НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР ТАНАА

Шаардлага хүргүүлэх тухай

2010 оны 03 сарын 07-ноос 08-ны шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн   ИТХ-ын 14 төлөөлөгч 40 хувийн ирцтэй хуралдаж  СХД-ийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн нь “ИТХ нь 51 хувийс доошгүй ирцтэй байх” тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн  хууль бус  үйлдэл байлаа.  Энэ хууль бус шийдвэрийг  Нийслэлийн Засаг дарга Та  179 дүгээр тоот захирамжаараа улам баталгаажуулж  СХД-ийн Засаг даргаар Ц.Болдыг томилоод 1 жил шахуу хугацаа өнгөрч байна. СХД-ийн ИТХ-ын 14 төлөөлөгч 40 хувийн ирцтэй хуралдаж Засаг даргын асуудлыг хэлэлцсэн шийдвэр нь угаасаа хууль бус гэдгийг Та мэдсээр байж батламжилсан нь хуулийг гууль болгож завхруулж байгаагийн тод жишээ гэж Сонгинохайрхан дүүргийн иргэд бид үзэж байна. СХД-ийн ИТХ-ын 14 төлөөлөгчийн хууль бус үйлдлийг 2010 оны 12-р сарын 18-ны өдөр  хуралдсан СХД-ийн ИТХ–ын ээлжит  IV хуралдаан авч хэлэлцэж хүчингүй болохыг нь тогтоосон байна.  Дээрхи шийдвэрүүд хүчингүй болсноор дүүргийн ИТХ-ын дарга, дүүргийн Засаг даргад шинээр нэр дэвшүүлэхэд таны хуульд нийцээгүй захирамжаар томилогдсон  Ц.Болд дахин нэр дэвшсэн боловч олонхийн санал авч чадаагүй. Ийм байтал дээд шатны Засаг дарга Та хуулийг ёсчлон хэрэгжүүлэхгүй, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас гаргасан хууль ёсны санал санаачлагыг одоо болтол хүлээн зөвшөөрөхгүй, СХД-ийн 270 гаруй мянган хүн амын төлөөлөл болох дүүргийн ИТХ-ын саналыг үл тоомсорлож орон нутагт төрийн ажлыг завхруулж байгаад бид туйлаас харамсаж байна. Таны энэ хууль бус үйл ажиллагаанаас болж Сонгинохайрхан дүүрэг 2010 оны туршид Төсвийн хухай хуулийг зөрчиж, батлагдсан төсөвгүйгээр хөрөнгө мөнгө зарцуулсаар бүтэн жилийг үдлээ. Басхүү 2011 оны төсвөө хуулийн хугацаанд баталж чадсангүй шинэ онтойгоо золгож байгаа улсын хэмжээний ганц дүүргээр тодроод байна. Иймд  СХД-ийн нийт иргэдийн эрх ашгийн өмнөөс, хууль дээдлэх зарчмыг баримтлах үүднээс эрхэм Нийслэлийн Засаг дарга Танаас өөрийн эрх хэмжээний хүрээнд доорхи асуудлыг шийдвэрлэхийг  шаардаж байна.

  1. 2011 оны 02-р сарын 01-ны дотор СХД-ийг хууль ёсны Засаг даргатай болгох
  2. СХД-ийн 2011 оны төсөв хуулийн хугацаанд батлагдаагүй байгааг анхааралдаа авч 2011 оны 02-р сарын 10-ны дотор  батлуулах боломж, нөхцөлийг  дээд шатны Засаг даргын хувьд хангах.

Хэрвээ  дээрхи шаардлагуудыг биелүүлэхгүй бол бид иргэдийн эрх ашгийг хамгаалж дараа дараагийн шатны арга хэмжээнүүдийг авах болно.

Сонгинохайрхан дүүргийн иргэн:         Б.Батжав

О.Түшиг

Н.Дашдаваа


URL:

Сэтгэгдэл бичих