Амлалтын фронт айсуй

Монгол түмэн ирэх сонгуулийн амлалттай сэтгэл тэнэгэр сайхан шинэллээ. Сар шинийн битүүний өдрөөс эхлэн улс төрчдийн мишээсэн сайхан царайг харсан шигээ ирээдүйдээ их л итгэлтэй баярыг угтав. Битүүниий орой телевизийн оргил цагаар ерөнхийлөгч урьдчилан бэлтгэсэн зуун асуултандаа зугаатай гэгч нь хариулж байхад түүнтэй зэрэгцэн сайхан монгол дээлтэй ерөнхий сайд намаа магтан дуулж ч байх шиг.
Ах дүүдээ баярын мэнд хүргэж амжихаас өмнө УИХ-ын дарга Д.Дэмбэрэлээс баярын мэнд хүргэсэн мессеж авч өөрийгөө төрд хэрэгтэй зайран гэдэг шиг нэг л их чухал хүн мэт санаж гэдэс цатгалан, сэтгэл өег шинэлээдхэв. Сая төгрөг, Таван толгойн хувьцаа авах нь бат нот гэсэн итгэлтэй тул битүүний орой батлагдсан зургаан хувийн хүүтэй орон сууцыг ч нэг их ойшоосонгүй.
Утсаар уран үгтэй мэндчилгээ ирэхийн дээр технологийн дэвшил болсон цахим хаягаар ч сонгууль угтсан амлалт хөвөрч байлаа. Тухайлбал, Ардчилсан хүчний холбооноос төрсөн “Шонхор” фракцийн зарим гишүүдээр ахлуулсан таван гишүүн /С.Эрдэнэ, З.Энхболд, Д.Ганхуяг, Д.Одхүү, Г.Баярсайхан Л.Гантөмөр/ 1995 оноос хойш тэтгэвэрт гарсан ахмадуудад зориулж “Тэтгэврийн зөрүүг арилгах” тухай хуулийн төслийг батлуулахаар зорьж байгаа, заавал батална гэж амласан ил захидал илгээжээ. Гэхдээ бас  МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын чуулганаас завсарлага авснаас уг хуулийн төсөл түр хойшлоод байгааг ч гоморхонгуй дуулгав. Бас болоогүй, Цагаан сарын цэнгээнт нэвтрүүлгээр гишүүд маань дуулж, хуурдаж, дэмбээдэж чухам ямар л авъяас билэгтэй, түүнийгээ үзүүлэхийг хичээж байгаа нь аргагүй л сонгуулийн өмнөх баяр гэдгийг сануулж байлаа. Баяр ч дуусдагаараа дууслаа, харин тэр сайхан амлалтууд нь хариу нэхэн үлдэж байна. Төрд хариуцлага бий болгоно гэсэн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үг, үйлдвэржүүлэлтийг нэмэгдүүлнэ гэсэн ерөнхий сайд С.Батболдын амлалтыг юун түрүүн ой тойндоо шингээж авъя. Сонгууль ярьсан амлалтын фронт айсуй тул сайн тунгааж сонгохын тулд дархлаатай байя. Ямар сонгууль өгч, сонгуулийн амлалтанд хууртаж үзээгүй биш.

24tsag


URL:

Сэтгэгдэл бичих