Н.Энхбаяраас С.Баярт өгсөн хариу
“Улаан тив”-д галав юүлж байна. Тус “тив”-ийн нягтарч, дагтаршсан хуучин хөрснөөс X үсэг хэмээх ганцхан жадыг суга татсан нь үе, үеийн “X” удирдагчдынх нь шархыг дахин хөндөв. Бүр хонзонгоо тайлцгаах далим болов. Хорслын “нум”-аа тэд бие биен рүүгээ татжээ. С.Баярт өсөрхсөн Н.Энхбаярын ууртай харц, Н.Энхбаярт дургүйлхсэн С.Баярын шазуур зуулт. Нэг нэгнээ улс төрийн дуэльд дуудсан энэ хонзогнол эцэстээ 90 жилийн түүхт намыг хагаралдуулахад хүргэлээ.
Гэхдээ Н.Энхбаяр С.Баяргүйгээр, С.Баяр Н.Энхбаяргүйгээр “Улаан тив”-д оршихгүй. Учир нь тэдний ген адилхан. Харин Ардын нам бол тэдний мөнхийн фон. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаасаа хойш С.Баярт хэрүүлийн үгс бүхий “и-мэйл” бичсээр байгаа. Хувь улстөрчийнх нь натур занг мэдэхийн хувьд тэрбээр экс Ерөнхий сайдын тэвчээр алдарч, урхинд нь орохыг хүлээж байна. Чухам иймээс л С.Баярыг угтах замд үймээн дэгдээж, олны анхаарлыг саринуулж байгаа нь тэр.
Экс Ерөнхийлөгч өнгөрсөн онд “Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан минь С.Баяртай холбоотой. Тэрбээр сөрөг хүчнийхэнтэй хуйвалдаж, намайг унагасан” хэмээсэн ч цаадах нь түүнд хариу өгөөгүй. Харин намынхаа Хяналтын ерөнхий хороонд “Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр ялагдахад миний оролцоо байсан эсэхийг нягталж өгнө үү” гэсэн утгатай өргөдөл гаргасан билээ. Гэвч Н.Энхбаяр тус хороонд хариу ирүүлэлгүй гүрийхээр шийдсэн. Эл байдлаас цочроо авсан Хяналтын ерөнхий хорооныхон С.Баярыг бачимдуулахгүйн тулд “Тэр явдалд С.Баяр буруугүй болно” хэмээх дүгнэлтийг бушуухан гаргаж өгчээ.
Харамсалтай нь байдал намжсангүй. “Улаан тив”-ийн “X” удирдагчдын тэрсэлдээн улам даамжирч, Ардын нам ирэх сонгуульд ялах уу, ялагдах уу гэдгийг шийдэх гэж байна. Тэрхүү хагарал нь МАХН-Х=МАН гэсэн томъёоллоос үүдсэн багахан ангал төдий. Харин Н.Энхбаяр, С.Баяр нар УИХ-ын 2012 оны сонгуулиас өмнө томоохон тохиролцоонд хүрэхгүй бол “Улаан тив” дэх галав юүлэлт бүр эрчимжих нь тодорхой.
Тиймээс экс Ерөнхийлөгч С.Баярыг чиглэсэн дайралтуудаа лавшруулж, Хяналтын ерөнхий хороонд биш, С.Баярт хаягласан “захидлууд”-аа илгээж эхлэх нь тэр. Чингэхдээ тэр ой санамжаа ч сэргээж байна. Тийм ээ, Ардын намынхны хувьд ч мартагдсан ой санамжууд нь сэргэж байна. 1996 он. МАХН сонгуульд ялагдаж, Б.Даш-Ёндон намын Ерөнхий нарийн бичгийн даргын албанаас огцорлоо. П.Жасрай, Л.Энэбиш, Б.Даш-Ёндон нарын дэмжлэгтэйгээр Засгийн газрын кабинетад багтсан Н.Энхбаярт МАХН-ын дарга болох боломж харагдав.
Тиймээс барьцаа улам лавшруулж, Л.Энэбишид “Би намын дарга болъё” хэмээх хүсэлтийг уламжилжээ. Гэвч бүтсэнгүй. “Н.Багабандийг намын дарга болгоно. Чиний хувьд цаг нь арай болоогүй” гэсэн хариу сонслоо. МАХН-ын даргын төлөөх марафон тухайн үед ил, далд хүчтэй өрнөсөн ч эцсийн дүнд Н.Багабанди намын дарга, Н.Энхбаяр Ерөнхий нарийн бичгийн дарга болсон билээ. Мань эр генсек болмогцоо Ардчилсан холбоо эвслийн анхны Засгийн газрыг огцруулах гол хорыг найруулав. Энэхүү операцид нь Ерөнхий сайд асан М.Энхсайхан, УИХ-ын гишүүн До.Ганболд тэргүүтэй Ардчилсан нам дахь “Элсний 13″ буюу хөдөөгийн фракцийнхан хүч хавсарч, Ц.Элбэгдоржийн тэргүүлж байсан танхимыг унагасан удаатай.
Н.Энхбаярынхан энэ түүхийг 2007 онд дахин давтаж, М.Энхболдын кабинетыг нураан байж С.Баярын засаглалыг өөрсдийн гараар элбэн тохинуулсан. Гэвч С.Баяр намын дарга, Ерөнхий сайдын тамгыг гардсанаар Н.Энхбаяртай харилцах харилцаагаа төгсгөл болгохыг эрмэлзэж байсан юм. Н.Энхбаярын мэдэлд байсан бүхэн С.Баярын гарт шилжсэн энэ л мөчөөс “X”-үүдийн дунд хариулт нэхсэн тэмцэл ширүүссэн билээ.
Н.Энхбаяр гөжүүдэлсэн ч тэссэнгүй. С.Баярт хариугаа өөр хэлбэрээр өгч эхлэв. “Улаан тив”-ийн XXVI их хурлын үеэр Н.Энхбаяр Ардын намын Бага хурлын гишүүн болсон. Харин Ц.Шинэбаяр тэргүүтэй түүний талыг баримтлагчид намаасаа салан тусгаарлалаа. Экс Ерөнхийлөгч намаа улс төрийн хоргодох байр болгосны учир нь 150 гаруй мянган гишүүний нөмөр нөөлгөөс салахгүйг хүссэнийх. Түүний хувьд, Ардын нам улс төрийн карьерынх нь гол тавцан хэвээр байх болно. Гэвч МАХН-ын түр штабт хямрал нүүрлэжээ. Ц.Шинэбаяр золигт гарснаа ойлгож, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ нартай саяхан уулзаж “Н.Энхбаяр надад нөмөр нөөлөг болохгүй нь. Та хэд надтай хамтраач” гэсэн ч нааштай хариулт сонсоогүй аж.
Тус штабын зохицуулагч С.Молор-Эрдэнэ, Н.Удвал нарын хувьд Н.Энхбаярын заавар зөвлөгөөг дагаж, Ц.Шинэбаяраас холдох нь ч ойлгомжтой болж байна. Учир нь тэдэнд МАХН буюу Монголын алдарт хувьсгалт нам хэмээх нэр таалагдахгүй байгаа юм. Тиймээс иргэний хөдөлгөөнийхөнтэй хамтран өөр нам байгуулах тухай сураг ч сонсогдож эхэллээ. Тэгвэл Ардын нам дахь Н.Энхбаярын гол хүч юу вэ.
Тус намын Удирдах зөвлөлд Д.Арвин, Ч.Улаан тэргүүтэй түүний фракцийнхан бий. “Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” жигүүрийнхэн ч дэвдгээрээ дэвж байгаа. Гол бааз нь Ардын намд төвлөрсөн учраас экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр С.Баяртай хийх сүүлчийн тулаанаа эхлэхийг хүлээж байна. Оюутолгой, Тавантолгой, хамтарсан Засгийн газрын тухай захидлуудаа ч улаачаар дамжуулан С.Баярт илгээсээр… Гэвч энэ зөвхөн эхний хариултууд.
С.Баттулга
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
thank you9
ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/
thank you21
ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/