ЭХ ОРНЫ ЗҮРХ ОРОС ШАТАХУУНААР ЛУГШДАГ

Нефтийн хямрал дэл­хийг нөмрөх нь. Монгол шатахуунаа ганцхан Оро­соос авдаг учир хойд хөр­шийн эрх баригчдын до­хиу­раар манай эдийн за­саг савладаг. Өнгөрсөн оны та­риа­лалтын ид үед Орос кран­таа хааж, Монгол Ул­сын зүрх зогсох шахсан. Неф­тийн тонн тутамд 283,9 дол­лар байсан гаалийн тат­вараа ах нар 408,3 дол­лар болгон нэмж байв. Эмзэг газраар цус сорог­дож, эдийн засаг ноцтой хөндүүрлэсэн билээ.

Өдөрт хэдэн зуун км дав­хиж ажил албаа ам­жуул­даг энгүй талын бядгүй Монгол нефтийн үнийн огцом өсөлтөд амар­хан сөхөрдөг тул нефтийн хямрал бидний хувьд гэнэ­тийн дайрлага болдог. Ма­най намууд айсуй дайр­ла­гыг мэдрэх нь байтугай, сонгуулиар өвчлөөд, өөрийн ухаангүй солиор­чээ.

Төр засгийн эрхийг аль нам барьснаар, УИХ-ын гишүүн хэн болсноор дэлхийн нефтийн үнийг буулгаж чадахгүй. Бүх нам, бүх нэр дэвшигчийг эрэмбэлбэл адилдаа адил, годилдоо годил юм чинь сонгуулийн тэмцэл ард түмэнд ашиггүй. Нэг нь л гарна биз. Хэн нь ч Монго­лыг хөгжүүлж чадахгүй. Хэнд нь ч Монголыг устгах хорон санаа байхгүй. Бүгд л сонгуульд шархатсан шархаа нөхөх, цаашлаад төсвөөс чадлаараа хумслах, ийм л бодолтой хөөрхийс. Хэнийг ч сонгосон, аль ч намыг сонгосон, ялгаа гарахгүй сонголтод дэндүү их хөрөнгө үрж, дэндүү их хүч цаг зарахын оронд, сонгуульд үрж буй асар их хөрөнгийнхөө талыг ч болов газрын тос боловсруулах үйлдвэрт зориулбал яасан юм бэ. Бага оврын үйлдвэрт 30-35 сая ам.доллар орох гэнэ. Оросууд крантаа хаагаад биднийг шулна. Энэ бол гэм биш зан. Бие биеэс алслагдсан хот аймаг сум баг малчид бензингүй аж төрөх  боломжгүй. Шатахууны хараат байдлаас гарах нь ээлжит сонгуульд  аль нам, хэн гэгч гишүүн тодрохоос эрс өгөөжтэй. Олсон ашгийн бараг бүгдийг шатахуун залгидаг. Дотооддоо ша­тахуунаа хангачихвал Мон­гол гараад өгнө. Хөгж­лийн гол гацаандаа хүчээ төвлөрүүлэх цаг иржээ. Үүний дэргэд сонгууль юу ч биш. Сү.Батболд Н.Алтанхуяг хоёрын нэг нь л Ерөнхий сайд болно биз. Тэр хоёрын хооронд нэг ч төгрөгийн  зөрөө гарахгүй. Хоёул один (…)

“Тэрийг биш намайг сонго” гэж нэг нэр дэвшигч тэрбумыг үрнэ. “Тэднийг биш манайхыг сонго” гэж нэг нам 10 тэрбумыг хийсгэнэ. Нөгөө тал нь бас тэрийг биш намайг гэж нэг тэрбумыг, тэднийг биш манай намыг сонго гэж мөн 10 тэрбумыг үрнэ. Тэрийг бус намайг сонговол Монгол баяжина, намайг бус түүнийг сонговол Монгол баларна. Тэднийг бус манай намыг сонговол Монгол бар болно, манай намыг бус тэдний намыг сонговол Монгол сөнөнө. Ийм логикоор их хөрөнгө салхинд хийсгэх инээ­дэмтэй. 1 сая, 1,5 саяын амлалт. Сонгуулийн өмнө амлалтаа өгч өөрсдөө дахин сонгогдохын тулд эх орноо хуурайлж гүйцлээ. Наанаа эх орноо хөгжүүлэх, сонгогч олноо баяжуулахад юугаа ч хайрлахгүй байгаа дүр харагдавч, цаанаа өөрөө л УИХ-ын сэнтийд дахин залрах гэж үрээд буй мөнгө. Цацаж буй их мөнгө нь бүх ард түмний аманд үгүй, хамарт ч үгүй. Шоу, уулзалт, зурагт хуудас, шатахуун, архи дарс гээд амьдралд юу ч наалдахгүй хий хоосон үрлэг. Энэ мунхаглалаа ухаарч, болих янз алга. Нууц байдалд улам гаарах цартай. Нууцаас ил нь дээр байсан даа. Намдаа 50 саяыг өгч байж нэр дэвшинэ. Нэг нэр дэвшигчийн тойрогтоо зарах гарын мөнгө дээд тал нь 1133,6 сая, доод тал нь 154,8 сая. Сонгуульд өөрөө ялах гэж, намаа ялуулах гэж зовохоос илүү зовлон Монголд үгүй болжээ. Ха­маг хүч анхаарлаа дай­чилдаг ажил сонгуулиас өөр алга. Нойроо хасдаг чухал ажил сонгуулиас өөр байхгүй. Монгол нь Монголоо ялах гэж улсын хамаг хөрөнгийг сүйтгэж байна. Ялбал ял аа л биз, ялагдвал өрсөлдөгч монгол нь Төр засгаа барина л биз. Үүнд чинь хувхайртлаа уралцахын хэрэг юу байна. Манай сонгуульд бурхан чөтгөр хоёр өрсөлдөөгүй. Адилхан монгол ах дүүс өрсөлдөж байгаа. Олонхи цөөнх л болно биз. Олонхи цөөнх гэдэг чинь хүйтэн дайны үеийн үзэл суртлаар зэрэгцэн оршиж болохгүй социалист, капиталист лагерын дайснууд биш. 1990 оноос архаг хөгшчүүл сөрөг хүчнийг дайсан гэж үздэг үзлээр үр хүүхэд ач зээ нараа болон залуу үеийг хордуулсан юм. Энэ өвчин их ужиг болтой. Эдгэрэхгүй эдүгээ хөнөөл тарьсаар л байна. Сөрөг хүчин бол хамтрагч бус дайсан гэсэн үхширмэл хоцрогдлоос салж, нэг нь хийгээд нөгөө нь хянаад явдаг, улсаа хөгжүүлэх нэгэн зорилготой олонхи цөөнх гэдэгт суралц.

Түүнийг бус намайг, тэднийг бус манайхыг сон­­­го гэж үхэлдэж зүтгэ­хээс ондоо бодол одоо хэдэн сар төр засаг, на­муудын толгойд орохгүй. Газрын тос боловсруулах үйлдвэр, дэд бүтэц гэх мэт нь, намаа сонгуульд ялуулах тэмцлийн тоосонд үзэгдэхгүй. Хувийн хэвш­лийнхэн бор зүрхээрээ газрын тос боловсруулах мөнгө босгоё гэхэд Зас­гийн газрын зөвшөөрөл хэрэгтэй болдог. Д.Зоригт сайд “Мөнгөө үзүүл, тэгвэл зөвшөөрөл өгнө” гэж мөнгөгүйгээр нь чагт­лаад өдийг хүртэл газрын тос нэрэх нэг ч төсөл явуул­­сангүй. Ийм л гишүүн тодруулах гэж хөрөнгө мөнгө хайр найргүй үрээд буй хэрэг. Сонгуульд ялах гэж чар­майдаг шигээ Тавантол­гойдоо, аж үйлдвэрийн цогцолбортоо, төмөр болон авто замдаа, утаандаа чармайвал янзалчих байх. Сонгуульд зардаг мөнгөө хэмнээд, газрын тос нэрэх гэсэн хувийн хэвшлийн 6-7 төслийг дэмжээд өгөөч. Эх орныхоо шатахууны ядаж талыг ч болохноо тэд хангавал аштай юу. Гишүүн-сайд Д.Зоригт шатахууныхаа талыг ч болов хангах гэсэн гарцыг яагаад албаар хөндөлсөнө вэ. Хэнд үйлчлээд байна. Түүний араас С.Баяр чич­дэг гэсэн сэжиг нийгэмд бий. Газрын тосны асар их баялагтай ОХУ жижиг ордуудаа ашиглан алс районоо хангахаар бага оврын үйлдвэр 80 гаруйг ажиллуулж байна. Д.Зо­ригт сайд манай газрын тосны ордуудын нөөц хомс, жижиг үйлдвэр бай­гуу­­лаад улсын хэрэгцээг хангаж чадахгүй гэж арга саам хийсэн атлаа Дор­нодын “Хэт” компанид зөвшөөрөл өгвөл ганц компани монополдно гэж нөгөө чамлаад байсныгаа мартаад монопол болно гэж айж буй нь өчиггүй болсон тоглоомын хүүхэлдэй үг аргагүй мөн.

Аварга арслангийн ам угтуул годгор шодгор на­мууд хамаг байдгаа шав­хаад ч сонгуульд өрсөлдөх бэл хүрэхгүй, гэр орон эд хогшлоо ломбарданд тавьж, лангуу, “түц”-ээ барьцаалж, гуйлга түүл­гээр өр зээл тавьж байж чадлаа мэдэхгүй дэвж дэл­сээр сонгуулийн дэвжээнд га­раад анхны луйварт шо­роотой холилдож, шивш­гээ хутгаад, харамсалтай нь өрний бөөс болж хо­цорно. Сонгууль биднийг хоослоно шүү.

Хөл дороо орших газ­рын тосоо нэрээд ша­тахуун гаргаж авахад нам засаг мөнгөө харамлаад зарахгүй атлаа өөрсдөө УИХ-ын сэнтийд залрах сонгуульдаа юугаа ч хайрлахгүй юм. Нефтийн үнэ дэлхий даяар зангирч, тэнгэрийн хаяагаар өн­гийж буй айдас төрүүлэм энэ үед, сонгуульд намаа ялуулахын хажуугаар ухаанаа шатахуун руу жаахан ч гэсэн зараач. Улстөржихдөө хэнээс ч дутахгүй. Цэцэн цэлмэг, мэдэхгүй юм гэж үгүй. Хийх бүтээх болохоор юу ч чадахгүй, гадныхны тоглоом болно. Юу ч бүтээж чадахгүй хоосон гавалд, гишүүн сайд болох хорхой л язганаж буй.

Орос крантаа хаавал Монголын зүрх зогсох аюул тулгарна шүү. Үүнд Орос буруугүй, бид өөрсдөө л буруутай. Сон­гуульд Ц.Нямдоржийн оронд З.Батзандан, Д.Арвины оронд Г.Баасан гарлаа гэхэд бүх хөдөлгүүр зогсохгүй, хуучин шигээ салгалаад л байх болно. Сонгуулийг бүтээн байгуулалтын дээр тавьдгаа цэглэе. МАН, АН хоёр нэг нь нөгөөгөөс эрс давуу чадваргүй, ойролцоо л мунгинана. Адилхан хоёрын нэгийг ялуулах гэж мөнгө үрэх утгагүй. Гишүүн сайд на­рыг мэддэгээр нь үнэ­лэхээ болиод, бүтээснээр нь дүн тавих цаг иржээ. “Намаа сонгуульд ялуу­лахын төлөө бүх хүчээрээ байлдъя” гэж цээжээ дэл­сэхээс бус “Шатахуунаа дотооддоо хангая” гэх нэр дэвшигч цөөхөн. Намаа ялуулах ганцхан зорил­готой, өөр зорилгогүй, нэр дэвшигч нарт саналаа өгвөл Оросын шатахуунд хувхайрна шүү. Монгол жилд 100-г олоод 80-ыг нь шатахуунд өгөөд байвал хэзээ ч өндийхгүйг Д.Зоригт сайд нар мэдсээр байж, дотооддоо үйлд­вэрлэх өөриймсөг сэдлийг зориуд хааж, Оросоос шатахуун авдгийг хэвээр байлгах гэж хүний хүүгийн хүрэн бөөр яагаад гаргана вэ. Хорон санааг таслан зогсоох эх оронч үзлээ дуудъя.

Цэндийн ДОРЖГОТОВ


URL:

Сэтгэгдэл бичих