В.Путины аминд халдах гэж байжээ

Оросын болон Украины тусгай албаныхан ОХУ-ын Ерөнхий сайд В.Путины аминд халдахаар зэхэж байсан хэргийг илрүүлсэн талаар тус улсын “Первый канал” сувгаар өчигдөр мэдээлжээ. Мөн Украины Аюулгүй байдлын албаныхан уг мэдээллийг батлахдаа дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан аж. Тэд уг хэрэгт холбоотой хоёр хүнийг баривчилж, тэсрэх бөмбөг бэлтгэж байсныг нь тогтоосон байна. “Первый канал” сувгаар онцлохдоо “Энэ сарын эхээр олон улсад эрэн сурвалжлагдаад байсан хоёр этгээдийг Одесса хотоос баривчилсан. Тэдний өгсөн мэдүүлгээр тэд ирэх гуравдугаар сарын 4-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа В.Путинд халдахаар бэлдэж байсан” хэмээжээ. Харин ОХУ-ын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч энэхүү мэдэгдлийг баталсан ч тодорхой тайлбар өгөхөөс бас татгалзсан аж. Хэвлэлд мэдээлснээр өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр Украины Дотоод хэргийн удирдах газраас Одесса хотын Тирасполийн 24 дүгээр гудамжинд байрлах нэгэн байшинд дэлбэрэлт болж, тал түймэр дэгдсэн. Тэр үеэр 26 настай Оросын иргэн Руслан Мадаев нас барж, Казахстаны иргэн 28 настай этгээд хүнд бэртэл авчээ. Харин байнгын оршин суугч хэмээн тооцогдож байсан гурав дахь этгээд болох Адам Осмаев тухайн үед хэргийн газраас мултарч чадсан ч хожмоо баригдсан аж.

Гэмт этгээдүүд тэсрэх бодис бэлтгэж байхдаа ийнхүү гал түймэр тавьсан нь хэргийг мөрдөх явцад илэрчээ. Уг хэргийн дараахан Украины аюулгүй байдлын албаныхан Оросын тусгай албаныханд яаралтай цахилгаан илгээхдээ хэн уг байрыг хөлсөлж байсан зэрэг тодорхой мэдээллийг дурдсан байж. Дэлбэрэлтийн үед амьд үлдсэн Илья Пьянзин гэгчээс тэд мэдүүлэг авсан бөгөөд тэрээр амиа алдсан Руслан Мадаевтай Арабын нэгдсэн Эмират улсаас Туркээр дамжин тэнд суурьшиж байсан гэнэ. Тэд Доку Умаровын төлөөлөгчдийн заавраар ажиллаж байсан талаар “Первый канал” онцолжээ. Гэмт этгээд И.Пьянзиныг байцааж буй бичлэгийг ч бас толилуулжээ. Ингэхдээ амиа алдсан этгээд В.Путинд халдах үедээ амиа золихоор төлөвлөж байсан гэнэ. А.Осмаевын мэдээлснээр тэрээр Лондонд удаан хугацаагаар амьдарч байсан бөгөөд Одесса дахь алан хядагчидтай холбоотой байжээ.

Гэмт этгээд алан хядагчдыг сургаж, улмаар Москвад хүргэж өгөх даалгавартай байж. Энэ талаарх баримтуудыг А.Осмаевын компьютерээс нь олжээ. Гэмт этгээд урьд нь Чеченийн тэргүүн Р.Кадыровын аминд халдахад бэлтгэсэн хэргээр олон улсад эрэн сурвалжлагдаад байсан юм. Тэрээр 2007 онд Чечень гаралтай бүлгийнхэнтэй хамт Москвад саатуулагдсан удаатай аж.

Тухайн үед тэд Р.Кадыровын аминд хүрэхээр төлөвлөж байсан ч түүнийг нь гэрчлэх баримт байгаагүй тул түүнийг батлан даалтад гаргасан байжээ. Гэвч тэрээр суллагдсан даруйдаа Арабын нэгдсэн Эмират руу зугтсан юм. Түүнээс хойш олон улсад эрэн сурвалжпагдаад байсан бөгөөд ийнхүү баригджээ.

Д.Цэрэндолгор


URL:

Сэтгэгдэл бичих