Б.Оюунчимэг: Томуугийн шинэ вирус илрээгүй
Сүүлийн үед шинэ төрлийн вирусийн гаралтай ханиад тархаж байгаа талаар албаны хүмүүсээс тодрууллаа.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын Халдварт өвчний тандалт зохицуулалтын албаны дарга Б.Оюунчимэг:
-Томуугийн халдвар үүсгэгч шинэ вирус илэрсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Шинэ төрлийн вирус илэрсэн бол Томуугийн үндэсний төв мэдэгдэх ёстой. Шаардлагатай гэсэн нарийн шинжилгээг тус төвд хийдэг. Эмнэлгүүдээс авсан шинжилгээний хариуг мэдэгддэг. Одоогийн байдлаар манайд шинэ төрлийн вирус бүртгэгдчихсэн юм алга. Харин сүүлийн үед голчлон В хүрээний вирусийн тархалт өндөр байгаа.
-Тэгвэл энэ төрлийн вирусийн шинж тэмдэг хүнд хэлбэрээр илэрч байна гэсэн үг үү?
-Хүйтэн сэрүүний улиралд томуугийн халдвар идэвхтэй тархдаг. Энэ долоо хоногийн байдлаар өвчлөгсдийн тоо бага хэмжээгээр өссөн нь үнэн. Энэ нь өнгөрсөн баярын өдрүүдэд хөл хөдөлгөөн ихэссэнтэй холбоотой юм. Өмнө нь архаг хууч, ужиг өвчтэй хүмүүс томуугийн халдвараар өвчлөх магадлал өндөр байсан бол энэ жилийн хувьд бага насны хүүхэд болон өндөр настай хүмүүс илүү өвчилж байгаа. Тухайн хүний бие мах бодийн онцлогоос шалтгаалж илрэх байдал өөр өөр байх тохиолдол бий л дээ.
-Томуугийн В хүрээний вирусийн онцлог?
-Энэ вирусийн хувьд өвчлөл архагших, ужиграх шинжтэй. Эдгэрэх нь удаан цаг хугацаа шаарддаг. Дорвитой эмчилгээ хийхгүй бол амархан хүндрэл өгнө. Одоогоор дүүргүүдийн эмнэлэг хэвийн ачаалалтай байгаа.
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Поликлиникийн эрхлэгч Д.Нэмэхбат:
-Ханиад хүрсэн хүмүүсийн хамраас цус гарах, гүйлгэх зэрэг өөр шинж тэмдэг илэрч байгаа гэсэн. Танайд ийм тохиолдол ирж байгаа юу?
-Үгүй. Зүгээр улирлын чанартай вирусийн халдвар элбэг байна. Манай эмнэлэгт одоогоор ийм төрлийн шинж тэмдэг илрээд сүйд болсон юм алга. Гэхдээ тухайн хүний биеийн байдлаас шалтгаалж вирусийн халдвар илрэх байдал нь өөр өөр нөлөөлөх тохиолдол бий. Мэдээж өндөр хэмтэй халуурах, гүйлгэх, үе мөчөөр өвдөх зэрэг нь байдаг л шинж тэмдэг.
-Хэрхэн сэргийлэх вэ?
-Хамгийн гол нь чанартай, тэжээллэг бүтээгдэхүүн хоол хүнсэндээ хэрэглэх нь зүйтэй. Вирусийн халдвараар өвчлөх гол шалтгаан нь хүний биеийн дархлаанаас үүдэлтэй юм. Тэжээллэг хоол хүнснээс гадна дархлаа сайжруулах нэмэлт витамин, вакцин, эм бэлдмэл хэрэглэх ёстой.
-Ямар эм вирусийн эсрэг үйлчлэх вэ?
-Эм гээд хэлчихээр л манайхан эмчийн заавар, зөвлөгөөгүйгээр дур мэдэн хэрэглэдэг. Энэ буруу. Хэт их эм хэрэглээд ирэхээр тухайн халдвар эмэнд дасалтай болж өвчлөл даамжрах төлөвтэй болдог. Зүгээр ахуйн нөхцөлд давс содтой усаар утах, сармистай хар шөл уух зэрэг уламжлалт аргууд бол үр дүнтэй эмчилгээ болдог.
-Вакциныг хэдэн насны хүмүүс хийлгэж болох вэ?
-Хоёр ойтойгоос бүх насныхан өрхийн эмнэлэгтээ үзүүлж томуугийн эсрэг үнэ төлбөргүй вакцин хийлгэж болно. Нэгэнт ханиад хүрсэн бол эмчийн заавар зөвлөгөөгөөр тууштай эмчилгээ хийлгэж, олны хөлийн газар гарахгүй байж, хэвтрийн дэглэм хэдий чинээ барина төдий чинээ хурдан эдгэрнэ гэсэн үг. Иргэд их хайхрамжгүй хандасны улмаас өвчнийг даамжруулах хүнд шатанд оруулах нь нийтлэг дутагдал болдог.
Д.ДАВААСҮРЭН
URL: