УБТЗ-ын Оросын талын 50 хувийг эзэмших боломжтой байжээ
Тэртээ 1990-ээд онд ЗХУ-д өөрчлөн байгуулалтын салхи сэвэлзэж, Монголд Цагаан морин жилийн хувьсгал мандахад ЗХУ задарч нэлээдгүй хямралд ороод байв. Тухайн үед РЖД хувьцаат нийгэмлэгийн эзэмшилд байсан УБТЗ-ын 50 хувийг УБТЗ-ын дарга асан Комаров ердөө зургаахан ширхэг хуучин зүтгүүрээр “тулах” саналыг тавьж байсан гэвэл та лав итгэхгүй байх.
Одоогийн УИХ-ын гишүүн Р.Рааш 1992 онд УБТЗ-ын орлогч дарга байхдаа Оросын талын тавьсан энэхүү “Аманд орсон шар тос” шиг саналыг хүлээж авахаас татгалзжээ. Гэтэл ТУХН-ийн орнууд өөр өөрсдийн төмөр замын хувьцааг ямар ч хамаагүй үнээр оросуудаас худалдаж авсан байдаг.
Тэр ч бүү хэл ядуу буурай Дундад Азийн улсууд гэхэд хөвөнгөөр Оросын талын эзэмшиж байсан хувийг худалдаж авсан түүхтэй. Тэгвэл Р.Рааш дарга чухам юуны учир энэхүү саналыг зөвшөөрөөгүй болох нь одоогоор тодорхойгүй бөгөөд удахгүй энэ талаар тэд өөрийн байр суурийг илэрхийлэх нь тодорхой. Одоогийн РЖД хувьцаат нийгэмлэгийн удирдлагууд Монголын талд зөвхөн нэг хувийн хувьцаагаа доод тал нь 3-4 тэрбум ам.доллараар амлаж байгаа юм. Үүнээс харахад бид тухайн үед дээрх ашигтай нөхцлөөр оросуудын эзэмшиж байсан 50 хувийг авчихсан бол эдүгээ Монголын Төмөр Зам дангаараа 100 хувь Монголын мэдэлд байх боломжтой байжээ.
А.Харанга wikimon
URL: