“Дөрөвдүгээр сарын 1-нээс сая төгрөг тараана гэдэг худлаа”
Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс сая төгрөг тараана гэсэн мэдээллийг Улсын хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Д.Баярсайхан үгүйсгэсэн.
Учир нь өгөх мөнгө төгрөг нь байхгүй, яаж өгөх шийдвэр нь ч гараагүй байгаа гэх. Монгол Улсын Засгийн газраас хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Эх орны хишгийн үлдэгдэл болох нэг сая төгрөгийг бэлнээр тараахаар шийдвэрлэсэн. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 334.2 мянган иргэнд нийтдээ 334.2 тэрбум төгрөгийг зарцуулахаар 2012 оны улсын төсөвт суутгасан байгаа. Сар шинийн өмнөхөн уг мөнгийг тараана гэсэн яриа гарсан боловч журам батлагдаагүй гэдэг шалтгаанаар хойшлогдсон. Харин саяхнаас уг мөнгийг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж олгохоор болсон гэх мэдээлэл цацагдаад байгаа. Тэрбумаар тоологдох тэр мөнгийг ч “Хүний хөгжил сан”-гийн дансанд оруулсан гэсэн яриа байна. Тиймээс энэ талаар Улсын хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Д.Баярсайханаас тодрууллаа.
-Өнгөрсөн онд Засгийн газраас хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг бэлнээр олгохоор шийдвэрлэсэн. Уг мөнгийг цагаан сараас өмнө олгоно хэмээн танай газраас мэдэгдээд байсан. Яагаад сар шинээс өмнө өгч чадсангүй вэ?
-Хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөг бэлнээр тараах тухай журам гараагүй байсан. Тиймээс сар шинийн өмнөхөн сая төгрөгийг хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тараах боломжгүй болсон. Тэгээд ч энэ тухай, цагаан сараар сая төгрөг тараах боломж байхгүй гэдгийг Сангийн сайд Д.Хаянхярваа хүртэл мэдээлсэн шүү дээ.
-Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс сая төгрөг тараана гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Тэр худлаа. Засгийн газраас сая төгрөгийг хэрхэн тараах вэ гэдэг журмыг нь өнөөг хүртэл батлаагүй байгаа. Хэрвээ журам батлагдвал, журамд заасан хугацааны дагуу л олгож эхлэх юм. Сая төгрөг тараана гэдэг яриа л байгаа болохоос яг таг тэдэн сард өгнө гээд шийдэгдчихсэн юм алга. Энэ асуудал зөвхөн ярианы төвшинд байгаа гэдгийг манай ахмадууд ойлгох ёстой.
-Тэгэхээр сая төгрөгийг хэзээ олгох нь тодорхойгүй гэсэн үг үү. Заавал журам батлагдаж байж л сая төгрөгийг олгох юм байна, тийм үү?
-Тиймээ, тодорхойгүй байгаа. Журамд ахмадууд гэж хэдий хэрийн насны хүмүүсийг хэлэх вэ, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ямар хүний хамруулах вэ, яаж олгох вэ гэдгийг тодорхой тусгаж, түүний дагуу л хэрэгжих ёстой.
-“Хүний хөгжил сан”-гийн дансанд хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 334.2 тэрбум төгрөгийг оруулчихсан гэл үү?
-Үгүй. Манай дансанд ямар ч мөнгө ороогүй байгаа. Тэр мөнгө нь ч хаана яваа юм бүү мэд. Сая төгрөг олгоно гээд байгаа болохоо өгөх мөнгийг нь хаанаас, яаж өгөх нь тодорхойгүй байгаа.
-Хөгшид сая төгрөгөө авчихвал хувьцаагүй хоцорно гээд байгаа?
-УИХ-аас энэ асуудлыг шийдвэрлэсэн болохоор энэ талаар ямар нэгэн тайлбар хэлмээргүй байна. Хууль баталж, шийдвэр гаргадаг хүмүүс нь сая төгрөг бэлнээр авбал хувьцаа олгохгүй, хувьцаа авсан тохиолдолд сая төгрөг өгөхгүй гээд шийдчихсэн шүү дээ. Засгийн газраас журам батлагдаад төчнөөн хүнд, ийм замаар олгоно гээд шийдчирхвэл, мөнгө нь ороод ирвэл манайхаас удаагаад байх асуудалгүй. Тэр дороо л тарааж эхэлнэ.
Албаны хүн ийн ярьж байна. Ямар ч байсан ирэх инээдмийн баяраар энэ мөнгийг өгнө гэдэг мэдээлэл худлаа бололтой. Цагаан сараас өмнө сая төгрөгөө өвөртөлчихнө хэмээн хүлээж явсан ахмадууд ахиад л дөрөвдүгээр сарын 1-нд сая төгрөг тараана гэдэг ярианд хууртагдсаар. Сая төгрөг өгнө гэсэн Засгийн газрын шийдвэр хэзээ хэрэгжихийг хүлээсээр л. Сая төгрөг тараах мөнгөгүй, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа өнөөдрийг хүртэл хөрөнгийн зах зээлд гарч чадаагүй хэвээр байгааг харвал иргэд хувьцаа ч үгүй, сая төгрөг ч үгүй “дөрвөн сарын 1” хэмээн хууртагдаад л үлдэж магадгүй нь бололтой дог.
URL: