М.Энхсайхан: Хүсэл байдаг боловч бас хязгаар байдгийг мэднэ

Монгол Улсын Ерөнхий сайд асан М. Энхсайханыг “Ярилцах танхим”-даа урилаа.

- Хамгийн сүүлд таны бичсэн “Чонон сүлд ба Хятадын үндэсний үзлийн тухай” нийтлэл анхаарал татлаа. Үндэсний шинэ намыг үндэслэгчийн хувьд энэ романд анализ хийв үү, эсвэл өөр зайлшгүй шалтгаан байсан уу?
- Монголчууд олон нам болж өөр хоорондоо хэмлэлдэж байх зуур харийн үзэл суртал уран зохиол хэлбэртэйгээр зугуухан орж ирлээ. Түүнийг нь мөчидхөн ойлгосон монголчууд “Хятад хүн Монголыг өмөөрөн бичлээ” гэх юм уу, бүр хөөрөөд “Монголчууд чонон эдийн засаг байгуулна” хэмээн за¬рим хариуцлагатай хүмүүс балайрахад үнэхээр сэтгэл өвдөөд бичсэн юм. Монголд чонон эдийн засаг нэгэнт бий болсон шүү дээ. Чонон эдийн засаг гэдэг чинь “зэрлэг капитализм” юм. Би өгүүллээ бичээд хоёр сонинд хандсан. Нэг нь сайхан хэвлэж өгсөнд талархаж байгаа. Нөгөө нь мөнгө нэхсэн. Намайг юм бичиж хэвлүүллээ гэж аль нэг сонин “торгох” нь миний хувьд өчүүхэн хэрэг боловч өөрийнхөө үндэсний үзлээ таньж чадахгүй яваад байвал монгол үндэстэн түүнээс том “торгууль”-д унах нь байна шүү гэж бодохоор үнэхээр харамсмаар байгаа юм.  “Чонон тотем” хэмээх уг номын нэрийг “Чонон сүлд” хэмээн монголчилсон нь дэврүүлсэн хэрэг байсан тухай, уг ном нь монголчуудыг чонотой адилтган “зэрлэгүүд” гэж ертөнцөд зарласаныг би эсэргүүцсэн юм. Өөрийгөө оюунлиг гэж боддог хүмүүс өөрсдөө уншсан нь дээр биз дээ.

- Уг нийтлэлд “Үндэсний үзлийн амбиц хэрээс хэтэрвэл хөрш орнуудаа заналхийлсэнтэй адил болно” хэмээжээ. Монголд ч гэсэн энэ амбиц заримдаа хэрээс хэтэрч эдийн засагтаа сөргөөр нөлөөлж эхэлсэн юм шиг танд санагддаг уу?
- Үндэстэн байгаа л бол үндэсний үзэл байх нь гарцаагүй. Үндэсний үзэлд бурхны их хүч, буг чөтгөрийн их хүч хоёулаа хамт байдаг юм. Би хаяа дэрлэсэн Орос, Хятад гүрний аугаа их үндэсний үзэлд хүндэтгэлтэй хандаж байна. Гэвч амбиц нь хэтэрвэл болохгүй гэдгийг хэлсэн юм. Миний энэ үг монголчуудын үндэсний үзэлд бас хамаарна. Сайн гээд хүзүү толгойгоороо тэврэлдэхгүй, муу гээд бие биеэ доромжлохгүй байх явдал үндэсний үзэлд хэвших ёстой юм. Монголчуудын хувьд үндэсний үзэл нь хэтэрсэн, даварсан, аюул болчихсон юм би олж харахгүй байна. Харин бусдыг хуулбарлан дууриаж, их гүрнүүдийн битүүхэн сөргөлдөөний идэш болж мэдэх үгсийг хэлэх нь хэрээс хэтэрч байж магадгүй.

- Ном хийгээд таны нийтлэлийн талаар ингээд завсарлая. Та ярилцлага өгөхдөө нэлээд цааргаллаа. Яагаад олон нийтэд ил гарах, үгээ хүргэхийг хүсэхгүй байгаа юм бэ. Юу таны дургүйг тэгтлээ хүргээд байна вэ?
- Монголын нийгэм сохорсон, дөжирсөн, бие биеэ сонсохоо больсон гэвэл бараг л үнэнд нийцэх байх. Энэ бол барууны ардчиллыг шууд хуулбарласантай холбоотой. Баян, хоосны ялгаа улам бүр ихэсч, хариуцлагагүйн зудад дээр, доргүй нэрвэгдлээ. Дээр нь монголчуудын “тархи”-ийг гаднаас угааж, бидний хүсээд байсан чөлөөт гэх хэвлэл мэдээлэл хур их хогонд даруулжээ. Олон жилийн тэр их хогон дороос өндийгөөд ганц аятайхан үг хэлэхийг оролдоход дийлдэшгүй мэт санагдах үе байх юм. Тиймээс бусдын адил хэрүүл уруул шиг юм яримааргүй санагдаад байгаа. Ганц нэг юм ярьснаар ч энэ их солиорлыг засч дийлэхгүй. Харин үүний оронд үзэл бодол нийлэх хүмүүстэйгээ аажим боловч хүчээ зузаатгаж гэрэл гаргахыг эрмэлзэх нь зөв юм шиг байна.

- Одоогоос нэг жилийн өмнө манай сонинд өгсөн ярилцлагадаа та  “Намайг улс төрөөс зайлуулах хүсэлтэй хүмүүст хандаж мөрөөдөх хэрэггүй гэж хэлье” гэдэг үгийг дайсан. Тэгэхээр та 2012 оны сонгуульд аль хэдийнэ бэлдээд эхэлчихсэн үү?
- Хувь хүнийхээ хувьд сонгуульд орох өчүүхэн ч бодол алга. Гэвч олигархийн засаглалыг хязгаарлаж, үндэсний үзэлд суурилсан их өөрчлөлтийг аль болох наашлуулахын төлөө би ажиллах болно.

- Тэгвэл  яагаад одоо “нуувчинд” байхыг хүсэх болов. Бас сонин хэвлэлээс ангид байгаа гэлээ. Мэдээлэлгүйгээр улс төр хийхэд амаргүй юм биш үү. Эсвэл та мэдээллийн голомтод хангалттай эх сурвалжтай гэсэн үг үү?
- Монголд хэлбэр талаас нь харвал олон сонин, телевиз, радио бий. Агуулгаар нь харвал бүгдээрээ нэг л юм ярьдаг шүү дээ. Бие биенээ хуулбарлаад гоё сайхан үгээр чимсэн мэдээллийн  давтамж л байна. Тийм мэдээллүүдийг уншихаар монголчуудын “тархи” вирустээд байдаг. Вирустсэн тархитай хүмүүсийг гаднаас засаглахад их амархан. Хааяа өдрийн од шиг аятайхан юм бичигдсэн байдаг л даа. Миний хувьд вирусийн эсрэг программ зохиох явдал чухал байгаа юм. Энэ бол үндэсний үзлээ томъёолох явдал. Ертөнц дээр, бүс нутагт, улс гэр дотроо болж байгаа үйл явдлыг үндэсний үзлийн өнцгөөр харж сурах явдал монголчуудын амин чухал асуудал болж байгааг ойлгуулмаар байна.

- Баабар “Үндэсний тойм” сэтгүүлдээ “МАН.АН дундах Монгол” хэмээх нийтлэл бичжээ. Үүнд “Н.Энхбаяр, М.Энхсайхан хэмээх хоёр том улстөрчийг тойрон шинэ төвлөрөл бий болох төлөвтэй. Энэ нь Засгийн эрх баригчдад халгаатай” хэмээн бичжээ. Мөн саяхан УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “М.Энхсайхан, Н.Энхбаяр хоёр хамгийн аюултай” хэмээн бичсэн. Энэ бүхэн таныг улс төрд байр суурьтай, айлгасан хэвээрээ байгааг харуулж байна уу, аль эсвэл шууд таныг өдөөн хатгаж байна гэж үзэх үү?
- Өнөөдөр Монголд нэг л юм их ойлгомжтой  байна. Тэр нь юу вэ гэхээр нэ¬гэнт бүрэлдсэн стандарт бус засаг  нь гадаадынхны ялангуяа манай баялагт шунах үндэстэн дамнасан компаниудын хүсэл зоригт бараг 100 хувь нийцээд байгаа явдал юм. Бид тийм засгийг дотооддоо олигархийн засаглал хэмээж буй. Олигархийн засаглал гадныхны дэмжлэг, туслалцаагүйгээр бэхжих бололцоогүй нь ойлгомжтой. “Гал үндэстэн” холбооныхон Ерөн­хий сайд асан С.Баярыг залуу сайдуудынх нь хамт Оюутолгойн асуудлаар прокурорт шалгуулахаар өгч харагдана. Гадаадын том оли­гар­хиудыг дэмжигч Монгол олигархиудын   үйлдлийг эсэр­гүүцсэн “Ми­ний Монголын газар шороо”, “Элгэн нутаг Сутай хайрхан”, “Онги гол”, ”Бурхан халдун”, ”Гол ус нууруудыг хамгаалах нэгдсэн хөдөлгөөн” гээд олон байгууллага бий. Үндэсний аюулгүй байдалд санаа зовох хүмүүс олширч “Үндэсний аюулгүй байдлын төлөө зүтгэе”, “Тусгаар тогтнол Монголын төлөө нэгдэгсэд”, “Офицеруудийн холбоо” гээд төрийн бус байгууллагууд бий боллоо. “Даяар Монгол”, “Хөх Монгол” бүлгэм зэрэг Монголоо гэсэн сэтгэлтэй залуусын байгууллага хүрээгээ тэлж байна. Ингээд дурьдаад байвал олон юм болно. Энэ бүгдийн ард М.Энхсайхан, Н.Энхбаяр байгаа гэвэл гэнэн бөгөөд тэднийг доромжилсон хэрэг болно. Энд нэр дурьдсан болон нэр дурьдагдаагүй байгууллагуудын үйл ажиллагаа нийлбэр дүнгээрээ олигархийн засаглалыг ганхуулж байгаа. Олигархиуд тэнэг биш учир өөрсдийгөө яаж хамгаалж бэхжүүлэх вэ хэмээн толгойгоо гашилгаж байгаа. Гадныхны зөвлөгөө  туслалцааг авахыг хүсэмжлэх нь мэдээж. Тэдний өгөх зөвлөгөө  нь “дайснаа тодруул”. Түүнтэйгээ тэмцэж байгаа хэлбэрээр “Олигархиудаа нэгтгэж нягтруул” гэх нь гарцаагүй. Энэ бол нэгэнт ил болсон политтехнологи юм. Э.Бат-Үүл баатар хоёр “Э” хамгийн аюултай гэж зарлах нь гадаадынхны зөвлөмж бөгөөд баатар маань санаатай тоглоод байна уу, санамсаргүй хүний хүнд ашиглуулаад байна уу гэдэгт л асуудал байна.

- ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцээд дахиад л авч үлдэхээр боллоо. Оюутолгойн гэрээний асуудалтай холбож авч үзвэл та Д.Зоригтыг огцруулах нь зүйтэй гэж үзэж байна уу, үгүй юү?
- Д.Зоригтын ард дугаарлан хүлээсэн Зоригтууд олон байгаа шүү дээ. Хувь хүний тухай асуудал чухал биш, тогтолцоо буруу байна гэдгийг анхаарах хэрэгтэй цаг мөч иржээ.

- Олон нийтэд харагдаж байгаагаар хамтарсан Засгийн газар дүнгээ тавиулах мөч ойртох тусам бүхнийг мөнгөөр зодож эхэлж байна. Эдийн засагчийн хувиар та үүний хор уршгийг хэрхэн харж байна вэ?
- Засгийн газар өөрийгөө хамгаалах эрхтэй. Шаардлагатай гэвэл мөнгө цацах нь тэдний л эрх шүү дээ. Өнөөдрийн барууны ардчиллыг хуулбарласан төрийн тогтолцоонд Засгийн газар өөр юу хийж чадах билээ дээ. Засгийн газрын хор уршиг гэхээсээ илүү тогтолцооны хор уршиг гэж харвал яасан юм бол.

- Танай намын зүгээс ирэх сонгуульд өнөөгийн парламентад суудалтай намуудад бэлдсэн гэнэтийн бэлгийн зах сэжүүрээс задалж болох уу. Тухайлбал С.Батболдын Засгийн газрын үйл ажиллагаанд та ямар дүн тавих вэ?
- Хөлийг нь тушиж, гарыг нь боосон хүнийг холхон яв даа гэвэл тэр хүн яах бол? Хэрэндээ үсэрч дэвхрээд ч болов хол явахыг эрмэлзэх нь гарцаагүй. С.Батболдын Засгийн газрын хийж байгаа ажлыг би ийм л өнцгөөр харж байна. Би Ерөнхий сайд байсан. Зовлон байдгийг мэднэ. Хүсэл байдаг боловч бас хязгаар байдгийг мэднэ. Миний хувьд гадаадынхны тавьсан занган дундуур чадах чинээгээр туучиж яваа монголчуудын Засгийн газар гэвэл түүхэн үнэнд ойртох байх. Цаашдаа Засгийн газрыг дөнгөнөөс нь мултлахын тулд илүү чадамжтай ажиллах бололцоог бүрдүүлэхийн тулд систем, тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Олон нам нэртэй УИХ хэмээх дөнгө цоожийг монголчилъё. Миний бодол бол аль нэг нам нь ирэх сонгуулиар үнэмлэхүй олонхи болох хэрэгтэй. Өвдөлт ихтэй ч өөр зам байхгүй. Ингэхдээ тэрхүү нам нь үндэс угсаа гэсэн үзэл дээрээ бууж ирвэл хөгжил илүү хурдан, тэнцвэртэй байх болно.

- Ардчиллын 20 жилийн ойг бүтэн жилийн турш тэмдэглэн өнгөрүүлсэн. Ардчилсан намаас гарсан ч энэ намтай амьдралаа холбосон бас Монголд ардчиллыг авч ирсэн хүмүүсийн нэгийн хувьд та энэ ойн талаар ямар бодолтой үлдэв. Ямар дүгнэлт хийж суув?
- Худлаа л бие биенээ хөөрөгдөж одон медаль гялалзуулав. Энэ ч байх л асуудал байх. Өнгөрсөн 20 жилдээ нухацтай дүгнэлт хийх оюуны чадамжгүй болсон гэдгийг л харлаа.

- Улс төрийн намууд дор бүрнээ шинэчлэлийн тухай амаа цангатал ярилаа. Ирэх сонгуулиар хүссэн хүсээгүй нэг талбарт өрсөлдөх МАН, АН-ын өрсөлдөгчдөө хэрхэн үнэлж байна вэ?
- Үндэсний үзэл монгол хүн бүрийн зүрхэнд бий. Энэ үзэл хүчээ авах болно. МАН, АН хоёрын аль нь энэхүү зүрхний үзлийг илүү илэрхийлэх бол гэдгийг сониучирхан харж байгаа. Ирж яваа цагийг угтаж чадсан нам амжилтад хүрэх нь гарцаагүй юм.

- Тухайлбал Монгол Улсад алдартай хувьсгалчдын нам хүртэл бий боллоо. Энэ МАН-ын задралын эхлэл байж болох уу, эсвэл түр зуурын шоу юу?
- Би болж байгаа үйл явдлыг үндэсний үзлийн зүгээс хэрхэн харж болох тухай хэдэн санаа хэлмээр байна. Нэгдүгээрт, МАХН-ын үүх түүхийг нарийн ажвал 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалтай золгох хүртлээ энэхүү улс төрийн хүчин Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө элдвийг үзэж хэрэндээ хат сууж жинхэнэ ёсоор “монголчлогдсон” нам болсон байлаа. Үүнтэй харьцуулбал, Ардчилсан Нам нь АНУ-ын Бүгд Найрамдахчуудын оролцоотойгоор, Социал Демократ Нам нь Европынхны ардчиллыг дэмжих сангийн оролцоотойгоор байгуулагдсан “монгол бус” нам байсан. Хоёрдугаарт, шинэ тутам байгуулагдсан намуудын тэмцлийн үзүүр нь дандаа хувьсгалт намын эсрэг байж ирсэн. Одоо ч энэ төлөв байдал өөрчлөгдөөгүй. Гуравдугаарт, “монголчлогдсон нам”-ыг бүрэн эвдэж дуусгах нь гадаадын сонирхолд хамгийн нийцэмжтэй. Дөрөвдүгээрт, эвдэн бусниулах хэрэгт ямагт ойворгон залуус ашиглагддаг.

МАН, МАХН-ын дотоод асуудал руу нь орж ярихаа больё. Миний хувьд болж байгаа үйл явдал эмгэнэлтэй байгаа. Энэ бол миний хувийн үзэл бодол шүү. Манай намынхан дэндүү ил тод ярилаа гээд зэмлэж магадгүй.

- Н.Энхбаяртай холбоотой асуулт танд тавихгүй гэж бодсон юмсан. Ганцхан асуултад хариулна гэж найдаж байна. Та хоёр одоо холбоотой байгаа юу, ирэх сонгуулиар хамтрах яриа хэлэлцээ хийсэн гэдэг үнэн үү?
- Уулзалгүй, утсаар ч ярилгүй хагас жил болж байна. Хар хэл амнаас өөрийгөө болон Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хол байлгах гэсэндээ ингэж байгааг минь Н.Энхбаяр дарга уучилна биз ээ.


URL:

Сэтгэгдэл бичих