300 саяыг тоншсон Ц.Болд удахгүй аавын хаалга татна

Албан тушаалаа хэтрүүлсэн хэрэгт толгой гудайн шалгуулах болсон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд  Авлигатай тэмцэх газрын үүдийг сахиад удаж байна. Түүнийг 300 сая төгрөг хувьдаа завшсан хэргээр цагдаагийнханд баривчлагдсан гэх  мэдээлэл өнгөрөгч онд  сайтуудын шуурхай мэдээний зай талбайг эзэгнэж байв. Гэвч  Ц.Болд энэ яриаг үгүйсгэж ихэд ундуйцсан ч  хөнгөн хөлтэй,  урт чихтэй сэтгүүчдийн овоо хараанаас мултраагүй. Түүнийг  Чингэлтэй дүүргийн шүүгч төрсөн  эгч Ц.Түмэнгэрэлийнхээ нөлөөгөөр “хар гэр”-ээс суллагдсан  тухай мэдээлэл тухайн үед  хэвлэлээр шуугиж байгаад  хэсэг хугацааны дараа намжсан билээ.

Гэмт хэрэгтний эгнээнд шилжин,  гав зүүгээд амжсан засаг ноён Ц.Болд,  өмнө Хан-Уул дүүргийн  ЗДТГ-ын зохион бай­гуулагч, ахлах мэргэжилтэн, Улаан­баатар хотын Захирагчийн аж­лын  Хот тохижилтын хэлтсийн дарга, Нийслэлийн хот тохижилтын газрын дарга гээд  хотын зохион байгуулалттай холбоотой  олон ч ажлыг хийж явжээ.

Харин өнгөрсөн оноос эхлэн хотын даргын томилгоогоор Улаанбаатарын хам­гийн тохижилт муутай, бас хэл ам ихтэй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж эхэлсэн юм. Өмнө нь 2009 онд хот тохижилтын ажил үйлчилгээний хөрөнгөөс нэлээд мөнгө завшсан гэх  хардлага ч түүнийг дагадаг. Ам ташсан хэрээ арвангурав дахихын үлгэрээр энэ удаад ч тэрбээр улсын мөнгө тоншсон хэрэгт холбогдоод байна.

Түүнийг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад багагүй хугацаа өнгөрч байна.  Түүнд хамаарах Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг завшсан гэх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч байгаа аж.  Учир мэдэх хүний хэлснээр  Ц.Болдыг цас хайлуулах бодисонд төсөвлөсөн хөрөнгөөс 300 сая гаруй төгрөг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж,  УМБГ-т шалгаж байсан ч албан тушаалтай холбоотой учир ийнхүү  АТГ-т шилжүүлэн шалгуулжээ.

Төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн гэдэгтээ итгэж ирсэн Ц.Болдыг  одон медаль, шагнал тойрсонгүй.  ”Алтангадас”, Нийслэлийн “Хангарьд” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” алтан медаль, НИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”, Нийслэлийн “Хүндэт тэмдэг”, Улаанбаатар хотын “Оны шилдэг ажилтан”, “Хэрэглэгчдэд хүндлэгдсэн төрийн түшээ”, “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэг гээд олон ч шагнал эрэмбэлнэ.

Хэдэн  жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж  Ц.Болд төрийн нэрийн өмнөөс  шагнуулж байсан бол тун удахгүй дахин нэг төрийн нэрээр дуудуулах нь. Ингэхдээ тэрбээр шүүхийн танхимд гэм буруугаа хэлэлцүүлнэ.

Н.Бүжин shuud


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих