Тавантолгойн хувьцаа ээлжит хошгируулалт болж өнгөрлөө

УИХ-ын ээлжит бус хуралдаан дөрөвхөн өдөр хуралдана. Гэхдээ таван асуудал хэлэлцэхээр тогтсон. Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг эхний ээлжинд хэлэлцэхээр тогтсон.

Төрийн албан хаагч, тэтгэврийг нэмэгдүүлэхээр нийгмийн гурван талт хэлэлцээрээр тохиролцсон ч өнөөдрийг хүртэл шийдэж чадаагүй. Намрын чуулган завсарлахаас өмнө шийдэх гэсэн ч АН-ын бүлгийнхэн заавал тодотголоор шийдэх ёстой гэснээр хойшилсон. Засгийн газар  цалин нэмэхээр болзсон хугацаанасаа бүтэн сараар ухарсан тул багш нар маргааш ажил хаялтаа дахин үргэлжлүүлэхээр болж байна.

Энэ удаа гар дээрээ нэмэгдсэн цалингаа автал тэмцэнэ гэсэн зорилготой байгаа. Тэгэхээр ээлжит бус хуралдаан багш нарын ажил хаялтын түрэлгээр эхлэх нь. Дараагийн шийдэх асуудал нь Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.

УИХ-ын сонгуультай хамтад нь явуулахаар АН-ынхан гүрийж байгаа бол МАН-ынхан ёстой болохгүй хэмээн гэдийсэн хэвээр байгаа. Ээлжит бус чуулганы хуралдаан сонгуулиар амьсгалах нь мэдээж. Харин өнөөдрийг хүртэл хоёр намын бүлэг  зөрчилтэй асуудлаараа саналаа нэгтгэж чадаагүй байгаа.

Дөрөвхөн хоногт хэл амаа нэг болгох гэдэг юу л бол. Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл хэлэлцэнэ. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн шүүх засаглалыг шинэчлэх зорилготой хуулийн төслийг энэ удаа эцэслэн шийдэхээр болжээ. АН-ын бүлгийнхэн ч еөнхийлөгчийн хуулийг явуулж байж хоёр намын бүлэг тохиролцоонд хүрнэ хэмээн үзэж байгаагаа нуугаагүй.

Энэ хуулийг баталсны дараа ямар зөвшилцөл явж болно гэхэд болно. Харин энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд яригдсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдэж чадаагүй байгаа Тавантолгойн хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх буюу УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсангүй.

Гэтэл албан тушаалтан, улстөрчид ирэх дөрөвдүгээр сараас бага дунд орлоготой иргэдэд зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгоно. Тавантолгойн хувьцаа бус мөнгө хэрэгтэй  гэсэн иргэд хувьцаагаа Засгийн газарт зарж болно. Орон сууцны зээлийн урьдчилгаанд өгч болно гээд байгаа. Мөн сонгуулиас өмнө хувьцаатай болно гэсэн мөрөөдөж хүлээж байгаа иргэдийн хүслийг яах вэ?

УИХ амлалтаасаа буцаж иргэдийн хамгийн ихээр хүсэн хүлээж байгаа 39 дүгэр тогтоолын өөрчлөлтийг хэлэлцэхгүй орхиж байна. Хаврын чуулганаар шийдчихнэ гэж байгаа эндүүрэл болох биз. Сонгуулийн сурталчилгаа, улстөрийн халалт дээд цэгтээ хүрч чуулганы танхимд сууж кноп дарах хүн олдохгүй болно.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН

ЗАХИРАМЖ

2012 оны 02 сарын 17-ны өдөр

Дугаар 20

Улаанбаатар хот

Улсын Их Хурлын ээлжит бус

чуулган товлон зарлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 3 дугаар сарын 09-ний өдрүүдэд зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр тогтоосугай.

1/ Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд;

2/ Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

3/ Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

4/ Монгол Улсын шүүхийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,5/ Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

5/ Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл.

  1. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Даваа гарагийн 11.00 цагт эхлэхээр товлосугай.
  1. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Тамгын газар /Ц.Шаравдорж/-т даалгасугай.

ДАРГА                                                        Д.ДЭМБЭРЭЛ


URL:

Сэтгэгдэл бичих