Хууль бус шалгаруулалт явуулж, Засгийн газрыг хохироосны хариуцлагаа хэзээ хүлээх вэ

Монгол Улсын Зас­гийн газар Дэлхийн банк­ны 1.5 сая ам.долларын санхүүжилтээр “Эдийн засгийн чадавхийг бэх­жүүлэх” төслийг 2007 оноос эхлэн хоёр жилийн хугацаатайгаар хэрэгжүүлэх болсон.

Сан­гийн яам төслийн удир­дагчаар Төсвийн бодло­гын газрын дарга Б.Бат­жаргал, зохицуулагчаар нь Г.Оюунгэрэл нарыг тохоон томилсон байна. Энэ баг төслийн гүйцэт­гэгчийг сонгон шалгаруу­лах ажиллагааг гардан зохион байгуулсан юм. Гүйцэтгэгчээр нь АНУ-ын “Глокомс” компанийг сон­госон байна. Дээрх компа­ни нь таван тивд өөрийн төлөөлөгчийн газартай. 800 гаруй мэргэжил­тэн­тэй. Хэрэгжүүлж буй төс­лийг хугацаанд нь чанар­тай хүлээлгэж өгдөг, нэр хүндтэй зөвлөх компани гэнэ.

Тэгээд ч болоогүй 140 гаруй оронд хэрэгж­сэн төслийг цаг тухайд нь амжилттай хэрэгжүүлсэн арвин их туршлагатай ажээ. Энэ мэт байдлаар төслийн багийнхан тус компанийг онцлон төсөл гүйцэтгэгч компаниар сонгожээ.

Гэтэл “Глокомс” компани тендерт шалгарахдаа ур чадвартай, туршлагатай зөвлөхүүдийн багийг бүрдүүлсэн гэх боловч ажлын явцад зөвлөхүүдээ ойр ойрхон солих, ажлын гүйцэтгэлийг дутуу, чанаргүй хийх болжээ. Хамтран ажиллахад шаардлага хангахгүй байгаа тул гэрээ цуцлах сонирхолтой байгаагаа “Глокомс” компани, Дэлхийн банкинд Сангийн яамнаас мэдэгдэв.

Гэвч гүйцэтгэгч компани Монголын Засгийн газар хууль зөрчсөн шийдвэр гаргалаа гэж үзэн АНУ-ын Арбитрын ассиоцацид гомдол гаргасан. Манай Засгийн газар олон улсын зөвлөх “Глокомс” компанийг луйвардсан эсэхийг АНУ-ын Арбитрын ассиоцаци шүүн нягтлаад хүлээн авах боломжгүй хэмээн хянан хэлэлцэхээс татгалзсан хариу өгсөн байна. Энэ талаар Дэлхийн банкны Дотоод аудитын газраас хийсэн шалгалтаар төсөл гүйцэтгэгч компанийг хууль бусаар сонгон шал­гаруулсан байна хэмээн мэдэгджээ.

Дэлхийн банкны Зүүн Ази болон Номхон да­лайн бүс нутгийн орнуу­дыг хариуцсан газрын захирал Дэвид Долла­рын 2009 оны нэгдү­гээр сарын 7-ны өдөр Сан­гийн сайдад бичсэн албан захидалд “Глокомс” компани тендерт оролцохдоо бусдын бичиг баримтын хулгайлан оролцсон болон төслийн гүйцэтгэгчийг хууль бусаар сонгон шалгаруулсан талаар бичжээ.

Үүнээс гадна уг төс­лийн удирдагч Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжар­гал ““Глокомс” компа­нитай 2006 оны арван­хоёр­дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээ­ний 3.5 дахь заалт, Дэл­хийн банкны журмыг ноц­тойгоор зөрчсөнийг дурьджээ.

Өдгөө манай улсын хөгжлийн санхүүгийн ундарга болж буй “Хөгжлийн банк”-ийг удирдаж буй Б.Батжаргал Засгийн газар болон Дэл­хийн банкинд огт мэдэгдэлгүйгээр найзынхаа “Оюу-Сант” ХХК-ийг уг төслийн туслан гүйцэт­гэгчээр ажиллуулахаар 300 мянган ам.долларын өртөг бүхий гэрээг дур мэдэн байгуулсан талаар дурьджээ. Мөн төс­лийн удирдагч, зохицуу­лагч нар төслийн санхүү­жилтийн баримтад дав­хар гарын үсэг зурж мөн­гө гаргадаг байсан бөгөөд өөрсдийн гэрээ байгуул­сан туслан гүйцэтгэгч гэх “Оюу-Сант” компаниар дамжуулан 400 гаруй сая төгрөгийг хуурамч гүй­цэтгэл ашиглан хувьдаа завшсан нь баримтаар тогтоогдсон талаар Дэвид Долларын захидалд өгүүлсэн байдаг.

Энэ мэт байдлаар татвар төлөгчдийн мөнгөөр тоглож, дэлхийн тавцанд эх орныхоо нэр хүндийг унагаж байгаа хүнээр манай улс төсвийн бодлогоо бариулж, бүр илүү хариуцлагатай албан тушаалд томилсоныг олон хүн буруушаасаар байна.

С.Жигүүр


URL:

Сэтгэгдэл бичих