Хийморийн сан тавиулсан МАН-ынхны золголт
МАН-ын дарга нар өчигдөр намынхаа тансаг харшид гишүүдтэйгээ золголоо. Намын дарга С.Батболд шаргал өнгийн үйтэн хуар дээлээр гоёж алд цэнхэр хадаг барин УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй зэрэгцэн зогсоо харагдана. Цаана нь цайвар саарал өнгийн малгай, дээл хослуулан гангарсан МАН-ын генсек У.Хүрэлсүх зогсч байлаа. Наана нь хар ногоон даавуун дээлтэй шадар сайд М.Энхболд байв. Түүний дэргэд МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар цэнхэр даалимбан хантаазаар гоёсон зогсоно. Ингээд МАН-ын гишүүд дарга нарынхаа тохойг өргөн золгоцгоов. Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, хотын дарга Г.Мөнхбаяр, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл, НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг гээд гоёмсог дээл хантааз малгай, бүсээр гоёсон эрхмүүд ар араасаа цуварч байлаа. Харин тэдний дунд орос хувцастай УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нар содон харагдах аж. Г.Занданшатар сайд толгой дээрээ саравчтай малгай тавьчихсан нь бүр ч сонин.
Энэ өдөр МАН-ын дарга нар “Монголын нууц товчоо”, морин хуурыг Тусгаар тогтнолын ордондоо залсан юм. Энэ үеэр намын дарга С.Батболд туулай жилд хийсэн бүтээснээ үнэлж, дүгнээд энэ луу жил түүнээс илүү амжилттай ажиллана гэдгээ хэлж байв. Намын байрныхаа хурлын танхимд хийсэн энэхүү золголт төрийн золголтоос дутахааргүй өргөн болж байлаа. Идээ, битүүлэг засч, айраг сөгнөж, намын гишүүд хөөрөг зөрүүлцгээнэ. Гэвч энэ золголтод МАН-аас УИХ-д суудалтай гишүүн тийм ч олон харагдсангүй. Золголтын дараа МАН-ын удирдлагууд өрөө өрөөндөө лам залж, арц хүж уугиулан, энэ луу жилийнхээ барцадыг арилгах засал ном хийлгэсэн бололтой.
Золголтын дараа МАН-ын байрнаас олон лам гарч одсон юм. Энэ бүхний эцэст МАН-ын генсекийн өрөөнд түгжрэл үүсэх шиг болсон. Учир нь “Дарга руу орох гэтэл генсекийн өрөөнд орчихож. Хүн шингэрсний дараа оръё доо” хэмээн ярилцах жирийн гишүүд У.Хүрэлсүх даргын өрөөний үүдээр эргэлдэнэ. Харин генсекийн өрөөг төрийн хамгаалалтын тэвхгэр залуус маначихаад хэнийг ч дотогш нэвтрүүлэхгүй байлаа. Бодвол түүний өрөөнд Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын аль нэг нь бараалхсан бололтой.
Я.Мөнгөн
URL: http://www.fact.mn/44197.html