АН-ын хөзөр, Ц.Нямдоржийн нүүдэл

Сонгууль дөхөхийн хэрээр улстөрийн амьдрал саарал ордноос хальж, улстөрч сэтэр зүүгсэд ч банк санхүү, уул уурхай, хууль эрх зүй, орон сууц, мал мах гээд хошуу дүрэхгүй салбар үгүй боллоо. Үүний хажуугаар тамын тогооны үлгэрээ эхлүүлж дээш гарахаар зүтгэсэн нэгнийгээ доош татаж ёстой л түүгээр явсан гайг үүгээр дуудна гэгч болсоор буй.

Төрийн эрхийг өөрийн мэдэлд авч олонхийн суудалд залрах хүсэлдээ автсан сөрөг хүчнийхэн сонгуулийн жил гармагц хөзрөө дэлгэж эхлэв. Энэ нь АН хамтарсан Засгийн газраас гарах асуудал байлаа. Бүхэл бүтэн намынхаа гаргасан шийдвэрийг “том толгой” дарга Н.Алтанхуяг нь гэнэтхэн үгүйсгэж МАН-аас салах өргөдлөө үзэглэсэн нь анх хийсэн гэрээгээ зөрчсөн ч бүх л зүйл “ном”-ын дагуу АН-ын төлөвлөсөн ёсоор болсон. Эхний шоу үзүүлбэр нь ийнхүү амжилттай болсонд урам зориг орсон АН-ынхан ээлжит давшилтаа МАН-ын хамгийн залуу сайд Ж.Энхбаяр руу чиглүүлэв. Одоо тэдний гол төлөвлөгөө нь түүнийг сайдын суудлаас нь унагах. Энэ нь давхар давхар зорилготой. Нэг үгээр хэлбэл ганц суудлын төлөө, басхүү ард түмэндээ хайр сэтгэлтэй гэдгээ илчлэх, үнэнч шударга нам гэдгээ илэрхийлэх цорын ганц боломж. Тиймдээ ч бүхэл бүтэн дөрвөн жилийн турш хав дараастай байсан алдарт Долоон сарын нэгний хэрэг гэгчээ өдгөө сөхөж, цагдаагийн хурандаа, генералуудыг цэргийн хэргээр буруутгаж суугаа.
Энэ нь АН-ын ээлжит хөзөр. Шүүх прокурорын эрх мэдлийг өөрийн намын харъяалалдаа авч чадсан АН-ын хамгийн боломжтой гараа. Ард түмний анхаарлыг өөр дээрээ татах сайхан шоу болно.
Долдугаар сарын нэгний хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг шүүх хурал өчигдөр болох ёстой байсан ч хойшлуулсан.
Энэ учир шалтгаан нь өмгөөлгч ирээгүй гэж байгаа боловч улстөрийн бас бус далд зорилго агуулагдаж буй. Энэ нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр,  Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарын тухайн үед төрийн өндөр алба хашиж байсан эрхмүүдийг шүүх хуралд байлцуулах хүсэлттэй холбоотой.
Гэтэл УИХ-ын гишүүн Ц.Нямдорж энэ хэргийн талаар ямар байр суурьтай байгаагаа илэрхийлсэн ч гэмээр бас Эрүүгийн хуулийн тайлбар ч гэмээр зүйлийг шүүгчид рүү нисгэжээ. Улсын ерөнхий прокурор, улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга нарт хүргүүлсэн түүний албан бичигт “Онц байдал тогтоосон Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлыг удирдсан тухайн үеийн цагдаагийн зарим удирдлагын үйлдэл эс үйлдэхүйг цэргийн гэмт хэрэгт тооцон яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж байгаа нь одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуульд нийцэхгүй байна. Хүчингүй болсон хуулийн заалтаар хүнийг эрүүгийн хариуцлагад татах, шийтгэх эрх хэнд ч байхгүй” хэмээж. Тэрбээр шүүгдэгч нөхдийг өмөөрөх ээлжит нүүдлээ хийсэн нь энэ.
Гэхдээ энэ асуудлыг шүүж, хэн нэгнийг яллах дээрээ тулсан нөхцөлд тухайн үед эрх барьж байсан нөхдүүд ч бус бас АН-ынхан өөрсдөө ч ороогдох магадлалтай. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг үг бий. Тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сүхбаатарын талбайд хурсан олныг “хошгоруулан” цөсийг нь хөөргөх үгийг хэлж баахан “савчсанаа” мартчихсан бололтой. Басхүү энэ хэргийн дараа аавын орж гарч ирсэн даруйдаа ум хумгүй АН-д элссэн Ж.Батзандан, О.Магнай нар ч хамаатай. Хэдийгээр тэд “Биднийг буруугүй гэдгийг шүүх тогтоочихсон ш дээ” хэмээн ярьж яваа ч 7 сарын нэгэнд Сүхбаатарын талбайд байсан уу гэвэл байсан. Мөн МАН-ын байрны гадаа ирж хашгачисан уу гэвэл хашгачисан.
Адгуусан амьтан  хүртэл цэгц хэмээх толгойлогчтой байдаг. Цэгц нь хаашаа эргэнэ сүрэг түүнийг дагаж эргэдэг. Харин долдугаар сарын нэгэнд сонгуулийн үр дүнг эсэргүүцэгчид Сүхбаатарын талбай дээрээс өөрсдөө зөнгөөрөө МАН-ын байр руу явчихаагүй. Тэднийг удирдан манлайлсан хүмүүс бий. Тэгэхээр сонгууль угтаж шоу хийн хөзрөө дэлгэх биш хэргийг үнэн зөвөөр нь шүүчихвэл ард түмнээс хүсээд байгаа оноо, санал хоёроо авчих юм биш үү, АН-ынхаан.
mass.mn

URL:

Сэтгэгдэл бичих