Ван хан Тоорилын сүнсийг хилэгнүүлэх нь ээ, энэ баячууд

Богдхан уулаа монголчууд өнө эртнээс тахиж шүтсээр ирсэн. XII-XIII зууны үед Хэрэйд аймгийн Ван хаан Тоорил анх “Унасан газар угаасан усаа” гэсэн сэтгэлээр өөрийн эрх хэмжээнд онголон дархалсан түүхтэй. Өлзийт хааны тэргүүн он буюу 1294 онд гаргасан Монголын их Юань улсын хууль цаазны бичгийн 398 дугаар бүлэгт Богдхан, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн уулс зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг дархан цаазтай болгожээ. Гэтэл өнөөдөр Богдхан уулын дархлаа үгүй боллоо. Саяхан л энэ гайхамшигт уулнаас зундаа хотын төв рүү янзгаа дагуулсан буга орж ирдэг байлаа шүү дээ. Одоо тэнд буга байхгүй. Хэрэм гэдэг хөөрхөн амьтан ч бараг үгүй болж. Үүх түүх, үлэмж тансаг бүхнээ гайхуулсан 33 аманд нь хөрөнгө, эрх мэдлээр туйлсан хүмүүс сүйтгэл хийж байна.

Зайсан толгойн бэлийг харсан хэний ч элэг эмтэрмээр. Энд тэндгүй нүх ухаж, барилгын талбар болгож байна. Ингэж дураар авирлагчдад хууль үйлчилдэггүй. Дархан цаазат уулаа хуулиар хамгаалсан гэх хоосон нэрээс цаашгүй болов. Уг нь хангалттай олон хууль тогтоомж байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүс, байгалийн нөөц, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэжээ.

Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй бол тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана” гэсэн байна. Эдгээр бүх хууль, журмуудыг харж суухад нэг л зүйл ихээхэн анхааралд татна. Тэр нь юу вэ гэвэл, байгалийн цогцолборт, тусгай хамгаалалттай, дархан цаазад газрууд дээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд газар олгох боломжийг л хангаж өгснөөс өөр юмгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яам тэр бүх том эрх мэдлийг зангидна.

Ардын намын бяцхан лидер гэгддэг У.Барсболд хэдэн жилийн өмнө энэ яамыг толгойлж байхаас л Богдхан уул маань үндсэндээ шуналтнуудын хөлд үрэгдэж эхэлжээ. Түүний хамтран зүтгэгч буюу Богдхан уулын хамгаалалтын захиргааг толгойлогчдоос шүүхэд дуудагдаж, бөөн хэл ам дагуулсан удаатай. Тэд олон арван суудлын автомашинаар хөлжсөн гол нууцууд өдгөө дархан цаазат Богд уулын ам бүхэнд бий. Гэвч хуулийн дагуу хариуцлага тооцсон юм алга. Иймэрхүү луйврын дайралтаар Богд уулын хамгаалалтын бүсэд газар эзэмшиж, хувийн орон сууц барих ажилд Авлигатай тэмцэх газрын дэд дарга болоод яваа Б.Хурц ч бас оролцсон гэдэг. Хот төлөвлөлтийн зарим мэргэжилтнүүд Зайсангийн амыг аялал жуулчлалын зориулалтаар, нэлээд дэг журамтайгаар ашиглах санал тавьж байсан юм билээ. Харамсалтай нь энд бүх юм Буруу замаар будаа тээв гэгч болжээ. Б.Хурц багагүй хөрөнгө гаргаж тэнд “Сарнайх” хотхон барьж, төвийн халаалт татуулсан байна.

Түүнийг даган баясч, эмх замбаагүйн дараагийн үлгэрүүдийг үргэлжлүүлж буй “Могул таун” хэмээх хотхоныг барьсан эзэд харин нүүрсний зуухаар халаалтаа шийдэн, хүн амаа байгальтай нь хамт хордуулав. Энэ мэтээр Богд ууланд өнөөдөр 150 гаруй аж ахуйн нэгж том том хашаа хатгаж, барилга барьж байна. Ихэнх нь аяла жуулчлалын гэсэн нэр хаягтай. Зайсан толгойн орчимд социализмын үеэс суурьшсан /тэдгээр нь хамгаалалтын бүсэд ороогүй/ мянга гаруй өрх айл газраа өмчилж аваагүй. Олон жил суурьшсан газраа өмчлөх гэхээр нь газрын албаныхан “Наадах чинь тусгай зориулалтынх” гээд хөдөлдөггүй. Гэтэл тэдний хажуухан талд Богд уулын хамгаалалтын хилээс дотогш барилга барьсан баячуудын зарим нь аль хэдийнэ газраа өмчлөөд, эзэмшээд авчээ. Аялал жуулчлалын зориулалттай обьектууд нь хоорондоо дор хаяж 15 км-ын зайтай байхаар хуульчилсан. Ийм хууль байсаар байтал Богд уулын араар шавааралдсан найгүй олон аялал жуулчлалын хэмээх компаниуд хаяа, хаяагаа дэрлэн таахалзахыг сайд нар бүгд л харж байгаа. Нэгэнт барьсан барилгыг ямар нурааж хаях биш гэж компанийн эзэд томорно. Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан тэдэнд юу ч хэлж чадахгүй явсаар, барилгууд ч улам олшорсоор.

Сүүлдээ бүр дархан цаазад газрын хууль, журам, жагсаалтаас нь Богд уулаа гаргаж орхих хэрэгтэй гэж байна. Нүхтийн аманд хотынхоны ундны усны гол нөөц бий. Гэвч тэнд уулыг нурааж, газрыг юу ч үгүй ухаж төнхөж байгаа юм. Арваад жилийн өмнөөс манай Үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж болох хамгийн эмзэг зүйл нь ус гэж мэргэжлийн шинжээчид тогтоосон. Дарга нар ч, жирийн иргэд ч үүнийг нэг их тоох янзгүй. Харин хот маань хэдхэн жилийн дараа усны нөөцгүй болно гэдгийг мэргэжилтнүүд сануулсаар л байна. Нисэх рүү явдаг Яармагийн замын урд тал одоо бүгд эзэнтэй. Энэ яармагийн дэнж, Нүхт хавийн газраас УИХ-ын гишүүн Д.Загджав нэлээд их арилжаа наймаа хийсэн гэдэг. Хотынхон хэзээ нэгэн цагт уух усгүй болох нь түүнд хамаагүй бололтой. Ерөөсөө Богд уулыг эрт дээрээс хамгаалж ирсний утга учир усны нөөц, ан амьтан гээд олон зүйлтэй холбоотой л доо. Гэтэл “найзууд” мөнгө цагаан нүд улаан гэгчээр улайрч байх юм. Ван хан Тоорилын сүнс хилэгнэх л байх даа, эд нарын ийнхүү балайрахыг сонсвол.

Б.Отгонбаяр

Үндэсний мэдээ

URL:

Сэтгэгдэл бичих