Цагдаагийн дарга нар аль хэдийнэ хэргээ хүлээсэн гэнэ үү
УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа эмх замбараагүй байдал үүсч таван хүн амь үрэгдэж, олон арван цагдаагийн албан хаагч гэмтэж бэртсэн хэрэгт тухайн үеийн цагдаагийн удирдлагуудыг буруутган шалгаж дуусаад, шийдвэрлэх шатанд хойшилсон юм. Гурван жилийн турш “унтаа” байсан эл хэрэг гэнэт сэрж, ийнхүү шийдвэрлэгдэх шатандаа ирсэн учраас хэн бүхний анхаарлын төвд байна. Сүүлийн өдрүүдэд цагдаагийн дарга нартай холбоотой асуудлаар эгээ л амтай болгон янз бүрийн юм ярих болов. Гэтэл энэ нь хэргийг ёстой “өөх ч биш булчирхай ч биш” болгоод байх шиг. Ерөнхийдөө тэд бүгд цагдаагийн дарга нарыг хариуцлагаас бултуулах гээд байна уу гэж хардаж байх шиг. Жишээ нь өчигдөр Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн прокурорын орлогч Ё.Сагсай “Генерал Ч.Амарболд нарын хэргийг 2009 онд Өршөөлийн хуульд хамруулахад ямар ч хэл ам хийгээгүй. Угтаа бол Өршөөлийн хуульд хамруулахыг зөвшөөрнө гэдэг чинь тэд хэргээ хүлээсэн гэсэн үг. Гэтэл үймээний үеэр хохирсон иргэд “Өршөөлийн хуульд хууль зүйн үндэслэлгүйгээр хамруулсан” гэж гомдол гаргасны дагуу дахин шалгасан. Ингэхдээ ялын зүйл ангийг өөрчилсөн.
Үүнийг цагдаагийн дарга нар зөвшөөрөхгүй байгаа юм” гэж өгүүлсэн. Өөрөөр хэлбэл, Өршөөлийн хуульд тэдний хэргийг хамруулахад хэргээ хүлээчихээд хэргийг дахин сэргээгээд шалгахаар үгүйсгэж байгаа гэнэ. Гэтэл цагдаагийн дарга нарын ар гэрийнхэн, өмгөөлөгчид ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос Ерөнхий прокурорт хаягласан нэг албан бичгийг тайлбарлахыг шаардаж байгаа бололтой. Тэр албан бичигт “Долдугаар сарын 1-ний үймээний үеэр гарсан хэргийг дахин шалгах учиртай. Үхсэн хууль хэрэглэж, цагдаагийн дарга нарыг яллах гэж байна” гэсэн утта бүхий зүйл бичсэн байх юм.
Нэг бодлын олон жил хуулийн салбарыг толгойлсон хүн жинтэй “юм” хэлж таараа гэмээр. Эсвэл эсрэгээрээ Ц.Нямдорж хүртэл яахаараа цагдаа нарыг өмөөрдөг билээ гэж хардмаар. Гэтэл зөвхөн Ц.Нямдорж сайд ганцаараа иймэрхүү бичиг илгээгээгүй гэж байна. Цагдаа нарын гэх хэрэг Сүхбаатар дүүргийн шүүх рүү шилжээд байх үед Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир “Албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотой асуудлаар шалгагдаж байгаа цагдаагийн албан хаагчдын хүсэлтийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын удирдлага хүлээн авч уулзан, дурдагдсан асуудлаар хүсэлт гаргаж байна. Үүнд Монгол Улсын Их хурлаас 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсгийн “цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гал түймэртэй тэмцэх байгууллагын офицер, ахлагч, гал сөнөөгч, хорих байгууллагын алба хаагч энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Цагдаагийн алба хаагч нь Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.4-т зааснаар цэргийн алба хаагчдын ангилалд хамаарагдахгүй байна. Иймд гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчдыг Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлд заасан цэргийн албаны эсрэг гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан хууль эрх зүйн үндэслэлтэй эсэхийг тогтоохдоо анхаарна уу” хэмээж байжээ.
Тэгэхээр цагдаагийн дарга нарыг хэлмэгдүүлэх гээд ч байгаа юм шиг. Гэхдээ эдгээр хүсэлтийг хамгийн гол нь Сүхбаатарын шүүхэд биш прокурорт хаяглаад байгаа нь сонин. Уг нь хэрэг шүүх рүү нэгэнт л шилжсэн бол прокурорт хамаагүй баймаар. Тэднийг ийн будилаад ч байгаа юм шиг, тохиролцох гээд ч байгаа юм шиг зууралдаж байх завсар сонгууль болоод дуусах нь. Мөн “Энэ хэргийг шийдчих болов уу” гэсэн иргэдийн хүлээлт талаар өнгөрөх нь бололтой. Уг нь өмнөх алдаагаа засч байж дараагийн зам шуудрах учиртай сан. Гэтэл байдлыг урьдаар мэдчихээд, энэ хэргийг удирдсан байж мэдэх зарим хүмүүс өөрсдөдөө хамаагүй мэтээр ярих нь бий. Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр. Тэрбээр “Намайг гэрчээр дуудах тухай хэвлэлээр мэдээлэл гарсан байсан. Хэрэв уг хэргийг шийдвэрлэхэд миний бие байлцах хэрэгтэй бол дуртайяа тусална. Гэхдээ өнөөдрийн байдлаар шүүхээс намайг гэрчээр оролцох тухай санал ирээгүй байна. Шүүх хурал нь хэлбэр төдий бус, нухацтай, үнэнийг илрүүлэх хурал болоосой гэж бодож байна. Энэ хурал нээлттэй болох ёстой. Телевизүүд шүүх хурлыг шууд дамжуулж, бүх сэтгүүлчид, ард түмэнд нээлттэй болох нь зөв.
Шүүх хурлын үеэр Монгол Улсын нууцын зэрэглэлд хамаарах зүйл яригдана гэх үндэслэлээр хаалттай зарлаж байгаа. Үнэн хэрэгтээ энд нууц гээд байх зүйл байхгүй. Анх Э.Бат-Үүл гишүүн энэ хэргийг нууц гэж УИХ-д оруулснаас болоод ийм байдалд хүрээд байгаа юм. Ер нь шүүх хурлыг хаалттай хэлэлцэж байгаа нь жүжиг тоглож байгаа юм. Тийм жүжгэнд би оролцохгүй. Шаардлагатай гэж үзэж байгаа бол намайг шалга. Хоёр удаа шалгуулсан ч болно” гэсэн. Түүний хэлснээр бол Н.Энхбаяр цагдаагийн дарга нарын хэргийг шүүх хуралд гэрчээр оролцохгүй бол энэ хэргийн шийдвэрлэлт жүжиг байх нь.
Юутай ч асуудал яаж эргэхийг анхааралтай харж байя. Гэхдээ энэ хэрэгт тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил, УИХ-ын дарга Д.Лүндээжанцан нарыг гэрчээр оруулахыг шаардсан нь зөв байх. Тэд л энэ хэргийн учгийг мэдэх ёстой. Хэрэгт холбогдоод байгаа цагдаагийнхантай тэднийг шүүх хуралд нүүрэлдүүлбэл асуудал шийдэгдэх магадлал өндөр байх талтай.
Д.Сүхбаатар
URL: