлэг хүмүүсийн дунд биш нийтлэг байддаар тархаж эхэлсэн байна гэсэн дүгнэлт хийж болохоор байгаа аж. Түүнчлэн хар тамхинд өртсөн тохиолдолд эмчилгээний үр дүн ердөө тавхан хувь байдаг эдгэшгүй өвчин аж. Тиймээс л хар тамхинаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цаг алдалгүй эрчимжүүлэх шаарддагатай болсон гэдгийг төслийн зохицуулагч хэлж байлаа.
Мөн ийм дүгнэлтийг хууль, хяналтын байгууллагынхан ч хэлж байна. Эрүүгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Ганбат дээрх хэлэлцүүлгийн үеэр хийсэн танилцуулгадаа энэ он гарсаар 22 холбогдочтой 4 хэрэг илэрсэнгийг бүртгэсэн, нэг хэргийн ард илрээгүй 10 хэрэг байдаг гэсэн тооцоо байдаг учир одоо урьдчилан сэргийлэх арга хэмжээнд гол анхаарлаа хандуулдах ёстой гэдгийг хэлж байлаа.
Эрүүгийн цагдаагийн газрын даргын хэлж байгаагаар ийм төрлийн гэмт хэрэгт хүүхэд залуучууд өртдөгийн дээр үндэстэн дамнасан зохион байгуулалттай болох төлөвтэй байгаа аж. Түүнчлэн twitter,facebook-ээр дамжуулан эсвэл хуурах, мөнгө амлах зэргээр уруу татдаг байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас гаргасан мэдээллээр сэтгэцэд нөлөөлөх бодис, мансууруулах хар тамхийг хэрэглэж буй хүмүүсийн тоо 16 мянгад хүрчээ. Олон улсын дүгнэлтээр нэг хэрэглэгчийн ард дунджаар дөрвөн хүн байдаг гэнэ. Үүнтэй холбоод үзэхээр дээрх 16 мянга нь 64 мянга болох нь. Энэ тоо манай улсын нэг аймгийн хүн амтай тэнцэхээр болж байгаа аж.
Сэтгэцэд нөлөөтэй бодис, хар тамхитай холбоотой хэргийн гаралт 2010 онд 2009 онтой харьцуулахад 3 дахин өссөн, 2011 онд 2010 оныхоосоо дахиад 3 дахин өссөн байна. Зарим мэдээллээр бол 5 дахин өссөн гэж гарч байгаа аж. Цагдаагийнхны мэдээлснээр 2011 онд 3 бүлэг зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүдийг баривчилжээ.
Нэг бүлэглэлийн ард хар тамхийг үйлдвэрлэдэг, худалддаг, тээвэрлэдэг гээд хэд хэдэн булэглэлүүд байдаг гэнэ. Түүнчлэн нэг хар тамхичин жилдээ дунджаар 30-40 сая төгрөгийг донтох хэрэглээндээ зарцуулдаг болсон байна. Дээрх баримтаас харахад хар тамхины хэрэглээ, түүнийг тойрсон гэмт үйлдэл үнэхээр нийгэм, иргэдийн санааг зовоосон, сэтгэлийг түгшээсэн түвшинд хүрчээ.
Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ асуудалд анхаарлаа хандуулан энэ аюултай тэмцэх үндэсний чадавх, сэрэмжлүүлж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг эрс дээшлүүлэх хэрэгтэйг сануулж байна. Тэрбээр, “Ийм тоо сонсоод бид цочирдохгүй, түгшүүр төрөхгүй байхын аргагүй” хэмээн дээрх нээлттэй уулзалтад оролцохдоо хэлсэн үгийнхээ эхэнд онцолж байсан юм.
Ерөнхийлөгч энэ аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд гурван зүйлийг анхааруулан захилаа. Нэгдүгээрт. Сэрэмжтэй бай. Хар тамхины аюул монголын хаалгыг тогшилгүй орж ирсэн. Танай хаалгыг бас тогшилгүй орно шүү. Энэ аюул хэнд ч тохиолдож болно. Аль ч айлд, ямар ч хүнд тохиож болно. Ийм учраас сэрэмжтэй байгаарай.
Энэ, сэрэмжийг үр ачдаа дамжуулж өг. Хоёрдугаарт. Хар тамхинаас хол бай. Хар тамхи гэдэг зүйлийг хаяа хатавчиндаа бүү ойртуул. Үр хойчдоо захих сургаал гэж байгаад монголчууд захиж ирсэн уламжлалтай. Энэ захиасыг захиж бай. Тийм захиасын нэг нь хар тамхийг жигших захиас юм шүү. “Миний хүү, миний хүүхдүүд, ач зээ хар тамхинаас хол яваарай” гэж захиж байх хэрэгтэй.
Гуравдугаарт. Би түрүүн хэлсэн, хэрвээ хар тамхины гэмт хэрэгт холбогдох юм бол зөөвөрлөсөн, тээвэрлэсэн, олсон, тарьсан, ургуулсан, хадгалсан, янз бүрийн байдлаар ямар ч хүн холбогдсон бай өршөөл байхгүй шүү. Хууль улам чанга болно. Энэ бол улс үндэстний аюулгүй байдалд харш, манай нийгмийн сайн сайхан, ард иргэдийн маань амар амгалан амьдрахад аюул занал учруулдаг.
Хүний, өрх гэрийн аз жаргал тэмүүллийг алга болгодог. Хүмүүс, иргэдийн амьдралыг сүйтгэдэг тийм аюултай. Ийм учраас бид хар тамхины асуудал дээр хатуу бодлоготой байна” гэлээ.
Дээрх уулзалтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, мөн холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн, их дээд сургуулиудын багш, эрдэмтэн судлаачид, оюутан залуусын төлөөлөл оролцлоо.
Ш.Эрдэнэ
Эх сурвалж: “Монцамэ”
URL: