Орд газраа зараач гэж хэн ч танаас гуйгаагүй сайдаа… Олз ашиг хайгаач гэж хэн ч таныг уриагүй Жон Казакофф…
Хэн дуртай, хэн хэлтэй амтай бүгд нь бидний цөөхөн монголчуудыг буруу зөвгүй зүхдэг болж. Энэ хэдэн тэнэг дарганар хүртэл хэлгүй дүлий, аймхай хулчгар ард иргэдтэй юм шиг санадаг бололтой. Үгүй шүү дээ харь болон халх ноёд оо.
Монгол гэдэг дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байж чаддаг үндэстэн. Босвол боссон шиг босч, тэмцвэл тэмцсэн шиг тэмцэж чаддаг түмэн гэдгийг дэлхийн түүх гэрчилнэ. Өнөөдөр бид тэнэгтээ, арчаагүйдээ, сул доройдоо ажин түжин суугаа гэж бодохгүй байна. Монголчууд завгүй байна.
Тоон доторх үсэг мэт хэдхэн залхуугаас бусдад нь тэмцээд, тэрслээд гүйх зав алга. Хэд хоногийн өмнө Жон гэх харь хэлт цэнхэр дэлгэцээр хичнээн загнав. Юу юу гэнэ вэ. Хойноос ирээд хот, хотонд ороод хонь минийх гэгчээр энэ цагаан толгойт эрхэм онгон дагшин байгалиа өмөөрсөн элэг нэгтнүүдийн маань эсрэг хичнээн гуагачив. Байгаль орчин сүйтгээгүй, хариуцлагатай уул уурхай руу хамаагүй халдлаа ч гэх шиг. Сентарро гоулдаас болж Монголын баялаг сүйдчихээгүй гэж хэлэх гээд байгаа бололтой янз нь.
Телевизүүд ч гэж телевизүүд. Хэдэн халтар төгрөгийн төлөө хайр найргүй цаг гарган хашгичуулж байхаар Сү сайдтай хамтран сүйтгэсэн Бороогийн хөндий хэмээх тэр сайхан дагшин байгалиа нэхэхэд яана. Эсвэл Жон Казакофф гэх энэ эр Азийн цээжинд орших алга дарамхан улсад минь ноёрхлоо тогтоогоо юу.
Ерөнхий сайдтай нь хамтдаа Бороогийн хөндийг устгаж ширгээсэн болохоор дураараа дургиж болно гэх гээ юү. Болохгүй бол Сү.Батболдтой бизнесийн түнш тул гүйцэтгэх засаглалын мэдэлд байдаг хүчнийхнээр нь монгол угсаатныг дарамтлуулж дөнгөнө хэмээн санаа юу.
Гэхдээ энэ бүгд зөвхөн ноён Жоны санаа, уур ундууцал байсан гэвэл юу л бол. Манай сайдыг ирсний маргааш хийгдсэн мэдэгдэл тул сайдын маань санал, турхиралт ч байсан байж болох шүү. Ямартай ч монголчууд та нарын балласан Гацууртын ордыг чинь харин бид засч залруулах гэж байна гэх ухааны юм ярьж суугаа тэр нөхөр, Засгийн газрын тэргүүн Сү.Батболд нараас сүйтгэж ширгээсэн Бороогийнхоо голыг нэхье.
Цэцэг навч алаглаж, гол ус нь харгиатан шуугисан Бороогийнхоо шугуйг бүрэн бүтэн эсэхийг асууя. Угтаа байгаль орчныг чинь сүйтгээгүй хэмээн хашгичих Жон өнөөдөр юу хийчихээд байгаа билээ. Зил 130 автомашины хамар даван харгиатаж байсан голыг минь үгүй хийчихээд, дээр нь нэмээд 40 гаруй тонн алтыг минь ачаад явчихсан энэ канадад ичих нүүр цочих булчирхай гэж үгүй бололтой. Арга ч үгүй биз. Улс үндэстэн, эх орон, эрдэс баялаг, онгон дагшин байгалиа хайрлаж харамлах сэтгэлгүй сайд дарга нартай байхад тэр ичнэ гэж ёстой гонжийнжоо байлгүй. Энэ нөхрийн өвөртлөөд гарсан алт одоогийн ханшаар хоёр тэрбум орчим доллар болдог юм гэнэ лээ. Одоо тэгээд Монгол оронд бизнес эрхлэх хэцүү байна гэнэ. Хэцүү байгаа юм бол орхиод явчих л даа.
Хөөгөөд явуулчихаач Сү. Батболд оо. Нэг нь загнуулан загнуулан түншилж, нөгөө нь зовон зовон ажиллах ямар хэрэгтэй юм бэ. Орд газруудаа зараач гэж хэн ч танаас гуйгаагүй гүйцэтгэх засаглалийн тэргүүнтээн. Олз ашиг хайгаач гэж хэн ч таныг уриагүй Жон Казакофф… Алт эрдэнэсээ дарлаа гээд алдсан нь хаана байна, ашиг хонжоо ирнэ гээд хөгжсөн зүйл юу байна. Бороогийн хөндийн асар их тэр баялгаас монголчуудад, монгол оронд юу үлдсэн юм бэ Ерөнхий сайдаа. Олсон орсон ашгаас хэдэн хувь нь үлдэж, хэд нь Канад руу урсаж, хичнээн нь таны халаасанд орсон байдаг бол.
Бодох л асуудал. Одоо тэгээд Гацууртын орд руу гар дүрэхээс өмнө нүглийн нүдийг гурилаар хуурах санаа сэдэн төрөх эмнэлэг барьж шоудах гэнэ.
Гацууртын орд, Тавантолгойг идэх гэхээр ард түмэн төрөл нэгтэйгээрээ Сү.Батболдоос ам асууж, Бороогийн хөндийг нэхэх нь зайлбаргүй. Тиймээс Бороогийн хөндийн баялгаас төрөх эмнэлэг бариулсан буянтны дүр бүтээхээс өөр яалтай. Гацууртын орд Бороогоос ч илүү нөөцтэй тул нааш харж инээн цааш харж уйлаад 50 тэрбум төгрөг эмнэлгийн барилгад илүүчилнэ гэж байгаа. Энүүхэнд хууртана гэж санасан юм байх даа сайд та.
Манайхан ч гэнэн юм. Жон нэртийг шүүхэд өглөө гэнэ. Ерөнхий сайдын бизнесийн түншийг Ерөнхий сайдын мэдэлд байдаг хууль хүчний байгууллагад өгөөд үр дүн гарна гэж тооцож л суудаг, томоогүй ч бол доо. Цалгиж халгисан ноёдын цамнаж задарсан занд төгсгөл ирвэл ирэх цаг хэдийнэ болсон. Өнөөдөр монголчууд бид л монголоо өмөөрөхгүй юм бол эцэг өвгөдөөс үлдээж өгсөн элгэн халуун газар шороон дээр энэ мэт Жон өөрийнх нь хуулиар өөрсдийг минь шийтгэчихээд дарамталж суух гэнэ. Нөгөө их газар шороо, элгэн нутаг, эх орноо гэдэг иргэний хөдөлгөөнүүд энэ цаг дор хаачиж орхио вэ. Жон Казакофф, Сү. Батболд нарт Бороогийн хөндийг хоосолж дөнгөснөөрөө гайхуулахгүй юм бол өөр гайхуулж гийгүүлэх зүйл огтхон ч харагдахгүй байна.
Түүнчлэн элэг нэгтнүүд минь дуугарахдаа зөв дуугарч, дуугарсан бол үр дүнд хүрдэг тууштай зантай байвал яасан юм бэ. Д.Зоригтыг огцруулна гэнэ. Огцруулж чадахгүй шүү дээ. Түмний санал нэр дор түмэн луйврын аргаар өөрөө өөрийгөө сонгосон төр түшигчид бүгд ноён Жоны зүс нэгт Фрийдландаас хувь хүртсэн байхад шүү.
Оюутолгойн гэрээг УИХурлаар дуу нэгтэй гар өргөн батлалцсан нөхөд нь Д.Зоригтыгоо огцруулахаар санал нэгдэнэ гэж яаж санаа вэ. Харин ч эсрэгээрээ Оюутолгойд нийлүүлэлтийн квот авахаар хурган сайд руу хошууран гүйлдэж, мань Д.Зоригтын нэр мандан бадарч байгаа ч юм билүү. Хөөрхий Монголын хувь заяа аа гэж. Орос араас зүхэж, Хятад урдаас хашгичиж ядаж байхад хаа холын Канад бас дутаж гэнэ.
С.Энхтуул
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: