Ална, тална гэж хэн хэлэв ээ хөөе?

“Хүрэлсүх гэж улс төрд түргэн шуурхай өсч, ирээдүйд том удирдагч болох дүр төрхөө олж авсан. Бас ярих, хэлэх нь хүртэл жинхэнэ боловсорсон улстөрч болж. Арван жилийн өмнөх Хүрэлсүх өнөөгийн Хүрэлсүхээс ч өөр болж” гэх магтаалыг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди титэм өгүүллийнхээ нэгэн ээлжит бичлэгт дурайлгасан байсныг уншиж байснаа санаж байна.

Нээрээ ч МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болж дэвшээд бүр энэ цагийн нэгэн удирдагч юм шиг харагдах болсон л доо. Үүнийг нь Н.Багабанди өөрөө хийгүй, аливаа юманд нухацтай ханддаг хүн учир онож хэлж дээ гэж бодож байсан. Тээр жил анх УИХ-ын гишүүн болоод байхдаа ардчилсан хүчнийхэн намынх нь тугийг шатаасныг үзээд уйлан дуулж, уурандаа Сүхбаатарын талбайд цуглаан зохион байгуулан үг хэлж байхдаа хувьсгалт намын “улаан хамгаалагч” гэдэг нэр авсан үе бий.

Тухайн үед түүнд буруу юм гэж байгаагүй л дээ. Гэтэл Ерөнхий нарийн бичгийн дарга болсноосоо
хойш зан авир нь сүрхий өөрчлөгдсөн юм шиг. Нэгэн намын үүрийн даргыг шанаадлаал гэсэн. Сонин хэвлэлээр энэ тухай шуугиад л байсан. Хүрэлсүх “Би түүнийг шанаадаагүй” гэж хэлээгүй л санагдана. Бас хохь чинь гээгүй байх. Гэтэл саяхан даа, Төрийн ордонд намынхаа журмын нөхөд болох УИХ-ын зарим гишүүнийг “ална” гэж эрээ цээргүй заналхийлсэн байх юм.

Та тэгж хэлсэн юм уу гэсэн асуултад “Би нялцагнаж, нялуураад байх шаардлагагүй. Улс төрд өөрчлөлт хийх гэж зориглож байгаа үед эр улсын дунд хэрүүл байтугай юм гарахыг үгүйсгэхгүй” гэсэн байна. Энэ нь “алж” ч болно оо гэсэн үг болж ойлгогдох аж. ХХVI их хуралд У.Хүрэлсүх:

-МАН мандтугай, ардын засаг мандтугай хэмээн яг л жанжин Сүхбаатарын хэлснээр үгээ төгсгөж байсан даа. Энэ үед олон хүн их жанжны хойч үе У.Хүрэлсүх юм байна л гэж бодсон биз. Тэгвэл тийм үнэлгээний эзэн маань Төрийн ордонд гудамжны архичин шиг авирлах нь юу вэ? Лав л үлгэрлэл биш байх. Дээдчүүл нь суудлаа олохгүй бол доодчуул нь хөлөө олохгүй гэдэгсэн дээ. Өнөөгийн улстөрчдөд аллага л дутаад байна гэж үү.

Улс төрийг хамгийн бохир гэх нь бий. Нээрээ ч бохир улс төрийг гэмт хэрэг, түүнчлэн өнөөгийн бусармаг явдлын гол цэг авлига, сандал суудлын төлөөх увайгүй тэмцэл, тал тохой татсан элдэв үйлдэл дагалддаг нь өнөө үед бүр ил тод болсон цаг.

Шуудхан хэлэхэд У.Хүрэлсүхийн бохир үг хэллэг, үйлдэл нь нэгэн хүчирхийлэгчийн дүр төрхийг илтгэх болов. Журмын нөхрөө шанаадсан. Одоо ална, газартай нь тэгшилнэ гэж . Хүрэлсүхийн бас нэг үг бий. Шударга бус явдлын эсрэг би намынхаа сэлэм, бамбай болж тэмцэнэ гэж. Бас л зэвсэглэн түрэмгийлэх санаа эндээс цухалзаж байна биш үү дээ.

Д.Бичээчхүү


URL:

Сэтгэгдэл бичих