Н.Энхбаяр: Яагаад зөвхөн С.Баярт буруу өгөөд байгаа юм
МАХН, МҮАН-аас өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэв. Хуралд МАХН-ың дарга Н.Энхбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Батцэрэг нарын хүмүүс ирсэн байлаа. Тэд энэ удаа Эх орончдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болсноо мэдэгдсэн юм. Түүнчлэн өнөөдөр “Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” хөдөлгөөн байгуулагдсаны нэг жилийн ой, хаврын тэргүүн сарын шинийн 8-ны өдөр тохиож буй ажээ.
Тиймээс МАХН, МҮАН-ын гишүүд өглөө долоон цагт Тасганы овоон дээрээс шинийн 8-ны нарыг харахаар болсон байна. Ингэдгийн учир нь Монголын нийгмийг нөмөрсөн “МАНАН” буюу МАН, АН арилж, нар гарлаа гэсэн утгыг илэрхийлэх аж. Эндээсээ Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж төв талбайд “Монголоо аврах” хандивын тоглолт хийхээр товложээ. Эцэст нь оройн 20.00 цагт Тасганы овоонд гэрэлт зул хөөргөх ёслол хийх гэнэ. Ингээд мэдээлэл хийж дууссаны дараа МАХН-ын дарга Н.Энхбаяраас сэтгүүлчид дараахь зүйлийг тодрууллаа.
-Долдугаар сарын 1-ний хэрэгт холбоотойгоор цагдаагийн хурандаа нарыг шүүж байгаа. Харин шүүх хуралд таныг оролцуулах шийдвэрийг гаргасан. Та очих уу?
-Тийм мэдээлэл хэвлэлээр гарсан байна билээ. Миний хувьд Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Д.Лүндээжанцан нарыг шүүх хуралд оруулна гэж ойлгохоосоо илүү энэ шүүх хурал үнэн зөвийг тогтоогоосой гэж бодож байгаа. Үүнд миний зүгээс ямар нэгэн туслалцаа дэмжлэг үзүүлэх шаардлагатай, бололцоотой байвал тууштай дэмжлэгийг үзүүлэх болно. Одоогоор шүүхээс гэрчээр оруулах тухай асуудал ирээгүй байна.
Энэ шүүх хурлын талаар өөрийн бодлоо хэлбэл эхний удаад нээлттэй болгох ёстой юм. Хаалттай хуралдаан бол шударга бус шийдвэр гаргах хэлбэр байх магадлалтай. Харин улсын нууцтай холбоотой асуудлууд яригдаж, иш татагдах учраас энэ хурлыг хаалттай хийж байгаа мэтээр тайлбарлахыг оролдож байгаа. Тэнд өөр улс оронтой тогтоосон нууц гэрээг зөрчих зүйл байхгүй. Бид энэ бүхнийг задаллаа гээд өөр улс орны болоод эх орондор хор хохирол учруулахгүй. Ямар нууц зүйл задрах вэ гэвэл энэ онц байдлыг яагаад зарласан юм. Онц байдалтай холбогдуулж ямар арга хэмжээ авсан юм. Түүнийг ажлын хэсэг яаж зохион байгуулж, гүйцэтгэсэн, Аюулгүй байдлын зөвлөлд яаж тайлагнасан, Аюулгүй байдлын зөвлөл эргээд ямар чиг үүрэг өгч байсан бэ гэдэг асуудал л ил болно. Хэлбэр нь өөрөө нууцын зэрэглэлээр явчихсан болохоор л ингэж шүүх хурал хачин нууцаар явагдаад байгаа юм. Энэ шүүх хурал дээр бүх сэтгүүлч орж суух хэрэгтэй. Телевизүүд шүүх хуралдааны танхимаас шууд цацах хэрэгтэй. Тэгж ярихдаа тулбал АН-ын удирдлагууд ч энэ хурал дээр очих ёстой. Хуучин МАХН нэртэй байсан өнөөгийн МАН, АН гэж бий. Энэ хоёр нам хоёул хариуцлага хүлээхгүй яагаад ганцхан С.Баярт бурууг өгөөд байгаа юм. Бүх зүйлийг нээлттэй болгох хэрэгтэй. Үнэнийг тогтоох гээд байгаа юм уу, жүжиг тоглох гээд байгаа юм уу мэдэгдэхээ болилоо. Би үнэнийг тогтоох гэж байгаа бол тусална. Харин жүжиг тоглож байвал очихгүй. Тиймээс бүх зүйлээ нээлттэй болго. Бүгдийг нь дууд. Сонгууль битгий луйвард. Сонгууль луйвардсаныг эсэргүүцсэн ард иргэд рүүгээ битгий бууд.
-Энэ шүүх хурал хаалттай болбол та очихгүй гэсэн үг үү?
-Би энд шал өөр юм ярьж байна. Би сонгууль будлиулдаггүй нөхцөлийн тухай ярьж байна. Энд хэн сонгууль луйвардсаныг хүртэл ярих ёстой байхгүй юу. Энэ бүхнийг гаргалгүй хаалттай жүжиг тоглох гэж байгаа бол тэнд нь би очих шаардлага алга. Үнэхээр нээлттэй үнэнийг тогтоох гэж байгаа бол бүгдээрээ түүний төлөө явъя. Сэтгүүлчид та бүхэн бидэнд тусал л даа. Тэгэхгүй битгий цэг, таслал хөөцөлдөөд байгаач. Сэтгүүлчид оюун ухаанаа задлахгүй бол манай улс хөгжихгүй шүү. Хараад байхад манай сэтгүүлчид их түгжигдсэн байна. Та нарын толгой дээр маш олон цоож байна. Тэрийгээ мулталж шударга үнэний төлөө хамт явъя л даа.
-Таныг төрийн эрхэнд байхад төрийн мэдээлэл хэвлэлийнхэнд, иргэдэд хамгийн их хаалттай байсан шүү дээ?
-Тийм үү. Хүний үгээр үг хийж битгий ингэж яриач ээ. Гэхдээ та нартай маргалдах сонирхол алга. Хэрвээ тийм л байсан юм бол та нараас уучлалт гуйя. Харин одоо нээлттэй байя л даа, хэвлэлийнхэн минь. Би уучлалтаа гуйчихлаа. Тэгэхээр надтай адил бусдаар нь уучлалт гуйлгаач.
-Тэгвэл та цоожоо мултлаад тийм тийм асуудал болсон гээд нууц байгаа зүйлээсээ задалчихаач?
-Би хэлээд байна. Нууцыг задлах эрх хүнд байдаггүй. Тодорхой эрх нь тусгай байгууллагад байдаг юм. Миний санал бол нууц зэрэглэлээс асуудлыг гаргах. Үүнийг тухайн байгууллага нь хурдхан хий гэдэг л байна. Харамсалтай нь нууцад би харамсч байгаа учраас тэр нууцыг задалъя гээд байгаа байхгүй юу. Тэгээд ч өнөөдөр та нарын үгэнд онгироод ярина гэж юу байхав.
-Тэгвэл та хэдэн цагийн үед хүн буудуулсан гэдгийг мэдсэн бэ. Минут тутамд мэдээлэл авч байсан гэсэн байх аа?
-Яг үнэндээ би өөрийгөө болоод бусдыг зөвтгөж ярихгүй байгаа. Хэнийг нь зөвтгөж, буруутгаж ярихгүй. Хүн амь насаа алдсан гэдэг мэдээлэл маргааш өглөө нь үүрээр орж ирсэн байдаг. Гэхдээ надад ирсэн мэдээлэл нь “Танхай этгээдүүд хүн буудчихлаа” гэж байсан. Тэгэхээр нь түүнийг нь шалга л гэсэн. Гэтэл маргааш өдөр нь цагдаа хүн буудсан гэсэн яриа гарсан байсан. Тэгэхээр нь прокуророор цагдааг шалгуул гэсэн. Ийм л юм болсон юм.
Л.МӨНХТӨР
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: