Улс төрчийн араншин буюу шантаажлагч
Ардын намынхан дахиад л бужигнаж эхэллээ. Ц.Даваасүрэн тэргүүтэй гишүүд Монголын алдартай хувьсгалт намыг үүсгэн байгуулагч Ц.Шинэбаярыг өмөөрч намын даргадаа ил захидал илгээлээ. Үнэндээ Монголын алдартай хувьсгалт нам Улсын бүртгэлийн газарт нэрээ бүртгүүлэнгүүт ил захидал далдаас шидэж байгаад дарга нар нь бухимдаж байгаа сурагтай. Энэ захидлын гол эзнээр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тодроод байна. Албан тушаал, эрх мэдлийн төлөөх тэмцэл цээжийг нь хатгаж, мань эр ийм захидал бичихэд хүрсэн ч байж болох юм. Тэрбээр Ардын намын Их хурлын үеэр намын дарга нартаа хандаж Удирдах зөвлөлийн гишүүн болох чин хүсэлтэйгээ ичиж нэрэлхэлгүйгээр илэрхийлж байсан гэнэ. Гэвч тэд түүний энэ хүслийг биелүүлэхээс тун боловсон татгалзаж “Та төсвийн байнгын хорооны дарга. Байнгын хорооны дарга нарыг Удирдах зөвлөлд оруулахгүй гэдэг бодлого баримталж байгаа” хэмээн амыг нь таглажээ. Гэвч саяхан Монгол Ардын намын бүлгийн дарга нарыг солих ажил өрнөж, Ц.Даваасүрэн гишүүн “Намайг Удирдах зөвлөлд оруулаагүй. Тиймээс бүлгийн даргын ажлаа өгөхгүй” хэмээн цахдаж, нэг бус хүнтэй ам хэл зөрсөн гэнэ. Гэвч мань эр ялагдаж, Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа томилогдсон. Ц.Даваасүрэнг улс төрд Сангийн сайд Ч.Улаан татаж оруулсан юм гэнэлээ. Ч.Улаан гишүүн л түүнтэй хамт морь мал уяж, бас түүнийг дэмжиж, Сангийн яаманд өндөр албан тушаалд томилж байсан гэнэ. Гэвч тэрбээр Байнгын хорооны даргын суудлын төлөө Ч.Улаантайгаа муудалцаж, экс Сангийн сайдыг Төсвийн булаацалдаж байж авч үлдсэн. Одоо харин Д.Хаянхярваа гишүүнд алдчихсан нь мань эрийг ингэтэл бухимдуулж байгаа аж. Ердөө л Байнгын хорооны даргын суудлаас болж Ц.Даваасүрэн гишүүн намын дарга нартаа гомдож, тунирхаж эхэлсэн гэдэг яриа саарал ордонд өвсөнд ассан түймэр шиг л дэгдэж байна. Хамгийн харамсалтай нь Ц.Даваасүрэн гишүүн Төсвийн байнгын хорооны дарга болсноор Монгол улсын эдийн засагт ямар үр дүн гарсан нь тодорхой бус. Харин Ц.Даваасүрэн гэдэг айлын төсөв мөнгө л 10 дахин нэмэгджээ. Тэрбээр өрхийнхөө санхүүг гайгүй сайн өсгөдөг бололтой. Түүний гэр бүлийнх нь орлого бусад гишүүдтэй адил бас л огцом өсөлттэй гарчээ. Тодруулбал, Ц.Даваасүрэн гишүүний орлого дөрвөн саяас гэнэт 40 сая болж өссөн бол эхнэрийнх нь орлого долоон сая төгрөгөөс 65 сая болтлоо нэмэгджээ. Мөн тэрбээр 267 сая төгрөгийн өртөг бүхий орон сууц хийгээд барилга байгууламжтай байсан бол энэ тоо 371 сая хүрчээ. Харин тэрбээр “Анод” банкинд 150 сая төгрө гийн зээлтэй. Гэвч энэ зээлээс ердөө сая төгрөгийг эргүүлж төлсөн гэдэг нь хөрөнгө орлогын мэдүүлгээс нь тодхон харагдаж байна. Хувийн бизнесээ тун сайн додомдож чаддаг эрхэм гишүүн Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжавыг “Аймгийн төв усан сангаас манай аавын гэр хүртэл газар доогуур хоолой тат. Хэрвээ тэгэхгүй бол гишүүдэд хувиарласан 1.5 тэрбум төгрөгөө би өөрийнхөө мэдлээр зарцуулна” хэмээн шантаачилсан гэдэг яриа бас л дэгдэж байлаа. Аймгийн Засаг ноёнтойгоо түнжин хагарсан Ц.Даваасүрэн гишүүн “2012 оны сонгуульд нэр дэвших боломжоо алдаж магадгүй” хэмээн айж, одооноос тохироогоо хийхийг оролдож байгаа гэж ярих хүмүүс ч мэр сэр байна. Ямартай ч Ц.Даваасүрэн гишүүн “Ардчилал шударга ёс” жигүүрээ гартаа зангидаж чадахаа байж. Түүний толгойлдог “Ардчилал шударга ёс” жигүүрийн нэг бус хүн МАХН-ын түр штабт ажиллаж байгаа. Н.Удвал тэргүүтэй гишүүд нь жигүүрээ орхисон учраас мань эр дарга нараа дарамталж болохгүй бол зүг мөрөө өөрчлөхийг санаархаж байгаа бололтой.
URL: