Ичээч ээ, эрчүүд ээ

Монгол Улсад ардчиллын салхи дэгдсэнээс хойш нийгэмд олон төрлийн өөрчлөлт бий болсон.

Үүний нэг том жишээ нь биеэ үнэлэгчид. “Улаанбаатар” зочид буудлын өмнөх цэцэрлэг, “Ард” кино театрын ойр орчмоор гуя хасаа гялалзуулж, уруулаа улаанаар будсан хүүхнүүд цэцэг мэт гарч ирснээр эрчүүдийн дунд “цэцэг түүх” гэх шинэ хэллэг нэмэгдсэн билээ.
Эрчүүд ч халаасныхаа мөнгөний хэмжээгээр биеэ үнэлэгч бүсгүйчүүдийг сонжин харж, сонгон шалгаруулж өвөртлөх болсон нь хэвийн үзэгдэл болж хувирсан.
Түүнийг дагаад нийгэмд ч биеэ үнэлэгчдийг хууль дүрэм, цагдаа, эргүүл гээд аль аль нь тоохоо больсон. Нийгмийн энэ сөрөг урвалд өсвөр насны охид хөвгүүд ч уусч эхэлсэн. Гэхдээ энэ бүхэнд монголчууд бид нийтээрээ биеэ үнэлэгчдийг буруутгасаар өдий хүрчээ.
Харин биеэ үнэлэгчдийг өвөртөө хийдэг эрчүүдийг хэн ч шүүмжилдэггүй нь хачирхалтай. Эхнэртэй нь олсон орлогоосоо хэдэн төгрөг нууж, эхнэргүй нь цалингаараа биеэ үнэлэгчдийг өдөөж явдаг болохоор биеэ үнэлэгчдээс илүү эрчүүд нь буруутай мэт.

“Улаанбаатар” зочид буудлын өмнөх цэцэрлэгт хэдэн хүүхэн тамхи татан энэ тэрийг ярьж зогсоно. Тэднийг ажиж зогсох зуур хажуугаар нь ганц, хоёроор яваа залуус очиж яриа өдөөд нэг, нэгээр нь сугалж авч одох нь олонд содон харагдаж байлаа.
Манай сурвалжлах хэсэг гурван цаг хэртэй зогсох зуур 24 залуу биеэ үнэлэгчдийг сонирхож, сонжоод авч явсан юм. Эндээс харахад садар самуун уруу бүсгүйчүүд нь биш эрчүүд нь түрүүлж яваа бололтой.

Архи үнэртүүлж, амныхаа эхүүн үнэрийг дарах гэсэн мэт бохь зажилсан эрчүүд цэцэрлэгт зогсонгоо мөнгөө тоолж үзээд, буцааж халааслан хувцсаа янзалсан болоод л биеэ үнэлэгчдийн зүг хялам хялам харан алхах нь дур гутмаар.
Төрийн нуруу түшилцэх нь бүү хэл төрсөн биеэ ч захирч чадахгүй ийм эрчүүдийг Чингисийн хойч үе гэж бодохоос ичмээр.

Тэгээд болоогүй барааны захаас бараа, бүтээгдэхүүн худалдан авч буй мэт нэг цаг нь 25 мянган төгрөг хэмээн биеэ үнэлж буй бүсгүйчүүдийн үнийг нь 15 мянган төгрөг болтол буулгадаг гэж байгаа. Өөртөө бол сүрхий хонжоо олсон мэт санадаг байх.
Түүнээс биеийнхээ өнгө зүсийг хэрхэн гундааж яваагаа гадарладаггүй бололтой. Эр хүний тэргүүн гудайх анхны алхам нь олон бүсгүй сольсных гэж өвөг дээдэс маань ярьдаг нь оргүй зүйл биш шүү дээ. “Олон эхнэр сольсон хүн шар нохойн үхэл буюу хамгийн муугаар үхдэг” гэсэн үг ч бий.

МУБИС-ийн баруун талын автобусны буудал дээр үстэй захтай хар хүрэм өмссөн 20-25 орчим насны залуу нэгэн бүсгүйг нүд гүйлгэн харснаа дөхөж очоод “явах уу” гэж асуух нь тэр. Тун удалгүй “тэнэг юм уу” гэх нэгэн эмэгтэйн дуу хадлаа.

Бодвол өнөө залуу шившгээ дэлгэсэн бололтой. Урт оосортой хар цүнхээр баруун мөрөндөө хальт цохиулаад буцаж байгаа харагдана.
Тухайн үед монгол охидоороо бахархах сэтгэл төрж байсныг хэлэх нь зөв болов уу. Яагаад гэвэл, монголынхоо сайхан охидыг 20 мянгатын дэвсгэрттэй харьцуулж буй тэр эргүүтсэн “амьтан”-ыг нэг нь ч тоогоогүйд баярламаар санагдсан юм.

Боривоо хавираад алхаж буйг нь харахаар эр хүний сүр сүлд гэж байхгүй болсон мэт. Гэхдээ бид үл таних өнөө залуугийн араас дагаж алхсан юм.
Мань хүн “Улаанбаатар” зочид буудлын өмнөх цэцэрлэгт очоод нэг хүүхэнтэй хэсэг ярьж зогссоноо тохиролцсон бололтой хамт явлаа.

Тэд МУИС-ийн хоёрдугаар байрны өмнөхөн байрлах нэгэн зочид буудалд оров. Эл буудлын нэг өрөө нь цагийн 3000 төгрөгийн үнэтэй аж. Бид тус буудалд ороход орчин нь тийм ч цэвэрхэн биш аж. Ихэнх өрөөнд нь орноос өөр зүйл харагдсангүй.
Ор дэрнийх нь цагаан хэрэглэл ч цэвэр биш бололтой. Ер нь энэ мэт тав тух муутай, зөвхөн биеэ үнэлэгч бүсгүйчүүдийг авдаг эрчүүдэд үйлчилдэг болов уу гэмээр хэд хэдэн дэн буудал хотод хаяа дэрлэн байдаг.

Тухайлбал Саппорогийн орчмоос “цэцэг” буюу хүүхэн “түүдэг” эрчүүд Цамбагаравын арын зам дагуу байрлах цуваа хэд хэдэн дэн буудлыг нэрлэж болно.
Гэхдээ энэ удаад зочид буудлыг буруутгахыг зорилго болгосонгүй. Хамгийн гол нь хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болох эрчүүдэд хандлаа. Манай улсын хүн амын нэгдсэн тооллогоор эрчүүд нь цөөн гэсэн тоо баримт гарч байсан.

Гэтэл энэ цөөхөн эрчүүд нь амь амьдралаасаа хулгай хийж өөрсдийгөө хууран биеэ үнэлэгчдийг тэтгэсээр л …
Хагдардаггүй, тасардаггүй байгаад байдаг хогийн ургамал мэт биеэ үнэлэгчид байгаад байгаагийн гол үндэс нь эрчүүд.

Эхнэртэйгээ муудалцсан гэсэн шалтгаар гадуур хоноглох эсвэл найз нөхдийнхөө хүрээнд наргиж цэнгэхдээ орой болж оронд орохоосоо өмнө энэ мэт зүйлийн тухай санадаг гэхэд нэг их хилсдэхгүй.
Тиймдээ ч хэтэвчнийхээ хэмжээгээр цэнгэл хөөж хонохыг боддог. Нийгмийн бас нэгэн хар сүүдэр нь шар сэмжилсэн өвөгчүүд.

Хотын өвөгчүүлийг тэтгэврээ буух үед дэн буудал уруу охид дагуулан орох нь ихэсдэг хэмээн нэгэн зочид буудлын эзэн өгүүлнэ билээ.
Тэрбээр тэтгэвэр, тэтгэмж буух өдрүүдэд өдөрт 5-10 өвөө биеэ үнэлэгчтэй буудалд 1-3 цагийг өнгөрүүлдэг гэсэн юм. Энэ мэтчилэн настай нь наснаасаа ичихгүй, залуу нь омог бардамлаа умартан бүсгүйчүүдийн сэтгэлийг хайраар бус мөнгөөр урхидаж, уруу татсаар байх гэж үү. 68-тай өвгөн хүүхдийнхээ хүүхэд шиг охинд 1200 төгрөгийн үнэтэй ундаа авч өгөөд дагуулан алхсаар дэн буудалд орох дүр зургийг харсан хүнд ямар сэтгэгдэл төрөх нь тодорхой.

Өөрсдөө хормойн донтой, харалган бодолтой атлаа биеэ үнэлэгчдийг устгах тухай хэдэн цаг ч хамаагүй ярих.
…Хотын гудамжинд шөнийн охин зогсоно. Түүн дээр нэг, хоёр, бүр гурван залуу ээлжлэн ирнэ.
Энэ бол нийгэмд эрх чөлөөтэй алхах толгойдоо бэлгэвч угласан эрчүүдийн учралын зогсоол. Хүсэл тачаалыг эсэргүүцэх мэт ярьдаг атлаа хүсэл тачаалыг хүсэмжлэгч эрчүүд минь ичиж амьдрах цаг болсон мэт.

В.НЭРГҮЙ

www.UNEN.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих