“ТАВАН ТОЛГОЙ” бидэнд юу өгөх вэ?
Таван толгой хүлээлт дагуулсан хэвээр байна. Иргэдэд хуулийн дагуу эзэмших болсон хувьцаанаасаа ашиг хүртэх, төрд төсвөө тэлэх хүсэл байгаа. Хүсэл биелэх эсэх нь энэ ордын ажлын явцаас хамаарна. Мэдээж Таван толгой Лондон, Хонконгийн бирж дээр үнэлэгдэж, стратегийн хөрөнгө оруулагчтай болчихвол ашгаа өгч эхэлнэ л дээ. Төр ч мөнгөтэй, бид ч хувь, хишигтэй болно гэсэн үг. Харин энэ ажил ямар явцтай байгаа бол?
ИРГЭДИЙН ХУВЬЦАА СОНГУУЛИЙН ӨМНӨ ҮНЭ ХҮРЭХГҮЙ
Таван толгойн хэдэн тэрбум тн нүүрсийг үнэ хүргэх газар бол олон улсын хөрөнгийн зах зээл. Өөрөөр хэлбэл IPO хийж байж энэ орд ашгаа өгнө. Иргэдэд ирэх хувьцааны үнэ цэн ч үүнээс хамаарна. Засгийн газрын хувьд сонгуулиас өмнө IPO хийх сонирхол бий. Гэхдээ Хонконг, Лондонгийн хөрөнгийн биржүүд Таван толгойн хувьд хэцүү даваа болчихоод байгаа. Дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон агентлагууд Тавантолгойн IPO аравдугаар сар хүртэл хойшилж магадгүй хэмээн мэдээлж эхэллээ. Мэдээж их мөнгөнд хэн ч дуртай. Лондон, Хонконгийн аль алиных нь анхаарал Таван толгойгоос холдоогүй. Энэ орд тэдний хувьд алдаж болохгүй их мөнгө учраас Таван толгойг шалгууртаа нийцүүлж эгнээндээ нэгтгэх сонирхол байгаа нь мэдээж. Гэхдээ өнөөдөр манай улс тэдний заасан шаардлагын нэлээдийг нь биелүүлж чадаагүй. Ингээд бодохоор Таван толгойн IPO-г аравдугаар сард хийнэ гэсэн хувилбар үнэнд дөхөж байна. Улстөрчдийн амласан 1,5 сая төгрөгийн хувьцааны өгөөж тэр хэрээр хойшилно гэсэн үг. Тэгэхээр иргэд сонгуулиас өмнө “эх орны хишиг”-ээ хүртэх боломжгүй болжээ.
IPO ИХ МӨНГӨ ЗАЛГИНА
IPO хийж, олон улсын зах зээл дээр гарна гэдэг нэр шигээ гоё ажил биш. Хонконг өөрийн шалгууртай. Лондон ч тогтоосон босготой. Шалгуур, босго бүрээс нь их мөнгө үнэртдэг. Олон улсын хөрөнгийн бирж дээр гарахын тулд заавал Англид бүртгэлтэй компанийн нэрээр гаргах ёстой. Ийм компани байгуулахын тулд багагүй хөрөнгө зарна. Хонконгийн Хөрөнгийн бирж гэхэд л Хятад, Итали, Их Британи зэрэг дор хаяж 20 гаруй газар бүртгэлтэй компанийг бүртгэдэг гэж байгаа. Гэтэл манайх алинд нь ч бүртгэлгүй. Хонконг, Лондонгийн биржид гишүүнээр элсэхийн тулд олон улсын хэмжээний хэд хэдэн банктай гэрээ байгуулах дүрэмтэй. Гэрээ байгуулахын тулд мөн л мөнгө зарлагадна. Өндөр зэрэглэлийн аудитын компаниар аудит хийлгэх учиртай. Бас л бөөн доллар. Болзол бүрийг нь чамгүй их мөнгө зарж байж биелүүлэхээр юм билээ. Тэр хэрээр энэ ордоос монголчуудын олох ашиг буурах нь гарцаагүй.
СТРАТЕГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧГҮЙ СТРАТЕГИЙН ОРД
Таван толгойн гол нөөцтэй орд бол Баруун Цанхи. Энэ ордод орж ирэх учиртай стратегийн хөрөнгө оруулагчийн асуудал тодорхойгүй хэвээр байна. “Манай нүүрсийг ашиглая гэвэл дэд бүтэц, хот гээд бүгдийг нь босгож өг” гэсэн төрийн шаардлага хөрөнгө оруулагчдад хатуудаж байгаа нь нууц биш. Ямар ч бизнесмэн бага мөнгөөр их ашиг босгохыг бодно. Олох ашгийнхаа ихэнхийг дэд бүтэц, үйлдвэр, хот барихад зарцуулахыг хэн хүсэхэв. ЭБЭХ-ний сайд Д.Зоригт саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Баруун Цанхи дээр гадны хөрөнгө оруулагчдыг яаж оруулах вэ гэсэн хэлэлцээр явагдаж байна. Зарим нь асуугаад байдаг л даа, ер нь гадаадын хөрөнгө оруулагчид ямар хэрэгтэй юм бэ, өөрсдөө хийчихвэл яасан юм гэж. Их хуралд ч гэсэн тэгж ярьдаг хүмүүс цөөнгүй бий. Нэг жишээ хэлэхэд нүүрсээ Япон, БНСУ-д зарж байж манай нүүрсний үнэ зах зээлд өрсөлдөх хэмжээнд очно.Тэгэхгүй бол энүүхэндээ хавчигдаад, нүүрсний үнэд нөлөөлөөд байна. Транзит тээврийн асуудлыг шийдэхийн тулд Хятад, Орос хоёртой ярихаас өөр арга байхгүй… Хэлэлцээр тийм амар явахгүй байна л даа. Аль аль талдаа ашигтай төсөл болсон цагт хэлэлцээр урагшаа явна. Хамгийн гол нь аль аль талдаа ашигтай байх ёстой. Одоохондоо бүх талдаа ашиг сонирхол төрөхүйц тэр баланс дээрээ очоогүй байгаа” гэж учирласан байна лээ. Засгийн газар аль хэдийнэ БНХАУ-д 40, Америкт 24, ОХУ, Монголд тус тус 18 хувийг өгнө гээд зарлачихсан. Оросууд хувиа чамлаж буй нь илт. АНУ ч гэдийх янзтай. Япон, Солонгос ч Таван толгойд оролцох сонирхлоо хатуухан илэрхийлчихээд байгаа. Яг энэ зургаар бол хэлэлцээрийн ширээний ард сууж, шийд гаргах өдөр хол байх шиг. Учир мэдэх хүмүүсийн таамаглаж байгаачлан стратегийн хөрөнгө оруулагч орж ирэх магадлал тэг хувь руу ч очиж мэдэх юм. Тэгэхээр стратегийн хөрөнгө оруулагчгүй бол Таван толгой яах вэ гэдэг асуулт хариултгүй үлдэж байна гэсэн үг.
ХУВЬЦАА ЮУ, МӨНГӨ ҮҮ?
Иргэдэд нэг бол хувьцаа, үгүй бол мөнгө гэсэн хоёр сонголт бий. УИХ саяхан 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулахдаа ингээд шийдчихсэн. Уг нь хувьцаа, мөнгө хоёр тусдаа ойлголт. Байгалийн баялгийнхаа хувьцааг эзэмшиж, аажимдаа өсөх ашгаас нь хүртэнэ гэдэг нэг хэрэг. Уул уурхайн салбарт орж ирж байгаа мөнгөнөөс нэг удаа хишиг хүртэнэ гэдэг тэс өмнөө асуудал. Одоогоор хэзээ ашиг нь ирэх нь тодорхойгүй хувьцааг хэн ч авдрандаа хийж, алсын ашгийг нь бодохгүй. Хувьцаа гэж юу болох, хувьцаанаас ирэх ашгийн талаар төсөөлөл, ойлголтгүй ихэнх иргэдэд Таван толгойн хувьцаа орон сууцны урьдчилгаа, инфляцийн хөөрөгдөл дагуулсан сая төгрөг болж ирэх байх. Уг нь Таван толгой зургаан тэрбум тн-ын нөөцтэй, хэдэн арван жилдээ ашгаа өгөх том орд. Стратегийн ордынхоо хувьцаа эзэмшигч болж, ашгийг нь хүртэх эрх Монгол Улсын иргэн бүрт бий. Иргэддээ байгалийн баялгийнхаа ашгийг ингэж хүртээсэн улс хөгждөг гэдгийг өнгөрсөн түүхээс төвөггүй уншчихаж болно. Наад захын жишээ гэхэд Аляска байна. Тэнд жил бүр иргэддээ 1000 гаруй доллар хүртээдэг. Ганцхан удаагийн гал унтраах төдий хишиг юм болохгүй нь тодорхой. Одоо бол Таван толгойн өгөөж ингэж л харагдаж байна.
Ц.БААСАНСҮРЭН
URL: