Цагдаагийн байгууллагын томилгоо өнөөдөр үргэлжилнэ

Цагдаагийн дарга нарын халаа сэлгээ ойрын өдрүүдэд эрчимтэй үргэлжлэх төлөвтэй. Цагаан сарын өмнөхөн тус салбарт олон жил ажилласан цагдаагийн хурандаа Замын цагдаагийн газрын чиглэлийн ахлах байцаагч С.Пионер, Нийслэлийн цагдаагийн газрын Албадан саатуулах, баривчлах төвийн дарга Д.Цог, Дотоодын хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн зохион байгуулагч Ц.Доржпалам нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн энэ үеэр Улсын мөрдөн байцаах газрын дарга Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн даргаар дэд хурандаа Э.Идэрцог, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дэд дарга хошууч Б.Цоодол, Замын цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн даргаар дэд хурандаа С.Мөнхтамга нар тус тус ажиллахаар болсон билээ. Мөн АТГ-ын Тамгын хэлтсийн дарга асан Г.Бадарчийг НЦГ-ын Сургалт, сурталчилгаа хариуцсан чиглэлийн ахлах байцаагчийн албан тушаалд томилжээ. Харин өнгөрсөн лхагва гаригт Улсын мөрдөн байцаах газрын дарга хурандаа Ө.Энхтөрийг Нийслэлийн цагдаагийн газрын дарга хурандаа С.Баатаржав нарыг хооронд нь сольж сэлгээ хийн, УМБГ-ын дэд даргаар Нийслэлийн Эрэн сурвалжлах хулгайн гэмт хэргийг мөрдөх хэлтсийн даргаар ажиллаж байсан хурандаа П.Батбаатарыг томилов. Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурал өнөөдөр болох бөгөөд энэ үеэр мөн халаа сэлгээ хийх гэнэ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн даргыг солих аж. Түүнчлэн Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын ахлах байцаагчийн гэх мэт орон тоонд ажиллах хүмүүсийн нэрс тодорхой болох гэнэ.

Д.ТАНА


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих