Мансуурсан залуусийн цаана хар тамхи худалдаалдаг бүлэг бий

Дахиад л залуус мансуурчээ. Энэ удаа мансуурагчид зочид буудлаас баригдсан байна. Өнгөрсөн сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн IV хороонд байх “Этүгэн” зочид буудалд энэ хэрэг гарчээ. Тус зочид буудалд мансуурсан байх магадлалтай дөрвөн залуу үйлчлүүлэхээр ирсэн байна. Тиймээс буудлын ажилчид цагдаа дуудаж шалгуулсан бололтой. Харин цагдаагийнхныг ирэхэд залуус мансуурлын дээд түвшинд хүрсэн байсан гэнэ. Тиймээс залуусыг цагдан хорьж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Энэ тухай хуулийн байгууллагуудаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа учраас “Этүгэн” зочид буудалд очлоо. Тэндхийн ажилчид “Цагдаа нар ямар нэгэн мэдээлэл өгч болохгүй” гэж хэлсэн гээд мэдээлэл өгөхөөс татгалзсан. Харин нэгэн ажилтан нь нэрээ нууцлан дараахь асуултад хариуллаа.

-Танай зочид буудалд залуус мансуурсан юм байна. Энэ талаар хэзээ нь мэдсэн бэ?

-Харин тийм байна билээ. Нөгөө ээлжийн ажилчид гарч байхад таарсан гэсэн. 23:00 цагийн үед дөрвөн залуу орж ирсэн байгаа юм. Тэгээд өрөө авах гээд мөнгө өгөх үедээ нэлээд хачин болсон байсан гэсэн. Нүд нь улайж, хоорондоо утга учиргүй зүйл яриад инээж хөхрөлдөөд байсан юм билээ. Тэгээд өрөөндөө орцгоогоод таг чимээгүй болсон байгаа юм. Дотроосоо түгжээд хаалгаа огт онгойлгохгүй байсан гэсэн. Тэр үед өрөөнөөс нь үл мэдэгдэх үнэр гарч, хоолой хорсгож, нүд хорсгоод байсан гэнэ лээ. Тэгэхээр нь л цагдаа дуудсан юм билээ.

-Юу хэрэглэж мансуурсан юм бол. Ямар залуус байсан юм бэ?

-Сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ нэлээд боломжийн амьдралтай залуус шиг дуулдсан. Хувцас хунар, эдэлж хэрэглэж байгаа нь баячуудын хүүхдүүд шиг байсан гэж ярьж байна лээ. Цагдаа нар ирэх үед ёстой нөгөө орчлонгоос тасарна гэгч болсон байсан гэсэн.

-Зочид буудалд мансуурсан болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс орж ирдэг үү?

-Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс олон ирдэг. Ер нь буудалд ажиллана гэдэг хэцүү. Хоорондоо зодолдоод бас насанд хүрээгүй охид олон залуустай орж ирэх гээд хүндрэл бэрхшээл их. Тийм хүмүүст үйлчлэхгүй байвал ямар нэгэн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж чадах байх гэж боддог.

Хэргийн талаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн нэгэн эх сурвалжаас авсан мэдээллээр мансууруулах бодис хэрэглэсэн хэмээн шалгагдаж байгаа залуусыг ШШГЕГ-ын харьяа 461 дэх урьдчилан хорих ангид саатуулаад байгаа гэнэ. Тэд “Мансууруулах бодис анх удаа хэрэглэж үзсэн. Нэг найзаасаа авсан” гэх мэдүүлэг эхэндээ өгч байсан гэнэ. Харин хэд хэдэн удаа байцаалт авсны дараагаар өнгөрсөн жилээс мансууруулах бодис хэрэглэж үзсэн гэдгээ хүлээжээ. Мөн манай орны ихэнх нутгаар ургадаг олсны төрлийн мансууруулах үйлчилгээтэй ургамлыг татаж мансуурсан бололтой юм. Тэд Баянгол дүүрэгт амьдардаг бөгөөд хоёр нь оюутан юм байна. Залууст мансууруулах үйлчилгээтэй ургамал худалдаалсан хэмээн бүлэг залуусыг өчигдөр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс саатуулаад байгаа ажээ. Тус хэргийн ард арав гаруй хүн байгааг эх сурвалж өгүүллээ.

Э.ХҮРЭЛБААТАР

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих