Мансууруулах бодис хэрэглэсэн гэх япон эр зочид буудалд байрлаж байна

-ХАРИН ТҮҮНД МАНСУУРУУЛАХ ТӨРЛИЙН УРГАМАЛ ХУДАЛДААЛСАН ГЭХ ХОЁР МОНГОЛ ЗАЛУУ ХОРИГДОЖ БАЙНА-

Япон улсын иргэн “Суруга” корпорацийн захирал Цүнэяки Хара гэгчийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн мансууруулах бодис хэрэглэсэн байж магадгүй хэмээн сэжиглэн энэ сарын 28-ны орой түр саатуулсан байна. Одоогоор хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан шалгаж байгаа юм байна. “Суруга” корпорацийн захирал Цүнэяки Хара гадуур байцаалт өгч байгаа аж. Түүнийг Монголын хилээр гарахыг хориглосон байна. Энэ талаар сурвалжлахаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст очлоо. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр энэ сарын 28-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийнхэнд нэгэн иргэнээс мэдээлэл ирсэн байна. “Палас зочид буудалд байрлаж байгаа нэг япон иргэн мансууруулах бодис худалдан авч байна. Хоёр хүн аваачиж өгсөн. Удахгүй татаж эхлэх юм шиг байна лээ” гэх утга бүхий мэдээлэл өгсөн юм байх. Үүний дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийнхан “Палас” зочид буудалд очиж, гэнэтийн шалгалт хийсэн байна. Тус буудалд гадаадын зургаан иргэн байрлаж байгаагаас Япон улсын хоёр иргэн үйлчлүүлж байжээ. Тэднийг шалгах үед “Суруга” корпорацийн захирал Цүнэяки Харагийн орон доороос мансууруулах үйлчилгээтэй байж магадгүй ургамал, тугалган цаас, асаагуур гарч ирсэн гэнэ. Орон доороос гарч ирсэн зүйлсээс дээж авч Гаалийн ерөнхий газрын төв лаборатори болон бусад итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхээр өгсөн байна. Шинжилгээний хариу гарсны дараа мансууруулах бодис мөн эсэхийг, цуснаас нь авсан шинжилгээний дүн гарсны эцэст мансуурсан эсэхийг мэдэх боломжтой гэнэ. Цагдаа нарыг шалгалт хийхээр Цүнэяки Харагийн өрөөнд орох үед тэрбээр ямар нэгэн бодис хэрэглээгүй бололтой орон дээрээ хэвтэж байсан гэсэн.

Цагдаа нар түүнийг дүүргийн цагдаагийн хэлтэс дээр аваачин байцаалт авах гэж оролджээ. Гэвч “Өмгөөлөгчтэй байцаалт өгнө” гээд огт юм ярихгүй байсан юм байх. Ийнхүү хэсэг хугацаа өнгөрсний дараа “Суруга” корпорацийн салбар болох “Суруга Монгол” компанийн захирал болон бусад ажилтан ирсэн байна. Тэд өмгөөлөгч болон орчуулагч авчирчээ. Хэрэгт сэжиглэгдээд буй Цүнэяки Хара “Миний өрөөнд яагаад ийм зүйл ороод ирснийг мэдэхгүй байна. Энэ талаар огт мэдэхгүй. Хэн нэгэн хийсэн юм биш биз дээ. Та нар сайн нягталж үз. Монголд ажлаар ирсэн. Удахгүй буцах гэж байгаа” хэмээн мэдүүлжээ. Цагдаа нар түүнд мансууруулах бодис өгсөн хэмээн сэжиглэн 30-37 насны М, Г гэх хоёр монгол залууг саатуулаад байгаа аж. Тэднээс байцаалт аваад байгаа юм билээ.

Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс “Суруга Монгол” компани дээр очлоо. Тус компани нь Төв цэнгэлдэх хүрээлэнгээс зүүн тийш Худалдаа аж үйлдвэрийн танхимын хажууд байрлах аж. Энд нэлээд том газар аваад хашаалчихаж. Тус компани нь2003 оноос хойш Хан-Уул дүүрэгт “Дөрвөн улирлын цэцэрлэг” нэртэй орон сууцны хороолол барьж байгаа юм. Мөн орон сууцны хэд хэдэн томоохон хороолол барьжээ. Ингээд “Суруга Монгол” компанийн байр руу орлоо. Гадаа үүдний харуул нэлээд байцаалт авч байгаад оруулсан юм. Үүдэнд сууж байсан эмэгтэй орж ирэнгүүт бөхөлзөн мэндлээд эелдгээр хэнтэй уулзах вэ хэмээн асуулаа. Сэтгүүлч явж байгааг мэдэнгүүтээ л “Дээрээс хамаагүй хүн оруулж болохгүй гэсэн. Сонин хэвлэлүүд худлаа мэдээлэл цацаад байх юм аа. Та албан тоот аваад ирэх юм бол нэг хүнтэй уулзуулж өгч болно” гээд дотогш нэвтрүүлсэнгүй.

ОРОН ДООРООС НЬ ХАР ТАМХИ ГАРЧ ИРСЭН ГЭСЭН

Мансууруулах бодис хэрэглэх гэж байсан хэмээн сэжиглэгдээд байгаа Цүнэяки Хара нь Япон улсын барилгын томоохон компаниудын нэг болох “Суруга” корпорацийн зургаан захирлын нэг гэсэн. Монголд салбар компанийнхаа үйл ажиллагаа ямар байгаатай танилцахаар ирсэн байна. Ирээд гурав хонож байжээ. Түүний байрлаж байсан “Палас” зочид буудал руу очлоо . Тус зочид буудлын нэгэн ажилтан цөөн асуултад хариулт өгсөн юм. Тэрбээр цагдаа нар болон зочид буудлын эзэд энэ талаар хэнд ч ярьж болохгүй хэмээн хатуу анхааруулсан. Тиймээс нэрээ хэлэх юм бол ажлаасаа ч халагдаж мэднэ гэх тайлбар өгөөд ийн ярилаа. “Манайд үйлчлүүлж байсан нэг япон иргэнийг цагдаа нар нэлээн орой орж ирээд удаагүй байхад нь шалгасан. Тэгээд цагдаа нар “Хар тамхи гараад ирлээ” гээд л хоёр хүн дуудаж гэрчээр байлцуулаад эд мөрийн баримтаар аваад явсан. Нөгөө япон нөхрийг баривчилсан. Тэгтэл удахгүй буцаад ирчихсэн л байсан. Өглөө эрт гараад явдаг юм. Тэгээд оройхон хүрээд ирдэг. Хааяа цагдаа нар ирж буудалд байгаа эсэхийг нь шалгаад байх шиг байна лээ. Түүнийг цагдаа нар баривчилж байх үед ямар нэгэн мансуурсан болов уу гэх шинж тэмдэг ажиглагдаагүй. Харин цагдаа нар руу бөхөлзөөд л юм яриад байх шиг байсан. Түүнийг хамгаалагч дагаж явдаг юм билээ. Манай буудлын 609 тоотод байрлаж байсан юм. Одоо өөр өрөөнд байрлаж байгаа” гэлээ. Мөн өөр нэг эх сурвалжаас авсан мэдээллээр “Суруга Монгол” компанийн удирдлагууд газрын маргаантай асуудлаас болж эсрэг талынхан хорлосон байж магадгүй хэмээн цагдаа нарт шалгаж өгөх хүсэлт тавиад байгаа гэнэ. Цагдаа нар энэ талаарх мэдээллийг нэлээд нууцалж байгаа юм билээ. Харин Цүнэяки Хараг гадуур байцааж байгаа мөртлөө түүнд мансууруулах төрлийн ургамал өгсөн гэх монгол залуусыг цагдан хориод байгаа аж.

Э.ХҮРЭЛБААТАР

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих