Ц.Элбэгдоржийн захиалгаар прокурорын байгууллага шинэ хэлмэгдүүлэлт эхлүүлсэн үү

ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, НЦГ-ын дарга асан Д.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Б.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, хурандаа Ш.Батсүх нарт  холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр товлосон цагтаа эхэлсэн ч хойшиллоо.

Шүүх хурал 14.05 цагт Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болох байсан нь хурандаа О.Зоригтын өмгөөлөгч өвчтэй байгаа, мөн тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан, Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарыг шүүх хуралд байлцуулах хүсэлт гаргаснаар ийн хойшилсон юм. Шүүх бүрэлдэхүүнийг шүүгч Ч.Хосбаяр даргалж, улсын яллагчаар Ч.Хишигжаргал, өмгөөлөгчөөр О.Алтангэрэл, Д.Энхтунгалаг, Б.Өлзий нар байлцлаа. Шүүгдэгчдийг 2008 оны долдугаар сарын 1 -ний үеэр таван хүний амь нас үрэгдсэн хэрэгт буруутгаж байгаа юм. Ингээд шүүх хурлын үеэр хурандаа нарын эхнэрээс дараахь асуултад хариулт авлаа.

ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНЭ ХЭРГИЙГ ТООХГҮЙ БАЙГАА
Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүхийн эхнэр М.Алтанцэцэг:
-Миний нөхөр хурандаа болтлоо цагдаагийн байгууллагад хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Үүрэг гүйцэтгэсэн, ажлаа хийснийхээ төлөө яллуулах гэж байна. Шүүх хурал болтол бид хэрэг нь үнэн зөвөөр шийдэгдэнэ гэж найдаад дуугүй байсаар өнөөдрийг хүрсэн. Цагдаагийн байгууллагын дарга нарыг улс төрийн зорилготой, зохион байгуулалттайгаар яллах гэж байна. Бид Хүний эрхийн үндэсний комисс, Ёс зүйн дэд хороо, Ерөнхийлөгчид хандаж, хэргийг үнэнээр шийдэхэд анхаарлаа хандуулахыг хүссэн байгаа. Гэвч Ерөнхийлөгч огт хариу өгөхгүй байна. Цэргийн зүйл ангиар шийтгэх гэж байгаа нь хууль бус гэдгийг ямар ч хуульч хэлж байгаа.

УЛСТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ЯВУУЛЖ БАЙНА
ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболдын эхнэр Ш.Нарангэрэл:

-Хэргийг сэргээн шалгасны цаад учрыг тайлбарласан уу?
-Улсын ерөнхий прокуророор Д.Дорлигжав томилогдсоноос хойш хууль хяналтын байгууллагынхан 2008 оны сонгуулийн үеэр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дарга нарыг заавал яллах гэсэн хууль бус үйлдэл хийж байна. Яагаад хэргийг сэргээн шалгаснаа тайлбарлаагүй.

-Хэргийг шалгах хугацаанд та бүгдийг дарамталсан уу?
-Миний хань төдийгүй НЦГ-ын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Б.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарыг бүгдийг дарамтад байлгасан. Тэднийг заавал яллах гэж байцаасаар дөрвөн жил ажилгүй байлгасан. Мөн сэтгэл санааны дарамтад оруулсан. Ч.Амарболдод хэн тушаал өгснийг мэдэхгүй байна. Гэхдээ тэр айхтар үймээнээр Монголын төрд үнэнч шударга зүтгэснийхээ төлөө тушаал өгч хүн буудуулсан хэмээн гүтгүүлж байгаад гомдож байна. Бид гэр бүлээрээ ажил төрөлгүй байна. Энэ хэргийг Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нар үйлдсэн. Тэднийг шалгасан болоод Өршөөлийн тухай хуульд хамруулсан. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх ёстой. Бидний амьдралыг 30, 40 оны үеийнх шиг хэлмэгдүүлж байна. Чимээгүй хэлмэгдүүлэлт болж байна. Тушаал өгөөгүйг 1000 цагдаа батлаад байхад тушаал өгсөн хэмээн прокурор гүжирдэж байгаа нь утгагүй.

-Тэгээд хэн тушаал өгсөн гэж?
-Х.Тэмүүжин мэдэж байгаа биз. Тэр л зурагт телевизээр цагдаа буудсан, цагдаагийн дарга нар тушаал өгсөн гээд байгаа. Ерөнхийлөгчид дөрвөн удаа хүсэлт гаргасан нэг ч хариу өгөөгүй. Шүүх хуралд л итгэж байна.

-Энэ хэргийн хариуцлагыг хэн хүлээх ёстой гэж үзэж байна вэ?
-Үнэн хэрэгтээ энэ үймээнийг өдөөсөн, турхирсан, зохион байгуулсан О.Магнай, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нар хариуцлага хүлээх ёстой. Тэднийг байсаар байтал цагдаагийн удирдлагуудыг буруутгах гэж улайрч байна. Тэдний хэрэг өршөөлд хамрагдсан ч сэргээж шалгах хэрэгтэй.

-Шүүх хурлыг хууль бус гэж хэлсэн. Яагаад ингэж хэлэх болов?
-Хэргийг уншуулалгүй нэгдүгээр сарын 2-нд шүүх рүү шилжүүлсэн нь хууль бус. Хэд хоног уншуулсан болоод шүүх гэж байгаа нь бүр хууль бус. Нэгдүгээрт, 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн цэргийн гэмт хэрэг биш. Хоёрдугаарт, дотоодын цэргийг үймээнд оролцуулаагүй. Гуравдугаарт, 2010 оны долду-гаар сарын 9-ний Өршөөлийн хуулиар хэргийг өршөөчихөөд байхад заавал яллах гээд бай¬гаа нь ойлгомжгүй. Гэтэл Д.Дорлигжав гарч ирээд 2011 оны нэгдүгээр сард хэргийг эргэж сэргээгээд өнөөдөр яллах гэж байгаа нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн хурандаа нарын гэргий нар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хандан өргөдөл гаргасан байна. Сайд өргөдлийг харьяаллын дагуу УЕПГ-т шилжүүлжээ. Ц.Нямдорж УЕПГ-ын дарга Д.Дорлигжав, УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа нарт хандаж гаргасан өргөдөлдөө “Өргөдөл гаргагчид 2008 оны долдугаар сарын 1-нд болсон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр иргэдийн амь нас хохирсон хэрэгт цагдаагийн албан хаагч нарыг буруутган олон жилээр шалгаж, “Цэргийн албаны эерэг гэмт хэрэг”-ийн зүйл заалтаар ял сонсгож байгаа нь үндэслэлгүй гэж үздэгээ өргөдөлд дурьдаад уг хэргийг хуулийн дагуу шударга шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Уг хэргийг шалгах болон хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн болон ЭБШ хууль зөв хэрэглэхтэй холбоотой дараах асуудалд онцгой анхаарал хандуулахыг хүсье.

2008 оны долдугаар сарын 1-ний өдөр Онц байдал тогтоох тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараах үймээнийг албадан тараах ажиллагаанд Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг татан оролцуулаагүй ба техник хэрэгслийг нь ашиглаагүй. Хуулийн заалт болон бодит байдал ийм байхад Онц байдал тогтоосон Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлыг удирдсан тухайн үеийн цагдаагийн зарим удирдлагын үйлдэл эс үйлдэхүйг цэргийн гэмт хэрэгт тооцон яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж байгаа нь одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуульд огт нийцэхгүй байна. Хүчингүй болсон хуулийн заалтаар хүнийг эрүүгийн хариуцлагад татах, шүүн шийтгэх эрх хэнд ч байхгүй.

Энэ хэргийг үнэн зөв бодитойгоор шалган шийдвэрлэж, гэмтэйд нь хариуцлага тооцож гэмгүйг нь ялаас чөлөөлөх, хүнийг хэлмэгдүүлэхгүй байх, хамгийн гол нь хуулийг завхруулалгүй байж чанд мөрдөх сэтгэлийн хат, эр зориг, мэдлэг, ухаан Та бүхэнд байгаа гэдэгт найдъя” гэжээ.

Д.Мягмаржаргал

Эх  сурвалж: “Unen.mn”


URL:

Сэтгэгдэл бичих