Ц.Нямдорж сайд Ерөнхий прокурорт ийм албан бичиг хүргүүлжээ

“Долдугаар сарын 1″-ний үймээний үеэр цагдаагийн байгууллагыг удирдаж байсан хурандаа нар шүүгдэх гэж буй, Үүнтэй холбогдуулан шүүгдэгчдийн ар гэрийнхэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид өргөдөл өгчээ. Ц.Нямдорж өргөдлийн хариуг Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга П.Галдаа, Нийслэлийн прокурор Г.Бат-Орших нарт шилжүүлжээ. Түүнийг бүрэн эхээр нь хүргэж байна.

ӨРГӨДӨЛ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Миний нэр дээр иргэн Ш.Нарангэрэл, П.Болормаа, М.Алтанцэцэг нарын иргэдээс ирүүлсэн өргөдлийг харьяаллын дагуу шилжүүлж байна.

“Өргөдөл гаргагчид 2008 оны долдугаар сарын-1-нд болсон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр иргэдийн амь нас хохирсон хэрэгт цагдаагийн алба хаагч нарыг буруутган олон жилээр шалгаж, “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг”-ийн зүйл заалтаар ял сонсгож байгаа нь үндэслэлгүй гэж үздэгээ өргөдөлд дурдаад уг хэргийг хуулийн дагуу шударга шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

Уг хэргийг шалгах болон хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн болон ЭБШ хууль зөв хэрэглэхтэй холбоотой дараахь асуудалд онцгой анхаарал хандуулахыг хүсье.

1.1964, 1998, 2002. онд батлагдсан Эрүүгийн хуулиудад цагцаа, тагнуул, хорих, гал түймэртэй тэмцэх зэрэг байгууллагуудын цол хэрэглэдэг тусгай алба хаагчид албан үүрэгтэйгээ холбоотой гэмт хэрэг үйлдвэл тэднийг цэргийн гэмт хэрэг гэсэн бүлгийн холбогдох зүйл /2002 оны хуулийн 274-296 дугаар зүйл/-ээр ял ногдуулдаг байсан.

Тухайлбал 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 274 дүгээр зүйлийн 3-т “Цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гал түймэртэй тэмцэх байгууллагын офицер, ахлагч, гал сөнөөгч, хорих байгууллагын алба хаагч энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байсан боловч 2008 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлээр дээрх 274.3- дахь заалт хүчингүй болж дээрх байгууллагын тусгай албадын алба хаагчдыг энгийн албан тушаалтны бүрэлдэхүүнд оруулсан байна.

2.Нийслэлийн прокурорын тодорхой албан тушаалтан зарим хэвлэлд өгсөн ярилцласадаа “тухайн үеийн Цагдаагийн ерөнхий газрын удирдлага Дотоодын цэргийн командлагчийн үүргийг давхар гүйцэтгэж байсан учраас түүний үйлдэл, эс үйлдэхүйг цэргийн гэмт хэргийн зүйл ангиар зүйлчилсэн” гэсэн тайлбар өгсөн байсан.

Гэтэл 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр Онц байдал тогтоох тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараахь үймээнийг албадан тараах ажиллагаанд Дотоодың цэргийн бие бүрэлдэхүүнийг татан оролцуулаагүй ба, техник хэрэгслийг нь ашиглаагүй (энэ талаар Цагдаагийн ерөнхий, газрын дарга бөгөөд Дотоодын цэргийн командлагч, Дотоодын “цэргийн штабын даргаас ирүүлсэн танилцуулгыг хавсаргав), Хуулийн заалт болон бодит байдал ийм байхад Онц байдал тогтоосон Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлыг удирдсан тухайн үеийн цагдаагийн зарим удирдлагын үйлдэл, эс үйлдэхүйг цэргийн гэмт хэрэгт тооцон яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж байгаа нь одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуульд огт нийцэхгүй байна.

Хүчингүй болсон хуулийн заалтаар хүнийг эрүүгийн хариуцлагад татах, шүүн щийтгэх эрх хэнд ч байхгүй.

Иймд асуудлыг туйлын нухацтай судлан үзэж зөвхөн хуулийн хүрээнд шударга шийдвэр гаргана гэдэгт найдаж буйгаа илэрхийлж цагдаагийн нэр бүхий албан хаагчдын ар гэрийн хүмүүсээс ирүүлсэн хүсэлтийг шилжүүлж байна.

Намайг саналаа ийнхүү илэрхийлснийг хуулийн агуулгатай, ажил хэргийн чанартай гэдэг талаас нь зөв ойлгохыг хүсье.

Энэ хэргийг үнэн зөв бодитойгоор шалган шийдвэрлэж, гэмтэйд нь хариуцлага тооцож гэмгүйг нь ялаас чөлөөлөх, хүнийг хэлмэгдүүлэхгүй байх, хамгийн гол нь хуулийг завхруулалгүй байж чанд мөрдөх сэтгэлийн хат, эр зориг, мэдлэг, ухаан Та бүхэнд байгаа гэдэгт найдъя.

Т.ГЭРЭЛ

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих