Ц.Нямдорж сайд учир битүүлэг бичиг прокурорт илгээжээ

Долдугаар сарын 1-ний үймээнээр дөрвөн хүн амь насаа галт зэвсэгт оногдон алдсан. Энэ хэрэгт цагдаагийн экс дарга нарыг шалган өнөөдөр шүүх хурал нь болох гэж байна.  Харин  нэгдүгээр сарын 27-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж  Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, УЕП-ын дэр­гэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа, Нийслэлийн прокурор Г.Бат-Орших нарт хаяглан нэгэн албан бичиг илгээжээ.
Тэр бичиг нь  “Өргөдөл шил­жүүлэх тухай” гэсэн хаягтай аж.  Энэ бичигт “Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн оролцоогүй, до­тоодын цэргийн техник хэрэгс­лийг ашиглаагүй ” гэжээ. Мөн  УИХ-ын 2008 оны хоёрдугаар сарын 1-нд баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар цагдаа, онцгой байдал, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан, албан хаагчдад холбогдох хэргийг цэргийн гэмт хэргийн зүйл ангиар ялладаг байсныг болиулсан. Гэтэл үймээний хэрэг 2008 оны долоодугаар сарын 1-нд гарсан. Үүнийг хүчингүй болсон  хуулийг сэргээн босгож хэрэглэн заавал цэргийн гэмт хэрэгт хамааруулан зүйлчлэн яллах гээд байгаагаа анхаарах хэрэгтэйг  сануулсан гэнэ. Ийм бичиг явуулж хэргийг хэрэгсэхгүй болгох уу, эсвэл шүүх хурлын хугацааг хойшлуулах гэв үү гэдгийг цаг хугацаа л харуулах биз ээ.

Ц.Баяр times.mn


URL:

Сэтгэгдэл бичих