Үймээний үеэр хүний амь хөнөөсөн бурууг хэн хүлээх вэ

-ХУРАНДАА НАРЫГ ШҮҮХ ТОВЫГ ХОХИРОГЧДОД МЭДЭГДЭЭГҮЙ ГЭВ-

“Долдугаар сарын 1″-ний үймээний үеэр дөрвөн хүн буудуулж амиа хэргийн буруутныг дөрвөн жилийн дараа шүүх гэж байна. Тодруулбал, 2008 онд Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэж байсан хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан хурандаа Д.Зоригт, Хэв журмын газрын дарга асан О.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан хурандаа Ш.Батсүх нарын гэм бурууг Сүхбаатар дүүргийн шүүх өнөөдөр хэлэлцэх тов гарчээ. Гэтэл энэ тухай үймээний үеэр буудуулж амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд өчигдрийн байдлаар дуулгаагүй байлаа. Уг нь хохирогч шүүх хуралд заавал байлцах ёстой. Амиа алдсан нэг хохирогчийн ар гэрийнхэн Дорнод аймагт бий. Тэгэхээр өнөөдөр өглөө шүүх хурлын талаар дуулгавал хохирогчид ирж амжихгүй болчихоод байна. Дөрвөн хүний амийг хохироосон хэргийн хохирогчдод төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа нь гэмт хэргийн буруутнуудыг ёс төдийхөн шүүх нь гэсэн хардлагыг иргэдэд төрүүлж байна. Нөгөө талаар хурандаа нарыг хүний амь хөнөөсөн гэх үндэслэлээр биш захирагч албаныхаа эрх мэдлээ урвуулан ашигласан, эрх мэдлээ бүрэн хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр шүүх гэж буй.

ХУРАНДАА НАР ТЭНСЭН ХАРГАЛЗАХ ЯЛТАЙ ҮЛДЭХ ҮҮ

Дөрвөн жилийн өмнө дөрвөн хүний амийг хөнөөсөн хэрэгт цагдаагийн дөрвөн хурандаа, Эргүүл хамгаалалтын газрын арван цагдааг холбогдуулан шалгаж эхэлсэн. Тэднийг хүний амийг хөнөөсөн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд зааснаар шалгаж байсан ч яваандаа хурандаа нарыг албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн, цагдаа нарыг ажилдаа хайнга хандсан гэх үндэслэлээр зүйл ангийг нь өөрчилж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ. Харин хохирогчдын ар гэрийнхэн Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасны хүчинд хурандаа нарын хэргийг сэргээж, цагдаа нарт холбогдох хэргийг түдгэлзүүлсэн. Ингэхдээ хурандаа нарыг Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2-т зааснаар ялласан юм. Эрүүгийн хуулийн дээрх зүйлд “Захирагч эрх мэдэл, албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс онц их хэмжээний хохирол учруулсан бол 5-10 жилээр хорих ял шийтгэнэ” гэж заасан. Энэ зүйл ангид заасан хэрэг нь хүнд гэмт хэрэгт тооцогдох учир Өршөөл үзүүлэх тухай хуульд бүхлээрээ хамрагдахгүй. Харин гэм буруутай этгээдэд оноосон ялнаас нь Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хасч болох аж. Тэгэхээр хуульчдын ярьж байгаагаар хурандаа нарыг гэм буруутай гэж үзэж ял оноосон ч гурван жил нь өршөөгдөх магадлалтай гэнэ. Гурван шатны шүүхээр хэлэлцэгдэх явцад үлдсэн ял нь тэнсэн харгалзах болж хувирч мэдэхийг ч хуульчид ярьж байна. Тэгвэл дөрвөн жил шалгаж, 30 шахам хавтаст хэрэг бүрдүүлсэн үймээний гэх тодотголтой сүр дуулиантай энэ хэргийн буруутанд оноох ял нэр төдий байх нь. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан “Цагдаа хүн буудсаныг нотлох хангалттай баримт бий” гэх боловч хүний амь хөнөөсөн гэм бурууг хэлэлцэхгүйгээр өнгөрөх гэж буй нь энэ. Гэхдээ цагдаагийн дарга нар галт зэвсэг хэрэглэх тушаал өгсөн гэдгээ хүлээвэл төрийн цагдаа, төр нь иргэнээ буудсан гэдэг нь тодорхой болох юм. Ингэвэл хохирогчид олон улсын шүүх, хүний эрхийн байгууллагуудад хандах боломж нээгдэх аж. Түүнээс үймээний үеэр хүн буудсан гэх хэргийг Монголын шүүх өөрөөр хэлэлцэж, цагдаа нарыг өөр зүйл ангиар дахин яллах боломж байхгүй. Учир нь нэг гэмт хэрэгт холбогдуулан иргэнийг нэг л удаа яллах тухай хуульд заасан байдаг. Тэгэхээр дөрвөн хүний амийг хөнөөсөн жинхэнэ буруутан нь хэн болох вэ.

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЭЗЭЭ СЭРГЭЭХ ВЭ

Үймээний үеэр галт зэвсэг хэрэглэн хүний аминд хүрсэн гэх үндэслэлээр Эргүүл хамгаалалтын газрын албан хаагчид болох Ядамын Хорлоор ембүчи, Дашцэрэнгийн Төмөрбаатар, Үрчгэрийн Даржаа, Юрайгийн Гантулга, Алтанхуягийн Ууганбаяр, Батбаярын Батцэрэн, Нямжавын Ариунболд нарыг яллагдагчаар татаж Эрүүгийн хуулийн 91.1-д зааснаар шалгаж байсан юм. Мөрдөн байцаалтын явцад зүйл ангийг нь өөрчилж албан тушаалдаа хайнга хандсан гэх үндэслэлээр яллаж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан. Харин хохирогчид гомдол гаргаснаар тэдэнд холбогдох хэргийг тусгаарлаж түдгэлзүүлчихээд байгаа. Тэднээс гадна Эргүүл хамгаалалтын газрын чиглэлийн ахлах байцаагчаар ажиллаж байсан дэслэгч Л.Ганболд, Эргүүл хамгаалалтын газрын их эмч Г.Тунгалаг, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан Л.Мягмаржав, тус газрын эргүүл хариуцсан байцаагч хошууч Л.Мөнхбат, тусгай үүрэг гүйцэтгэгч Б.Мандах нарт холбогдох хэргийг ч түдгэлзүүлчихээд байгаа юм. Эрүүгийн хэрэгт холбогдсон дээрх албан тушаалтнуудын олонхи нь гадаадад сурч, өөр албанд очсон. Хурандаа нарын хэргийг нэг мөр шийдэж, зохих ялыг нь оноосны дараа дээрх цагдаагийн албан хаагчдад холбогдох хэргийг сэргээх нь тодорхой. Тэднийг хүн буудаж, хөнөөсөн гэх үндэслэлээр шалгаж, өмнө нь яллаж байсан Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл анги, эсвэл албан ажилдаа хайнга хандсан гэх үндэслэлээр ч буруутгаж мэднэ. Гэхдээ цагдаагийн алба тушаалаар ажилладаг онцлогтой.

Тиймээс цагдаа нар даргынхаа тушаалаар галт зэвсэг хэрэглэсэн гэдгийг мэдүүлчихэд л Цагдаагийн тухай хуульд зааснаар ялаас мултарчих магадлалтай. Тэр цагт харин цагдаагийн дарга нар үймээний гэх хэргээр ялаа сонсчихсон байна. Нэгэнт тушаал өгч хүн буудуулсан гэх үндэслэлээр биш, эрх мэдлээ бүрэн хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр ял сонсчихсон, магадгүй ялаа эдлээд дуусчихсан байж мэднэ. Тиймээс тушаал өгч буудуулсан хэргийн эзнийг дахин шүүх боломжгүй. Учир нь үймээний гэх хэргээр хурандаа нар тэнсэн ч бай, биеэр эдлэх ч бай ялаа сонсчихсон. Дахин энэ хэргээр тэднийг шүүх боломж хууль, эрх зүйн хувьд байхгүй. Цагдаагийн алба хаагчдад холбогдох хэргийг түдгэлзүүлж, хойш тавьсан учрыг цагдаагийн хурандаа нарт хөнгөн ял оноох, шүүж гэм буруутайг нь тогтоосон нэр зүүж өнгөрөөх гэж тайлбарлах хуульч олон байна. Хэрвээ дарга, цэргийг хамтад нь шүүж, гэм бурууг нь хэлэлцсэн бол галт зэвсэг хэрэглэн дөрвөн иргэнээ хөнөөсөн хэргийн буруутан тогтоогдох байсныг учир мэдэх хуульчид ярьж байгаа юм.

Ц.ӨРНӨХ

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих