“Эх орончдын өдөр”-ийг МАХН, МАН өмчлөх нь буруу
Өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, МҮАН-ын дэд дарга Б.Цогтгэрэл нар “Эх орончдын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаарх мэдээллийг хүргэлээ. 1921 оны гуравдугаар сарын 1-нд Ардын нам анхдугаар Их хурлаа хийж, албан ёсоор Хиагтад байгуулагдсанаас хойш энэ өдрийг эх орончдын өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлэх болсон юм.
МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлсэн үгэндээ “Эх орончдын өдрийг МАХН, МАН минийх хэмээн өмчлөх нь буруу. Энэ өдөр бол эрх чөлөөгөө олж авсан бүх Монгол түмний минь баяр тул утга бэлгэдлээрээ монгол хүн бүрийн баяр. Бид арванхоёрдугаар сарын 10-нд Эрх чөлөөний өдрийг ардчилал, тэгш эрх тогтсон баяр хэмээн тэмдэглэж байхаар болсон.
Монгол хүн бүр өнөөдөр ардчиллын буяныг хүртэж байгаагийн хувьд, эх оронч сэтгэл хүн бүрт цохилж байдагчлан энэ өдрийг алагчлалгүй тэмдэглэх эрхтэй гэсэн юм. Тиймээс энэхүү баярын өдрийг ард түмэнтэйгээ хамт өнгөрүүлэхээр болсон аж. Эх орончдын баяраар буюу өнөөдөр 07 цагаас Тасганы овоон дээр цуглаж, шинийн наймны өдрийн нарыг угтана. Үүний дараа жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ” гэв. Энэ жилийн хувьд Эх орончдын өдөр нь шинийн наймны билигт сайн өдөртэй таарч байгаа тул МАХН-ынхан үе үеийн эх орончдод зориулж гандан хийдүүдээр буяны ном хуруулж, орой нь Тасганы овоон дээр зул өргөхөөр болжээ.
Б.Нэргүй
URL: