Нэр нэгтний гай – Хошин өгүүллэг

Баларсан юм, зүв зүгээр байж байгаад улстөрийн хэрэгтэн болдог байгаа… Мөрдөнгийн хүйтэн шалыг мөлийтэл бурханд мөргөхөдөө яах гэж аав ээж хоёр минь надад Магнай гэдэг нэр өгөв дөө гэж гаслан бодлоо. Яг цагаа тулахаар энэ нэрийг аав ээж минь ч өгөөгүй холын хамаатангийн лам өвгөн өдөр судар үзэж, өнгөтөөр зурж байгаад өгсөн гэнэ. Орчлон дэлхийд хүний нэр мундсан уу ? Очиж очиж Магнай байх даа яахав дээ…Бас тэгээд хурга шиг өхөөрддөг байсан гээч.

Хөлд орох гэж бүтэлгүйтэж, саран дээр яваа мэт тэнцвэрээ олж ядан явах үедээ би унаад сандал мөргөсөн нь духан дээрээ гүн сорви үлдээсэн юм. Тэгэхэд ээж өвөр дээрээ суулгаад “Миний хүү Магнай Духан дээрээ сорвитой Мянган хүүхдийн дундаас Ээж нь хараад таньдаг” гэж  хошгируулдаг байлаа…Магнай л  биш бол Дух, Хамар, Хацар, Эрүү, Шанаа, Чих гэсэн ч яадаг юм. Магнай гэдэг энэ нэрнээс болж гудамжинд хүмүүстэй зүгээр ярьж зогсож байгаад, хувьсгал хийх гэсэн хэргээр онц хүнд гэмт хэрэгтний тоонд орж, мөрдөн гэдэг эрүүгийн гэмт хэрэгтэн дүүрсэн хахир хатуу цементэн байшинд бөөсөө уралдуулж тоглоод сууж байна. Өвлийн ид ес эхэлсэнийг хэлэх үү, энэ газар хүнийг гэсгээхийн тулд зориуд дулаанаар доголдуулдаг уу, мэдэх юм алга, хөл гар нь бээрч хөлдөж үхэх гэсэн амьтас гартаа жаахан бүлтэй нь гартаа бүлгүйгээ дээрэлхээд өмсөх хувцсыг нь булааж аваад амиа аврах арга олох юм.

Хамаг хувцсаа хүнд булаалгаад, хүйтэн шалан дээр гурав хонохоор хатгаа тусч, цусаар бөөлжөөд, хорихын эмнэлэг рүү хүргэгдэн дулаан газар хэд хоног тарвалзана. Бие нь гайгүй болонгуут дахиад нөгөө “нүх”-эндээ ирнэ.

Хүний хувцас булааж өмсөж чадахгүй болж гэм, дахиж ханиад хатгаа тусаад эмнэлэгтээ очно. Хэдэн удаа энэ явдал давтагдсаны эцэст хөөрхий сэжигтэн сүрьеэ гэдэг сүрхий өвчин тусаад тусгаарлагдах буюу өвчний магадалгаагаар ял өнжих ба эсвэл нам гүм нэг газар “амрахаар” явна. Харин эдгээр явдал надаас холуур өнгөрсөн юм. Улстөрийн хэрэгтэн гэхээр эрүүгийн элементүүд тэрүүхэндээ дөлнө. Нам нь сонгуульд ялахаар хожим шоронгийн дарга болоод ороод ирэх ч юм билүү, эр хүн гэдэг тугал ч хариулдаг, туг ч барьдаг болохоор тэр шүү дээ. Тэгэхэдээ шоронд хүртэл улс төржүүлдэг. Долоо хоногт нэг удаа  “заларч” намайг байцаадаг байцаагч маань хүчний байгууллага улс төрөөс тустай гэж ойлгодог надад тустай бишийг ойлгуулах гэж их тархидсан даа. Надаас үг “сонсох” гэж навчин тамхи хүртэл бариад ороод ирнэ. Би гэдэг их л “том” хүн бололтой. Өөрөө ч мэдэхгүй байхад тэр байцаагч намайг “Фидель Кастро” болгож, “хувьсгал” хийх ухуулга хийсэн гэж зүтгэнэ. Нээрээ ч миний сахал тэнд сар хоригдоход Фидель Кастрогийнх шиг ургасан шүү.  Мөрдлөгийн явцдаа намайг Кубаас ирээгүй гэдгийг нотолсон боловч “Галт зэвсэг бий юү? Хаана нуусан бэ?” гэж “эргүүтүүлж” өгсөн. “Америк явсан уу? Тагнуулын төв газрын даргын нэрийг мэдэх үү? “ гэх юм.

Америк явсан бол би юу гэж буцаж ирэх вэ, тэндээ “харлаж” үлдээд энд ингэж байцаагчид “мушгиулж”, адууны махны цөвдөлөөр хоосон ходоодоо “аргалж” байхгүй байх байсан нь ойлгомжтой. Надтай бүр тагнуулын ажилтангууд ирж байцаалт авсан гээд бод доо. Сонгуулийн үеэр гэрээсээ ч гарахгүй байх “үүрэг” өгөөд гарын үсэг зуруулсан юм. Сонгуульдаа оролцох эрхгүй би одоо хэн бэ? Ингэхэд энэ жинхэнэ “Магнай” гэдэг нөхөр тийм аюултай рецедив гэмт хэрэгтэн байсан юм бол уу? “Хятад руу хэдэн удаа явсан бэ? Ямар нэртэй буудалд буусан бэ?” гэж асуух юм. Хятад ресторанд ажилладаг гэж “мэдсээр” байж намайг  “таньдаг хятад хүнийхээ нэрийг хэл” гэнэ. Эзнийг минь дуудаж байцаалт авсан байж таарна.  Надтай гуравдугаар ангид хамт нэг ширээнд сууж байсан “хүүхдээс” байцаалт авсан юм чинь  тэр бол тэртэй тэргүй ойлгомжтой л доо. “Ухаантай хүн ухаангүй үйлдэл” хийдэггүй болохоор  эзэн минь миний тойрохыг дугуйлсан биз. Гараад ямар ажил хийх вэ? Хятадууд сүүлийн үед гэмгүй Монголчуудыг  “гарын шүүс” болгох болсон  юм чинь, энэ мөрдөнд хятад хэлний орчуулагчаар авдаггүй л байх даа… Шоронгоос гараагүй хирнээ би шоронгоос гараад “наранд” хийх ажлаа хайж эхэллээ. Ял эдэлсэн гэж ярваганаад ажилд авах газар олддог бол уу? Найз охины минь аав ээж хоёр намайг охинтойгоо дахиж уулзуулахаас өнгөрсөн байх даа гээд олон юманд санаа тавина. Дааганаас болоод үхдэггүй даравгараас болоод үхдэг гэдэг зүйр үг миний амьдралын өдөр тутам биелүүлэх ёстой лоозон болох дог оо. Юун хүний эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, олон улсын алан хядагч шиг шахаанд ороод сууж байна. Үндсэн хуулинд уул нь иргэдийн санаа бодлоо чөлөөтэй хэлэхэд саад хориг тавиагүй биз дээ? Манай төр засаг миний ойлгосоноор бол  ард түмнийхээ сайн сайхны төлөө “хувьсгал” хийхэд дургүй, Америк шиг шударга сонгууль, ардчилалд дургүй, өөрсдөө ажил олгохгүй байж ажил олгосон ажил олгогч гадаад эздэд хонзогнож байгаа мэт дургүй юм уу?

Бас Магнай гэдэг хүнд дургүй юм байна. Магнай гэдэг хүнийг  Монголын иргэнд тооцдоггүй юм байна. Магнай нэртэй хүмүүс хэлгүй, дүлий, сохор бол магнай нь хагарах юм байна л даа. Магнай гэдэг нэрийнхээ горыг амссандаа би ойлгоогүй олон юмаа ойлгож авлаа. Үүнээс өмнө би улстөрийг огт сонирхдоггүй, над шиг хятад рестораны зөөгч хүнд улс төр гэж элий балайтаж байх хэрэг огт үгүй байсан. Хоолоо асгалгүй зөөгөөд, халамцуу үйлчлүүлэгч нартаа мөнгөө “луйвардуулалгүй” авч чадвал бол оо. Зарим үйлчлүүлэгч нар тун хэцүү. Хүний өмнөөс хоол идсэн юм шиг хоёр гурван таваг хоол “амттай байна” гэж үгээ олохгүй “цохичихоод” мөнгөө өгөх болохоороо янз бүрийн арга саам хийнэ. Хятад эзэн толгой сэгсрээд “ Хай яа, түүний гэдэс минийхээс том мөртлөө эзэн нь “толгойгүй” баа “ гэж егөөдөнө. Түүнийхээр бол том гэдэстэй бол том толгойтой байх ёстой гээгүй байх л даа, толгой нь илүү ажиллах ёстой гэж зарчимдсан биз. Хятад хэлний сургууль төгссөнийх би эзнийхээ  хэлэх үгийг Маогийн сургаал шиг сайн мэддэг. Уг гарал нь хятад болохоос уул нь часхийсэн ухаантай үг хэлдэг хүн. Энэ хужаа хотод ирж хоолны газар нээгээгүй бол би гэдэг ажилгүй алмайрсан амьтан ачит төрийн хайр энэрэл үхрийн ганц хавирганы үнэ хүрэхгүй хорин нэгэн мянган төгрөгөөрөө өөрийгөө хуурах байсан биз.

Хятад биш байсан бол сонгуулиар манай тойрогт ороод ирвэл би л лав саналын хуудсаа түүнд өгөх байсан даа. Даанч муу золиг, жунгаа юм даа… Ах зах хүний ёсоор надад зааварлаж сургахад нь наанаа дургүй юм шиг ч цаанаа дуртай сонсоно. “Ухаантай байя гэж бодвол ухаангүй үйлдэл бүү хий” гэнэ. Ухаантай хүн ухаангүй үйлдэл яасан ч хийхгүй. Надаар л жишээ ав л даа. Ганц цаг автобус хүлээгээд зогсож чадахгүй дэмий “бурж” байгаад “аавын хаалга” татсан хүн…  Өвлийн хүйтэнд автобус хүлээж зогсох хэцүү нь хэцүү л дээ. Өвлийн улиралд саарал ордны цонх цантсан болохоор автобус явж байна уу, явахгүй байна уу  мэдэх аргагүй. Албан тасалгааны цонхоор ард түмний амьдрал ямар байгааг янжуур татангаа хардаг дарга нарт өвлийн цонх мөнгөн хөшгөө буулгаад таг дүлий. Гэхэдээ бид өлчир ард түмэн  болохоор гурав дөрвөн цаг автобус хүлээгээд хөлдөж үхсэн хүн нэг ч алга. Тасарсан гарууд л харин хаана унасан газраа тас хөлдөөд, өвөл болохоор хүний хөлдөөсөн “амьд” чихмэлүүд энд тэндгүй сарвайгаад байж байдагт бид дасал болжээ. Гадаадынхан л зарим нэгийг нь хөшөө юм бол уу гэж гайхан барьж үзсэнээ гэнэт зогтусан муухай хашгирахыг нь олонтой харсан. Эдгээр хөлдүүс болсон амьгүй хүнийг хогын машин ирээд ачаад явдаггүй байх найддаг. Эрхбиш эмнэлгийн машинд ч юмуу, цагдаагийн дуудлагын машинд чихэж оруулаад зөөдөг байлгүй дээ. Ум мааний бад хум. Цаг бусаар хорвоог орхисон монголын одоогийн нийгмийн “золиос” болсон хөөрхий тэр хүмүүс сайн төрлийг олох болтугай гэж ерөнхийлөгчийнхөө өмнөөс залбиръя. Юу ярих гэж байгаад юу яриад хадуурчихав аа… Өөрт тохиолдсон инээдтэй явдлыг ярих гэж байгаад эмгэнэлийн тууз намируулчихсан гүйж явах чинь… Тэр өглөө бензин шатахууны үнэ нэмэгдэж, хотын тээврийн автобуснууд шугамд гарахгүй удсан аж. Буудал дээр хүлээж зогссон хэдэн хүмүүс тэсэхээ болоод ирэхээр амаа уралдуулан “улстөр”-жиж гарлаа. Цагаа байн байн харж байсан дөч орчим насны эр,

-Энэ хэдэн шатахууны мониполуудаас болж осгож үхэх юм байна даа. Өнөөдөр арван цагт зээ дүүгийнхээ сүй тавих ёслолд очих ёстой. Энэ янзаараа автобус хүлээвэл лөөлөө юм байна л даа гэж гаслахад эрээн малгай эрээн хүрэм эрээн өмдтэй залуу,

-Сонгуулийн өмнөх шоу байхгүй юү гэж мэдэмхийрлээ. Хижээл насны улаан хацартай авгай уурсангуй аястай,

-Тэдний мөнгөтэй хөрөнгөтэйгээрээ баярхдаг сонгууль маньд ямар хүртээлтэй юм бэ? Тэр сонгуулийг нь өөхөнд боосон ч манай нохой шиншлэхгүй гэж үг хаялав. Түүний нохойнд сонгууль хамаагүй байж болно, өөрт нь бол хүн юм чинь хамаарах ёстой биз дээ… Нөгөө могой шиг “эрээн” баагий сайхь авгайг өрөвдөнгүй харсанаа,

-Та зөвхөн “нохой”-гоо бодож болохгүй. Энэ жилийн сонгуульд иргэн бүр хариуцлагатай хандах ёстой. Хуучны гишүүдийг хуйгаар нь “хусах” хэрэгтэй гэж зөвлөхөд улаан хацарт авгай улам уурсан,

-Муусайн луйварчингууд аль нь ч адилхан. Нэг луйварчин яваад хоёр дахь луйварчин ирнэ… Автобус унаагаа л цагт нь явуулж байвал луйварчингууд юугаа хувааж идэж ууж, юугаа булаалцалдаж зодолдох нь надад хамаагүй гэлээ. Хаанаас гараад ирээд ирсэн юм бэ гэмээр хав хар царайтай, үстэй малгайны хамуурсан оронцог толгой дээрээ тавьсан нэг халамцуу эр,

-Монголчууд аа мориндоо… Автобус хүлээхийн оронд морио унацгаая… Бензин тос гэхгүй амар шүү дээ. Бүгдээрээ морио унаад засгийн газрыг эзэлье. Дундаасаа дахиад нэг “Сүхбаатар” олоод ардын засгийн газраа байгуулъя гэж согтуурхав. Сүй тавих ёслолын “зочин”,

-Мориндоо морьдоод засгийн газрын ордныг эзлэх амархан. Мориноосоо буугаад төрийг тохинуулах хэцүү дээ гэж санаа алдана. Би хүртэл дуугүй байж тэвчсэнгүй,

-Данхар жийптэй баячууд өндөр үнээр дизелээ худалдаж аваад баячууд баячууддаа орлого оруулдаг юм байгаа биз. Бусад нь худалдаж авахгүй “гүрийчих” хэрэгтэй гэхэд нэг залуу намайг танимхайрч,

-Хөөе, Магнай чи хэнийг турхираад байнаа. Автобусны үнэ нэмэгдчихлээ гэж хятад эзэндээ очоод “тархий” нь угаа. Цалин хөлсийг чинь нэмэх юм билүү гэж хэлтэл хүмүүс “Магнай гэнээ” гээд шуугилдаад явчихав… Энэ “этгээд”-ийг хаана харлаа? … Тийм тийм, манай сургуульд байсан юм. Сургуулийн гуанзанд хуушуур авахаар элээ шиг булаагаад зугтдаг байж билээ. Сүүлдээ би хуушуур авахгүй гэрээсээ өндөгтэй талх авчирч иддэг болсоноос хойш надтай “түнжин” хагарсан гар мөн байна. Саявтар бас манай гуанзаар орохдоо лю хуй цай авч идчихээд мантууныхаа мөнгийг төлөхгүй “унждаг” хэрүүлч этгээд дүрээрээ мөн… Гудамжны хөдөлгөөний “баатар” Магнай гэгчтэй  хүмүүс намайг андуурах шиг боллоо. Зарим нь намайг цаанаа хятад “эзэн”-тэй, түүнийхээ заавраар  хүмүүсийг турхиран өдөөж, гудамжинд жагсаал цуглаан хийдэг мэргэжлийн өдөөн хатгагч гэж ойлгож байх шиг харагдана. “Согтуу галзуу” буудал дээрхи хүмүүсийг сүүмгэр нүдээр тойруулан харсанаа,

-Автобус ирвэл автобусны жолоочийг “барьцаа”-лаад бүгдээрээ засгийн газрын ордон руу очиж жагсацгаая. Ард түмнээ үнийн  хөөрөгдлөөр багалзуурдаж алдаг ийм төр байх ёстой юу өөрсдөөс нь асууя гэхэд хүмүүс ам амандаа, “зөв” “мэргэн санаа” гэхчлэн түүнийг дэмжлээ. Удаж удаж утаан дундаас нэг пөөнийсөн дөрвөлжин “юм” гарч ирсэн нь дөрвөн дугуй нь “хавдар”-тай, яндангаараа хар утаа пөг пөг хаялсан нийтийн үйлчилгээний автобус байв. Хүмүүс юун автобус барьцаалах вэ өөрсдөө багтаж суух гэж “алаан” болсоны эцэст “хөлдүүс” болох магадлал өндөр нөгөө согтуу нөхрийг ч орхилгүй чихэлдэж оров… Дараагийн буудал дээр машинтай цагдаа нар намайг хүлээж байлаа. Ингэж би “улстөр”-ийн хэргээр “шоронд” сууж, “шонд” дүүжлүүлэлгүй гарч ирсэн юм. “Хуурамч” Магнай гэдгийг минь тогтоох гэж хотын цагдаагийнхан намайг “хар” нүхэндээ сар хорьсон  доо… Мундаг л Деррикүүд шүү…

Бичсэн Erka


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих